УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчидтэй сэргээгдэх эрчим хүчний асуудлаар цахим уулзалт хийлээ
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр (2021.11.03) Дэлхийн банкны Эрчим хүчний салбарын төлөөлөлтэй цахим уулзалт хийв. Уулзалтад Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан Эрчим хүчний зохицуулагч Питер Иохансен, Эрчим хүчний ахлах мэргэжилтэн ЯнГин Сун, Эрчим хүчний зөвлөх Славена Георгиева, Дэлхийн банкны Улаанбаатар дахь Суурин төлөөлөгчийн газрын дэд бүтцийн мэргэжилтэн Д.Баттуяа болон Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Г.Энхтүвшин нар оролцсон юм. Уулзалтаар Монгол Улсад хийгдэж буй ногоон эрчим хүчний бүтээн байгуулалт, явцын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Сэргээгдэх эрчим хүчний талаар санал бодлоо солилцох боломж олдсонд таатай байна. Сүүлийн хоёр жил "Ковид-19" цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гадаад хамтын ажиллагаа суларсан. Та бүхэнтэй хамтран эхлүүлсэн төслүүдийг цааш үргэлжлүүлэх, ногоон эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Тийм учраас сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, дэд бүтцийг бий болгох чиглэлд өндөр ач холбогдол өгч байна. Тухайлбал, усны эх үүсвэрүүдийг эрчим хүчинд ашиглахад гол анхаарлаа хандуулж байна. УИХ-ын зүгээс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх бүхий л санал санаачилгыг  дэмжиж, тэргүүлэх ач холбогдол өгч ажиллах болно. Дэлхийн банкнаас ногоон эрчим хүчийг бий болгох чиглэлд гол хамтрагч байна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Дэлхийн банк Монгол Улсын эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, томоохон хөрөнгө оруулалтуудыг хийсээр ирсэн. Хамтын ажиллагааны хүрээнд манай улсад “Эрчим хүч-2” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд цахим уулзалтын үеэр ногоон эрчим хүчний чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine