Логистикоос шалтгаалан инфляц богино хугацаанд өсөх эрсдэлтэй байна

Хил гаальтай холбоотой асуудлаар өргөн хэрэглээний барааны үнэ иргэдийн халаасанд мэдэгдэхүйцээр өсөлттэй болоод байна. Импортын асуудлууд жигдэрчихвэл эргээд хэвийн байдалдаа орно гэсэн хүлээлт хаана хаанаа байгаа юм. Монголбанкнаас хэрэглээний үнийн индексийг 2021-2023 онд жилийн зургаан хувь орчимд, үүнээс нэмэх хасах хоёр нэгжээр тогтворжуулахыг зорьж байгаагаа өнгөрсөн баасан гаригт болсон Мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр дахин мэдээллээ. УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа баримт бичгийн төсөлд цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах бодлогын арга хэмжээнээс гадна тогтвортой бөгөөд хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, ногоон эдийн засаг зэрэг зорилтууд тусгагдсан байна.

Энэ дундаас инфляцтай холбоотой мэдээллийг хүргэж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд инфляц 9.6 хувь, Улаанбаатарт 9.9 хувьтай байна. Жилийн инфляц нийслэлд энэ оны 3-9 сарын хугацаанд 7.9 нэгж хувиар өсөхөд мах, хатуу түлш, шатахуун 5.6 хувийг бүрдүүлсэн байна. Нөгөө талаар дэлхийн эдийн засаг хямралын хүнд үеэс гарч байгаа нь инфляцын өсөлтөд нөлөөлөх нэг хүчин зүйл болж байгаа аж. Тухайлбал, дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ дагасанд бензиний үнийн өсөлт хаа сайгүй байна. Мөн хямралын үеэр дэлхийн хүнсний индексийн үнэ өмнө байснаас даруй 20 орчим хувиар өсчээ.

Улаанбаатар хотын жилийн инфляцад голлон нөлөөлсөн бараа бүтээгдэхүүний хувьд, өнгөрсөн есүгээр сард махны үнэ 16 хувиар өссөн нь жилийн инфляц 1.8 хувиар өсөхөд нөлөөлсөн. Мөн шатахууны үнэ өнгөрсөн сард 38.8 хувиарч өсч, жилийн инфляцад эзлэх хувь 1.7 болж өсөж байв.

Тэгвэл ойрын хугацааны инфляцын өсөлтөд тээвэр, логистикийн түгжрэл, тээврийн зардлын өсөлт хамгийн их нөлөөлж байгаа нь нийлүүлэлтийн гаралтай богино хугацааны инфляцын өсөлт болоод байна. Цар тахлын улмаас үйлдвэрлэл болон эрэлтийн тэнцвэргүй байдал олон улсад хэдийнэ үүссэнээс гадна далайн тээврийг орлох өөр хямд өртөгтэй тээврийн хувилбар байхгүйгээс манай улс тээврийн зардлын өсөлттэй нүүр тулахаас аргагүйд хүрээд байна. Эрээний боомт, чингэлгийн тээвэрлэлт зэрэг худалдааны салбар, олон улсын тээврийн хүндрэлтэй асуудал үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Тиймээс цаашид ч энэхүү нийлүүлэлтээс шалтгаалсан инфляцын хэмжээ богино хугацаанд өсөх эрсдэлтэй байна.

Гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа. Түүнчлэн коронавирусын мутацид орсон вирусын давалгаа улс орнуудад дэгдэх нь гадаад, дотоод эрэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Манай хилийн бүс дэх хязгаарлалт, дэлхий нийтийн тээврийн ачаалал зэрэг гээд хэвийн горимд орох хугацаа дэлхий нийтэд тодорхойгүй байгаа олон шалтгаан байгааг хэлж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Төгс
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.