Ц.Элбэгдорж “Монголын ардчилалд шилжсэн зам, түүний сургамж” сэдэвт лекц

Эрхэмсэг ноёд оо,

Хатагтай, ноёд оо,                                

Энд, Төв Европын Их сургууль дээр та бүхэнтэй энэ үдшийг өнгөрөөж байгаадаа баяртай байна. Энэ их сургууль нь 1991 онд анх байгуулагдсан цагаасаа хойш энэ бүс нутгийн ардчилалд шилжсэн шилжилтийн гэрч болсоор иржээ. Энэ сургууль нь нээлттэй нийгмийн үнэт зүйлсийг эхнээс нь хадгалсаар ирсэн баялаг эх уурхай  мөн болно.

Үүнтэй холбогдуулаад, миний бие дэлхий дахинаа нээлттэй нийгмийн үнэт зүйлсийг хөхиүлэн дэмжих үйлсийг манлайлж, боловсрол, нийгмийн сайн сайхны төлөө онцгой хувь нэмэр оруулсанд нь бидний сайн анд Жорж Сорост баярлан талархаж байгаагаа илэрхийлж байна.

Хүндэт зочны энэхүү цуврал лекц нь ардчиллын жинхэнэ мөн чанарын тухай чөлөөтэй маргаж, шүүн хэлэлцэж, шинэ соргог санаа солилцохыг өгдөөх зорилготой юм.  Ардчиллын тухай ойлголт, түүний хувьсалын тухай яриа эдүгээ дэлхий дахинаа тун ч цагаа олсон халуухан сэдэв болоод байгаа билээ. Учир иймд хүндэт зочдын цуврал лекц зохион байгуулах санаачилга гаргасанд нь энэ Их сургууль, сургуулийн Ерөнхийлөгч Жон Шаттакад баярлаж байна.

Миний бие эх орноо, эх орныхоо түүхийг танилцуулахаас лекцээ эхлэе гэж бодож байна.

Монгол бол эртний арвин өвтэй, ижилгүй сайхан соёлтой, хосгүй гоёмсог байгалтай  орон билээ. Энэ нутагт эрх чөлөөт, эрэлхэг зоригт, энхийг эрхэмлэгч, эрэмгий зүтгэлт ард зон аж төрөн суудаг юм аа. Бид өвгөд дээдсээсээ аугаа сургамж, төрийг барих мартагдашгүй уламжлалыг залгамжлан авахын ялдар угсаатныхаа түүхийг баяжуулж, хойч үеийнхэндээ сайн сайхан ирээдүйг зэхэж өгсөөр байна.

Манай төрт ёсыг урагш улбируулан үзвээс хоёр мянга хоёр зуун жил гаруйн өмнөөс, Хүн эзэнт гүрнээс эх үндэстэй билээ. Монголчууд хүн нарын хууль ёс, хүч чадлаас сэдлэг авч хүмүүн төрөлхтний түүхнээ асар том эзэнт гүрнийг байгуулсан юм.

Их Монгол улсаа байгуулаад монголчууд дуун хөрвүүлбээс “Greet Order” гэж хэлж болох “Их засаг” нэрт бичмэл хуулийг боловсруулан мөрдөж байвай. Тэгэхэд монголчууд  одоогийнхтой л адилаар, чөлөөт худалдааг эрхлэж, нээлттэй алтан аргамжааны бодлогыг явуулж байсан юм. Эзэн гүрнээ Ази, Европ, Ойрхи Дорнодын хол ойрын ард түмэн голдуу харъяалагдаж байсан юм. Энэ бол монголчуудын дэлхийд шинэ журам тогтоож, үүгээрээ шударга ёс, энх амгаланг үүсгэж, өөр бусад улс, ард түмэн лүгээ тогтоосон харилцаандаа нэгсэн ажиллахыг чармайж асан тийм эрин үе мөн. Монгол орон цэцэглэн мандахдаа мандаж, бууран доройтохдоо доройтож, захиран жолоодохдоо жолоодож, захирагдах үедээ захирагдаж явсаар хорьдугаар зуунтай золгосон юм. Өнөөгийн Монгол эрх чөлөө, үнэн тусгаар тогтнолоо 20-р зууны үүрээр эргүүлэн олж авсан билээ. Тэр үед дэлхий даяар цагийн байдал ороо бусгаа байж, 20-р зууны эхээр Монгол коммузмын хүлгэнд орж, далан жил түүнд баригдсан юм.

Эрхэм нөхөд өө,

Хорин таван жилийн өмнө Монгол эрх чөлөөгөө олж авах уу, эсвэл чулуун хэрэмний ард цоожтой хэвээрээ байх уу гэсэн салаа замын уулзвар дээр хөл гишигсээн. Ийнхүү монголчууд эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийн төлөө, хувь хүнийг өөрийн эрхээр байлгахын  төлөө хотлын тэмцэлд нэгдэн орсон билээ. Тэгээд ч бид дийлсээн. Тайван хувьсгалыг хэрэгжүүлсэн маань гайхамшиг байсан юм. Газар зүйн хувьд Монгол улс чөлөөт ертөнцөөс алслагдмал, бас Зөвлөлт Холбоот Улс задраагүй байсан үе. Манай хувьсгалаар ганц ч цонх хагараагүй, ганц ч дусал цус дусаагүй юм.

Миний тодломоор байгаа хоёрдох зүйл гэвэл, та бүхэн мэдэж байгаа,  улс төр, эдийн засгийн нэгэн зэрэг шинэтгэл нь Азийн оронд таарахгүй  гэж олон хүн одоо ч гэсэн итгэсээр байдаг. Гэхдээ энэ бол үлгэрийн далай байвай. Бид 1990 оноос манай улс төр,  эдийн засаг, нийгмийн тогтолцоог нэгэн зэрэг шинэчилснээр хуучин хэвшмэл ойлголтыг халсан билээ.

Өөр нэг тэмдэглэх зүйл гэвэл бид ардчиллыг хаанаас ч хүчээр оруулж ирээгүй, эд бараа шиг хаанаа ч импортлоогүй юм. Бид энэ хувьсгалыг хийхдээ бүх нас, бүхий л ажил мэргэжлийн хүмүүс нэгдэж, дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байж, өвлийн жавар, хаврын хавсраганаас халираагүй, эрхтэн дархтаны дайрч доромжлох, мөрдөж хавчихаас хулчийгаагүй билээ. Нэгэнт хүмүүс өөрийн хүчийг мэдрээд ирэхээр дангаар ноёрхож байсан засаг эрх чөлөөг эрмэлзсэн ард түмний өөдөөс сөрж чадаагүй юм.

Олон зууны туршид ард түмэн эрх чөлөөг хүсэн мөрөөдсөөр ирсэн билээ. Эрх чөлөөгөө олсноор манай ард түмэн хувь заяаныхаа эзэн болсон юм. “Өрөөлийн эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов” гэж монголчууд цэцэлдэг билээ. Ард түмэн билиг танхай байдгийг та бүхэн харж байгаа байх аа. Төр барихын тулд бид ард түмнийхээ хүсэл тэмүүлэл, үүх түүх, соёл урлагийг мэддэг байх нь зүйн хэрэг.  Төрийн эрх барьж байгаа хүмүүс өөрсдийн удирдаж буй иргэдийг үл ойшоож болно гэж бодож байгаа бол асар том алдаа хийж байгаа нь тэр. Үүнийг 1990 онд ард түмнүүд дэлхий даяар тод ухааруулсан юм. Монголд ч энэ нь үнэн болсон бөлгөө.

Ардчилал гэдэг нь шууд утгаараа ард түмний хүч гэсэн үг юм. Ардчилал гэдэг нь улстөрийн бодлогыг хэлээгүй, ард түмний тухай, ард түмнийг хэлж байгаа юм. 1990 оны зургадугаар сард анх удаагаа монголчууд энэ бүс нутагтаа чөлөөт, ардчилсан сонгуулийг бүрэн дүүрэн явуулсан билээ. Ардчиллах гуравдахь давалгаанаар улс орны олонхи нь гагцхүү депутатынхаа тоог л өөрчилсөн нь үнэн юм. Бид бол олон намын, улстөрийн олон талт тогтолцоог бий болгов. Базаж хэлвээс Монгол нь энэ дэлхийн өөрийн хэсэгт тодын тод ардчилал бүхий улс болсон билээ.

Төвлөрсөн төлөвлөгөө ч, дангаар ноёрхох захиргаа ч, цэргийн дэглэм ч чөлөөт хүн юу бүтээж чадахыг харуулж бараагүй. Монголд ч үүнийг бид үзэж өнгөрсөөн. Монгол эрчимтэй зах зээлийн эдийн засагтай боллоо. Хорин жилийн өмнө хувийн сектор дотоодын нийт бүтээгдэхүүний 5% -аас доош хувийг л арайхийн үйлдвэрлэж байсан бол одоо манай дотоодын нийт бүтээгдэхүүний 80-аас дээш хувийг үйлдвэрлэдэг эдийн засгийн тэргүүлэх хүч болоод байна. Түүнээс гадна Монгол дэлхийд маш хурдацтай өсөж байгаа эдийн засгийн нэг болж байна. Төр барих ухааны үүднээс хэлэх юм бол Монгол том дэвшилд хүрч, бүс нутагтаа нээлттэй, маш либерал засаглалыг тогтоосон юм.

Эрхэм нөхөд өө,    

Ардчиллын хүчтэйд би итгэдэг юм. Ардчиллын хүч нь түүхийн аугаа хүч мөн.  Энэ хүч нэгэнт эрчээ авсан болохоор эцсийн дүндээ энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүргэх болно. Бүтээлч үзэл санаа эрх чөлөөг олсноор ирдэг юм. Та нэгэнт эрх чөлөөтэй болсон бол  ажил үйлээ сайтар бодож хийдэг болно. Ард түмнийхээ бүтээх үйлс, билиг ухаан, тэдний эрхийг хүндэтгээгүйгээсээ болж олон дэглэм унаж байлаа. Хүн зон нь хүлээсэнд баригдаж, айж бэргэж, амаа таглуулсан байгаа тийм үндэстэн байна. Нэгэн сайхан өдөр эрх чөлөөний тэргүүлэгч нар шорон гяндан, цөллөгөөс гарч ирэх болно гэдэгт би итгэдэг. Дэлхийн зон олон эдгээр хавчигдан гадуурхагдаж буй хүмүүстэй хамт тэдний эрх чөлөөгөө олох өдрийг хүртэл байх болно.

Хэлмэгдүүлэх, гажуудуулах стратеги цаашдаа үйлчлэхгүй ээ. Нийгмийг ардчиллаар өөрчлөх гэсэн хүмүүсийн зүгээс үзүүлэх шахалт хэзээ ч сулрахгүй. Технологийн дэвшил хүмүүнийг улар бүр ойртуулж, нягт холбох болсон нь дэлхийг уужимсгаж буй бол салгаж тусгаарлахын хана хэрэм дэлхийг уйтан болгож байна. Миний мэдэхээр, Тэнгэр хүмүүн бүрийн зүрхэнд эрх дураараа аж төрөх хүслийн үрийг тарьж байдаг бөлгөө. Энэ хүсэл эрмэлзэл дарангуйллын эрхээр нурлаа ч дахин сэргэдэг юм. Дарангуйлагчид өдөөсөн аллага хядлага, үүсгэсэн хэрүүл маргаанаа өөрсдийн хэтийн хараат бодлого мэтээр зөвтгөж байна. Гэвч тэд энэ дэлхийн голч шударгуу хүн ардаас зай барьж, холдон хөндийрч байгаа юм. Эрх чөлөөт  эмэгтэй эрэгтэй хүмүүс өөрсдийг нь ялан дийлэх хүртэл сул дорой байна гэж тэд мэтгэж байна.

Ардчилал төгс бус гэдгийг, ардчилал нь үл гүйцэлдэх үзэлд хөтлөх чиг ч биш гэдгийг бид бүгд ойлгодог. Гэхдээ энэ нь хотлоор амжилтад хүрэх, хүний нэр төр, сүр жавхааг илтгэх цорын ганц зам даруй мөн. Ардчилал нь төр барих төлөөллийн хэлбэрийн хувьд аль ч ард түмний дотор соёл, уламжлалыг нь тусгах болно. Эдгээр нь яг адилхан байна гэж байхгүй, тийм байх ч учир үгүй. Гэхдээ аль ч төлөвшсөн нийгэмд ижил хандлага ажиглагддаг. Ардчилал  нь төрийн эрх мэдлийг хязгаарлаж байдаг, төрийг чих зөөлөн уриалгахан байх, ард түмний  байгууллагуудаар залуулах зүгт хандуулдаг юм. Ардчилсан нийгэмд хуулийг завхруулалгүй, шударга ёсоор эрх чөлөөг хамгаалдаг. Ардчилсан нийгэмд иргэний эрүүл байгууллагууд, чөлөөт хэвлэл мэдээлэл, шударга шүүх засаглалыг дэмждэг. Ардчилсан нийгэм авилгатай тэмцэж, хүний эд баялагт хөрөнгө оруулж, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хүлээн зөвшөөрч, сахин хамгаалдаг. Ардчилсан нийгэмд ард түмнийхээ итгэл найдварыг дээдлэдэг юм.

Бид бусдын итгэл найдвар, эрх чөлөөний төлөө зогсвоос өөрсдийнхөө эрх чөлөөг улам бататгаж болно гэдэгт би итгэдэг. Тийм ч учраас бид бусад улс оронтой туршлага, сургамжаа хуваалцах сан бүрдүүлж, цаг, хүчээ үүндээ зориулж байгаа билээ. Цөөн боловч хэдэн тохиолыг  нэрлэхэд, Хиргисстантай бид үр нөлөөтэй парламентын ардчиллыг бий болгож, эрх зүйн шинэтгэл хэрэгжүүлэхэд эзэмшсэн туршлагаа хуваалцаж, Афганистантай бид дипломат ажилтнууд хийгээд төрийн албаныхныг бэлтгэх сургалт явуулж, Мианмарын хувьд хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч, иргэний нийгэмлэгийн гишүүдийг нь зочлуулж, Хойт Солонгостой бол эдийн засаг хийгээд аюулгүй байдлын асуудлаар яриа хэлцэл хийж байна. Нэгэн цагт монголчууд бид энэ дэлхийн гадаргуу дээр томоос том, уртаас урт хэрэм барихад хүргэж байсан. Саявтархан бид дэлхийгээс биднийг тусгаарлан хөндөлссөн харанхуй хэрмийг цоо татсан юм. Өдгөө бид манай эрх чөлөөг эрмэлзэгч эгч, ах нарын замд хөндөлсөн байгаа бусад хана хэрмийг эвдэхэд туслахыг туйлаас хүсч байна. Манай хүн амын тоо цөөвтөр, миний орны эдийн засаг чинээ багавтар байж болох. Гэвч Дорно дахинд ардчилалын гэрэлт бамбар болж байгаагийн хувьд манай туршлага дэлхийд гэгээн тунгалаг гэрлийг тусгаж байгаа юм аа. Пёньяанд Ким Ил Суны Их сургуульд дүнсгэрдүүхэн сонсогчдод “Дарангуйлал мөнх бус” гэсэн лекц уншиж байхдаа би түүнийг мэдэрсэн билээ.

Монголчууд бид яагаад ардчиллыг сонгосон юм бэ? Яагаад гэвэл ардчилал нь хүмүүнийх нь хувьд бодьгал бүрийн цог золбоо, үнэ цэнэ дээр суурилдаг билээ. Яагаад гэвэл ардчилсан нийгэм нь гишүүн нэг бүрийг төгс хөгжүүлэхийг зорьдог билээ. Яагаад гэвэл хүн бүгд өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө таних бүрэн боломж, өлзий учралыг олдог билээ. Нийгэмд хэнийг ч хийдэг ажил, дууддаг нэрээр нь ялгаварлалгүйгээр хүндэлдэг, хувь нэмрийг нь хичнээн өчүүхэн ч байсан  хөхиүлэн таашаадаг билээ. Бид ардчиллыг сонгосон учир энэ юм.

Монголчууд бид яагаад эрх чөлөөг эрхэмлэдэг вэ? Яагаад гэвэл бид их хүчир замаар түүнийг олж авсан юм. Яагаад гэвэл эрх чөлөө гэдэг бидний өмч, төрснөөсөө аваад эдлэх ёстой бидний эрх гэдгийг бид мэдсэн юм. Яагаад гэвэл эрх чөлөө нь төрийн жолоог атгалцах мэдлийг онцгой хүн буюу бөлөг хүний гарт бус, харин ард түмэнд олгодог юм. Ардчилсан улсад засгийн эрх тусгай хүн буюу гэр бүлийн өмч байдаггүйг ард түмэн мэддэг юм.

Ардчилал нь бүтцийн энгийн нэг асуудал бус, оюун сэтгэлгээний хирц, идэвх зүтгэлийн төлөв даруй мөн. Та ганцхан өдөрт ардчилсан болчихгүй, бас өөр нэг өдөр нь ардчилсан бус ч болчихгүй. Энэ бол оюун сэтгэлгээний хирц, аж төрөх арга ухаан, үйл ажиллагааны голт зүрх нь мөн. Хүн ард хэзээ ч ийм боловсролтой, ийм бие даасан, ийм гялалзуур шалмаг, ийм урам зоригтой, ийм бүтээлч туурвилч байсангүй. Тэнгэр хүнийг баян юм уу ядуу, тэнхээтэй юм уу бядуу болгож үл чадахыг хүмүүс мэдэж байна. Тэнгэр гагцхүү хүмүүсийг эр эм болгон заяадаг. Тэнгэр хүн ардад эрхийг нь, бас өөрсдийг нь эзэмшиг гэж засгийг нь өгдөг юм. Үүний учир гэвэл иргэний үйлчин бид эзлэн буй байр, гүйцэтгэн буй үүргээс шалтгаалалгүйгээр биднийг цэнэлээд, цалин харамжийг маань төлж байгаа хүмүүсийнхээ эрх ашгийн төлөө зүтгэх ёстой.

Унгар анд нөхөд минь ээ,

Бид ардчиллыг бүрэн баталгаажсан гэж хэзээ ч үзэхгүй. Ардчилал нь тодорч, хөгжиж болно, бас тэгэхдээ өгөрч өмхөрч болно. Бид ардчилсан зарчмыг хамгаалж, сөрөх хүчин болон цөөнхөд хүлээцтэй ханддагаа харуулж, хуулийн засаглалыг хүндэтгэж байна. Үндсэн хууль бол ардчиллын нандин баримт бичиг мөнөөс мөн. Өнөөдөр олонхи болж байгаа аль ч нам, манлайлах хүн нь тэрхүү олонхийг хэрэглэхдээ тун няхуур болгоомжтой байх нь зүйтэй. Үндсэн хуулийн засаглалд тэд өөрчлөлтийг дангаараа хэрэгжүүлэх гэвээс түүнийг намын эрх ашгийг хамгаалах оролдого гэж үзэхээс өөр аргагүй юм.                

Бид Монголд хэдэн жилийн өмнө алдаа гаргасан маань “дордуулсан долоон өөрчлөлт” гэсэн муу нэрийг олсон билээ. Өнөөдрийг хүртэл бид манай үндсэн хуулийн жинхэнэ зарчмыг эргүүлэн тогтоох гэж үзэж тарсаар байна. Сургамж нь гэвэл бид бүгдээрээ ардчилсан өрсөлдөөний талбарт шударга, булхайгүй тоглох учиртай болсон юм. Бүх засгийн газар албадлагаар бус, зөвшөөрөлцснөөр эрх мэдлийг хэрэгжүүлэх ёстой.

Ардчиллын төлөө тэмцэгчийн хувьд өөрийн хорин таван жилийн туршлагаас үзвэл ардчилал гүйцэд ялна гэж огт байхгүй юм байна. Энэ нь хэзээд үе үеийнхний тэмцэл байдаг юм байна, та бүхэн цаг цагийн урсгалд бодлогыг залган залгасаар байх юм байна. Энэ нь бидэнд юуг сануулж байна вэ гэвэл бид гэрийнхээ даалгаварыг хийж, мөрөндөө ачаагаа үүрч байх ёстой, өөрсдийнхөө цагт хийх юмаа хийх ёстой гэдгийг сануулж байна. Гэхдээ алдааг үл эрж, үл хийж, өөрсдийнхээ үнэт зүйлсийг гартаа бат атгаж, нийтлэг амжилтаасаа эргэж хургахгүй байвал зохистой. Бид муугаас сайн руу, сайнаас бүр шилдэг сайн руу гээд өөдөө явах учиртай. Аливаа эрх мэдэл гэдэг хязгаартай боловч бид  хүмүүн төрөлхийтний хамтын сайн үйлсэд хувь нэмрээ хандивлах учиртайг бид мэднэ. Бид чигч хууль, хүчтэй институци, сайхан соёлыг ардаа үлдээх ёстой.

Улстөрийн эрх мэдлийг жигд бусаар хуваарилахаас зайлсхийх үүднээс ардчиллыг няхуур, тэнцүүртэй хуульчлахгүй бол удирдлагын нэг салаа нь эрх мэдлийг базаж аваад ардчилалд хор хүргэж мэдэх юм. Ийм нөхцөл байдлаас зайлахын тулд  төрийн бүх төвшинд бид эрх баригчдын үзэмжээрээ, бараг дур мэдэн шийддэг явдлыг хаах оновчтой институцийг бий болгох гэж оролдож байна. Энэ нь бид хариуцлагын тогтолцоог дээр дооргүй бий болгох гэж чармайж байна гэсэн үг юм. Бид хариуцлагын босоо болон хэвтээ тогтолцоог бий болгохоор ажиллаж байна.

Хэдэн жишээ дурдъя.

Нэгдүгээрт, үнэхээрийн ардчилсан сонгууль нь босоо хариуцлагийн хамгийн чухал институц мөн. Монголд сонгууль луйварын уурхай байсан цаг үе бий. Саналыг авсан нь бус тоолсон нь ялдаг тийм тогтолцоо байлаа. Цахим тооцоолуур, машин нь мэхлэж чадахгүй, харин хүн мэхлэж чаддаг. Иймд бид бүртгэлийн биометрийн тогтолцоо болоод санал тоолох электрон машиныг авч хэрэглэн, бүс нутагтаа үүнийг хэрэгжүүлсэн хоёрдох орон болсон билээ. Тооллогын дүн тун ойрхон гарсан  ч сонгуульд ялагчийг өрсөлдөгчид нь эсэргүүцэх, балмагдах юмгүйгээр хүлээн зөвшөөрч байна. Сүүлийн гурван сонгуульд бид тийм тогтолцоог хэрэглэлээ. Хүн ард одоо сонгуулийн байранд ирэхдээ өөрсдийнх нь саналыг тоолно, өөрийнх нь оролцоо эцсийн үр дүнд нөлөөлнө гэдгийг бүрэн мэддэг болжээ.

Хоёрдугаарт, Монголд иргэний танхим огт байгаагүй үе тун саяхан. 2009 онд миний бие Ерөнхийлөгчийн албыг авсан өдрөө төрийн ордон дахь ажлын өрөөгөө Иргэний танхим болгохоос ажлынхаа анхны гараагаа эхлүүлж билээ. Үүнээс хойш засаг захиргааны бүхий л нэгж, бүх хот, суурин газар тийм танхимтай болсон байна. Энд төслийн байдалтай байгаа шийдвэр нэг бүрийг иргэдээр хэлэлцүүлж байна. Энэ нь бүхий л төвшинд манай шийдвэр гаргах тогтолцооноо нэгэнт тогтсон уламжлал болжээ.   

Иргэд эрхтэй болсон ч тэр нь санхүүгийн хөшүүрэггүй бол хуурмаг хоосон зүйл болно. Иймд бид Орон нутгийг хөгжүүлэх сан байгуулсан, чингэхдээ тодорхой томъёоллыг үндэс болгож, ерөнхийдөө хүн амын тоог харгалзан байгуулсан бөгөөд хүн зон өөрийн хүссэн зүйлд зориулан мөнгийг тэндээс авч байна. Хүн ард хамтран гаргасан дотоод журмынхаа дагуу тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хөрөнгө мөнгийг хуваарилж, гүйцэтгэлд нь хяналт тавьж байна. Хамгийн алсын хараатай удирдагч ч олон түмний өмнө өдөр тутам тулгарч байгаа асуудлыг бүрэн гүйцэд харж чадахгүй юм. Энэ нь хүмүүс нэгэн халуун амь болж, өдөр болгон өөрсдөд нь ямар сорилт тулгарч байгаад ямар шийдэл олохоо мэддэг болж байна гэсэн үг мөн. Манай энэ туршлага үзэл санаа, агуулга, хэлбэрээрээ  Швейцарийн шууд ардчилалтай адил юм.

Үүгээр бид зогсохгүй ээ. Ихэнх ардчилсан оронд ард түмэн улстөрчдийн уран үгнээс  залхаж гүйцээд дотор нь муухайрах болж байна. Ард олон улстөрчдийн юу ярьж байгааг сонирхохоосоо илүүтэйгээр арайхийж олсон мөнгөнөөс нь авсан татварыг хэрхэн зарцуулж байна вэ гэдгийг л үнэхээр сонирхож байна. Учир иймд бид “шилэн дансны тогтолцоо” буюу Төсвийн ил тод байдлын тухай хуультай боллоо. Бид мөнгийг юу юунд зарцуулснаа олон нийтэд мэдээлж байхыг манай албан тушаалтнуудаас шаардаж байна. Хуулиар бол тэд хаана ажилладгаасаа хамааралгүйгээр зардлаа, зарцуулсан мөнгөнийхөө дүнг 72 цагийн дотор  интернетээр буюу олон нийтийн газарт бол бичгээр мэдээлж  байх учиртай. Тэд ингэж мэдээлэхгүй байвал хашиж байсан албан тушаалаас огцрох хүртэл шийтгэл хүлээх болно.

Эх орон нэгт иргэдийнхээ чөлөөт сонголтоор үндэстэндээ зүтгэнэ гэдэг магнай тэнийм баяртай хэрэг мөн. Монголд бид сүүдэртэй талаа хэзээ ч нуудаггүй юм. Чигч, нээлттэй, чөлөөт хэвлэл байгаа бол нууж хаах газар үгүй, бохир муухайг хийх газар үгүй ээ. Та үнэхээрийн голч шударга бол түнэр харанхуйн дотор ч голч чигч хэвээрээ л байх болно. Энэ судалгааны хүрээлэнг үндэслэсэн ноён Сорос хэлэхдээ: “Буруу ойлгоно гэдэг нь хүнд байдаг л зүйл, буруудахаас ичих юмгүй, гагцхүү алдаагаа залруулахгүй байхаас л ичих хэрэгтэй гэдгийг бид нэгэнт ойлгожээ” гэсэн билээ.

Эрх чөлөөний сайхан нь суралцах  үйл явцад л оршино гэж би боддог. Бид алдаж болох боловч дарангуйлалд байсан шиг алдааныхаа төлөөсөнд амьдралаа алдхааргүй болсон. Монголд хэвлэл мэдээллийн ямар ч хэрэгслийг хянаж цагддаггүй болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг засгийн газар өмчлөх, засаг төрөөс эдгээрийг алив хэлбэрээр хянахыг хуулиар хориглосон юм. Монгол нэг хүнд ногдох нийтийн болон чөлөөт хэвлэл мэдээлэл, нийгмийн хэвлэл мэдээллийг хэрэглэгчдийн тоогоор дэлхийд толгой цохьдог орнуудын дотор багтаж байна.

Би ор үндэсгүй байсан ч шүүмжлүүлэх дуртай. Өөрсдийнхөө төлөөлөгчид болоод төрийн албан хаагчдын үйл ажиллагааг ард олон сэжиглэх эрхтэй. Улстөрийнхөө амьдралд миний бие өрсөлдөгч нартаа, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд аль овоо балбуулсныг тэр гэх вэ. Гэвч би доромжилж, дайрч давшилж, гомдол тавьсан тухайтад цагдаа, шүүхэд зарга мэдүүлж байсан удаа даан ч байхгүй. Би энэ зарчмаа хойшид ч баримтласаар байх болно. Учир нь зоригтойгоор үгээ хэлж байгаа хүмүүсийг бид айлган сүрдүүлэн, зүрхийг нь үхүүлж огт болохгүй. Эрх чөлөөний амин сүнс нь үүнд, хүн ардын бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд чухамхүү оршиж байгаа юм аа. Бид үүнийг хамгаалах ёстой.

Би Будапештийг зорин гарахынхаа өмнө  Олон нийтийн сонсголын  тухай хууль, Олон нийтийн оролцооны тухай хууль, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтны хариуцлагийн тухай, Тусгай зөвшөөрлийн тухай, Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хууль болон Авилгалын эсрэг үндэсний хөтөлбөр зэрэг хууль, баримт бичгүүдийн төсөл дээр ажиллалаа. Энэ бүх хуулийн төслийг сонирхож буй намууд, шинжээчид, иргэдээр хэлэлцүүлсэн юм. Эдгээр нь манай оронд ардчилсан институцийн чанар чансааг төгөлдөржүүлэхээр бидний өргөн барьж байгаа хуулиудын өчүүхэн хэсэг нь юм. Эдгээр нь төрийн агентлагууд, салбарууд, албан тушаалтнуудын хэвтээ хариуцлагыг бэхжүүлэхэд тустай. Улстөрчид нийгмийн болон эдийн засгийн амлалтаа хэрхэн хэрэгжүүлж байгаа нь бус,  харин эрх мэдлийг  урвуулахтай хэрхэн тэмцэж байгаа нь л аливаа албан тушаалтныг шалгах бодит шалгуур мөн.

Нөхөд өө,

Ардчилал бол хэрэгжүүлэхэд бэрхтэй тогтолцоо мөн. Ардчиллыг судлах салбарт өдгөө урьдаа барьдаг эрдэмтэн нэгэнт болсон  Ларри Даймондын хийсэн судалгаагаар бол дэлхийд тогтсон бүх ардчиллын гуравны нэг нь 1974 оноос хойш сүйрч, хөгжиж байгаа орнуудын дотор уг хувь 40-д дөхөж очжээ. Энэ судалгаанаас үзвэл муу засгийн газар ардчилал унахын гол шалтгаан болж байсан байна. Монголд ард олон шүүмжлэхдээ ”Манай орон мөнгө дутмагаас ядуу байна гэдэг, гэтэл шударга ёс дутмагаас ядуу байгаа юм. Өглөө бүр би ажилдаа очихдоо энэ тухай бодож ирдэг.

Албан тушаалтнуудын гэмт үйлдэлтэй тэмцэхэд үндэсний удирдагчдын үүрэг маш чухал. Үндэстэн даяараа хүчээ дайчилсаны ачаар Монголын авилгын индекс сүүлийн гурван жилд он тус бүрт хоёр оронтой тоогоор буурч иржээ. Авилга гэдэг эрх мэдэл, өмч хөрөнгөтэй холбоо бүхий ноцтой гэмт хэрэг мөн. Эрх дарх, хөрөнгө мөнгө, холбоо сүлбээгээ ашиглан эл гэмт хэргийг үйлдэгсэд шүүхийн хараанаас мултрахын тулд олон нийтийн санаа бодлыг эргүүлэх гэж оролдож байна.

Бид авилгалтай тууштай тэмцэх ёстой. Авилгал нь хөгжлийн жинхэнэ дайсан мөн. Авилгал нь хүн ардын бэрх ажлын үр шимийг залгидаг. Энэ нь шударга ёсны, голч, бат тогтвортой нийгмийн суурийг нураадаг. Авилгал нь засаг төрийг үр өгөөжгүй, үр нөлөөгүй, чадваргүй болгодог. Авилгал нь инстиутц, үнэт зүйлс, соёл, улс түмнийг сүйтгэх чадалтай харгис хүч мөн. Энэ хорыг арилгахын тулд бүхэл нийгмээрээ тэмцэх ёстой. Эцсийн бүлэгт ард түмэн муу төр засгийн болоод авилгалд идэгсэдийн хийсний бүхий л төлөөсийг эдлэн  шаналдаг. Авилгалд хийгээд эрх дархыг урвуулан ашиглах явдалд эвлэршгүй ханддаг манай ард түмэн бидний найдлага мөн.

Шүүхийн тогтолцоог шинэтгэхийг зоригтойгоор шаардаж байгаа эх орон нэгтнүүддээ би баярладаг. Бид нийгэмтэйгээ нэгдэлтэй байж, “Вышинскийн” шүүхийн тогтолцоог халж, ард түмний шүүхийг тогтоохын төлөө  шүүхийн бүх талын шинэтгэлийг хийж эхлээд байна. Бид энэ зорилгыг биелүүлэх үүднээс 20 гаруй хуулийг санаачилсан. Эдгээрийн хагасыг нь бид батлааад, мөрдүүлж байна. Чингээд бид энэ зорилгын тухайтад бэрхийн бэрх саадыг даван туулаад байна. Хууль ёсны шударга шүүхэд ард түмний итгэх итгэл сэргэж байна. Бүх шатны шүүхийн шийдвэрийг одоо нийтлэж, интернет, сонинд тавьж байна. Шүүгчдийн цалингийн дундаж нь Монголын дундаж цалингаас гурав дахин дээгүүр байна. Шүүгч нар засаг захиргааны дарамтаас салж, одоо мэргэжлийн ажлаа дагнан хийж байна. Бид хууль эрх зүйн тогтолцооны бусад салбарт ч ийм шинэчлэлийг явуулж байна.

Улстөрийн хувьд төвийг барьсан төр засаг чанарыг голлодог ардчилалд шаардлагатайг бид мэднэ. Сүүлийн хэдэн жилд бидэнд нүүрлэсэн нэг хэцүү бэрхшээл бол хүмүүсийн ухамсрыг өөрчлөх явдал байлаа. Тогтолцоог өөрчлөхөөс сэтгэлгээг өөрчлөх нь илүү төвөгтэй байв. Манайхны хувьд манай нийтийн албыг “төрийн алба” гэж нэрлэж заншсан байсан юм. Энэ нь нам дагасан, ашиг хонжоо хайсан, сонгуулийн дүнгээс илт  хамаарсан алба байсан бөгөөд энэ нь эрх мэдэлтэнгүүдийн үйлчлүүлэгч маягаар ихэвчлэн ажиллаж байлаа. Ухаан хурц, авъяас төгөлдөр хүмүүс нийтийн албанд ирэхгүй байна.  Чадварт түшиглэсэн, ёс зүйтэй, өндөр мэргэжлийн иргэний алба ус агаар мэт хэрэгтэй байлаа. Үүнийг бий болгохын тулд төрийн алба, улстөрийн нам, улстөрийн санхүүжилтэд тогтсон муу зуршлыг өөрчлөхөөр ажиллаж байна.

Эрүүл нийгмийг байгуулахын тулд бид нийгмийг өдөр бүр цэгц журамтай байлгах ёстой. Эрх мэдэл авилгалд автуулдаг гэдэг үнэн бөлгөө. Сонгогчдийн итгэл, сонгогдогсодын үйл ажиллагаа харамсалтай нь  эсрэг тэсрэг байх нь олонтаа.  Санал авах чадал нь түрийвчний зузаанаар хэмжигдэж байна. Зарим хууль тогтоогч хуулийг завхруулагч болон хувирч байна. Энэ арчаагүй байдал хүн ардын ардчилалд итгэх жинхэнэ итгэлд ихээхэн гай тарьж байна. Сонгуулийн дараахь шөнө иргэддээ баярлаж талархаж байсанаа бид албан үүргээ гүйцэтгэх өдөр бүртээ санаж явах ёстой.

Манай улсад улстөр өөрөө ноцтой асуудал болоод байгаа билээ. Засгийн газар томорч байна. Та бүхэн хар даа, энд  хоёр гар утас байна. Энийг нь бид анх гар утас гарахад ашиглаж байсан. Харин үүнийг нь бид өнөөдөр хэрэглэж байгаа жирийн утас. Ялгааг нь та бүхэн харж байна уу? Үйлдэл нь нэмэгдэхийн хэрээр утас улам авсаархан, ухаалаг, хэрэглэхэд улам эвтэйхэн болсон байна. Харин, ажил үүрэг нь нэмэгдэхээр засгийн газар данхгар, хөшүүн, хөндий болж байна.

Миний бие энэ аюулыг арилгах стратеги болгож Ухаалаг төрийн тухай  санаачлагыг дэвшүүлсэн билээ. Хүн ардын хэрэгцээг хангах, нийгэмд илүү сайнаар зүтгэхийн тулд өнөөдөр бид технологийн дэвшлийг ашиглах шаардлагатай байна. Бид засаг захиргаагаа ухаалаг, энгийн, осолдохооргүй, нисэх онгоцны хянах самбар, үйлчилгээтэй адилдуу болгох хэрэгтэй байна. Гэхдээ бодит байдалд бол манай нисэх онгоцны хянах самбар  зохих ёсоор ажиллахгүй, үйлчилгээ нь зохих төвшинд хүрэхгүй байна. Та бүхэн ийм онгоцонд сууж байна гээд дүрслэн бодоод үз л дээ.

Тиймээс бид эрс шийдэмгий арга хэмжээг авч байгаа. Бид шинээр төрийн эзэмшлийн аж ахуйн нэгж бий болгохыг зогсоож, төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлаж байна. Төр аж ахуйн нэгжид хувь эзэмших явдлыг эцэс болгож байна. Үүний зэрэгцээгээр олгосон зөвшөөрөл, лицензийн гуравны нэгийг устгасан, гуравны нэгийг хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагад шилжүүлсэн, голлох хэрэгцээтэй үлдсэн гуравны нэгийг интернетээр санал болгож байна. Зарим хэрэгцээгүй захиргааны байгууллага, албанд төсөв хуваарилахыг зогсоох  саналыг би тавьсан юм. Хүмүүс засгаас юу хүсэн хүлээдэг гэж та нар бодно вэ? Энгийн юмыг. Өөрсдийнхөө болон үр хүүхдийнхээ аж амьдралыг сайжруулахыг л хүсдэг. Шударга, хариуцлагатай төрийг л хүсдэг.

Хатагтай, ноёд оо,

Хуучин дарангуй нийгмийг түлхэн унагаах нь цэцэглэн буй ардчилсан шинэ ёсыг тогтоохоос хурдан бөгөөд амархан гэдгийг бид мэдэж байна. “Морин дэл дээр ертөнцийг эзлэх амархан, морьноос буугаад улсыг засах нь хэцүү” гэж Чингис хаан нэг удаа айлдсан юм. Би юу хэлэх гэсэн бэ гэвэл өнөөдөр энэ мэргэн үгийн үнэн нь нотлогдож буйг л хэлэх гэсэн юм аа. Ардчиллын үнэн баталгаа нь бидний нурааж унагасан тэр зүйлд багаахан, харин бидний барьж байгуулж, хийж бүтээж байгаа зүйлд ахиухан буй бөлгөө.

Үүнийг хийхийн учир гэвэл энэ үеийнхэн эргэн тойронд юу болоод байгааг өмнөх аль ч үеийнхнээс илүүтэй ойлгож байгаа. Хүн ард л бодит дэвшлийг авчирдаг шүү дээ. Өөр үгээр хэлбэл ардчиллыг сэргээх аваас, тэр нь дахиад хурдацтай, давшингуй болох аваас бид эрхээ мэддэг, улстөрч биднээс хавьгүй илүүтэйгээр технологийн дэвшлийг гартаа оруулсан ард түмэндээ итгэх хэрэгтэй.

Өнөөдөр хүн ард маань илүү нэгдэлтэй, тиймдээ ч илүү мэдлэгтэй болж, илүү зохион байгуулалттай, тиймдээ ч илүү шаардлагатай болжээ. Улстөрч бид хүн зоноос бидэнд итгээч хэмээн гуйхын оронд олон түмэндээ итгэж сурах хэрэгтэй байна. Улстөрчид л шударга ёс руу анхлаж хөл тавьдаг учиртай. Та ард түмнээсээ шаардаж байгаагаа өөрөөсөө шаардах нь зүй. Энэ нь иргэд юу хийх тухай асуудал бус, харин улстөрчид юу хийх тухай асуудал мөн.

Шинэ технологи үүсч байгаа төдийгүй шинэ үе төрж байна. Шинэ ертөнц үүсч байна. Чингэхлээр засаг төр угтаа идэвхтэй, мэдээлэлтэй иргэдээс хамаарах болно. Засаг төр ард түмнийхээ төлөө ажиллахгүй байгаа бол...Хүн ард аа, та бүхэнд ганцыг захих нь,  зохион байгуулалтад орогтун!

Энд бид алхайж тайвшрах учиргүй. Өөрчлөлтийн өөр нэг түрлэг, шинэ сорилтуудын өөр нэг давалгаа үүсч байна: эмх замбараагүй байдал, төр засгийн зогсонги сул дорой байдал,  олноор хөнөөх зэвсгийн аюул, цаг уурын дулаарал, эрчим хүч, хоол хүнс, ус ундааны хомсдол, эрх чөлөө, аюулгүй байдалд үүсч буй аюул заналхийлэл гээд олон асуудал бэрхшээл байсаар байна. Хүмүүн төрөлхтний түүхнээ даян хорвоогийн асуудлыг шийдэх технологи, мөнгө бүхий хүмүүсийн анхных нь бид билээ. Гагцхүү дайн байлдаанд зарцуулж буй мөнгө, технологийнхоо багаахан хэсгээр бид өнөөдрийн сэтгэл зовоож байгаа асуудлыг шийдэж чадна.

Монголчууд бид тулгамдсан эдгээр асуудлын заримыг шийдэхэд хувь нэмрээ оруулахыг хичээж байна. Ялангуяа бид Зүүн хойт Азид энх тайван, аюулгүй байдлыг тогтоохын төлөө идэвхтэй ажиллаж байна. Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд дэмжсэн юм. Манай орон дэлхийд энхийг сахиулахад том хувь нэмэр оруулагч 20 орны нэг болсон билээ. Саявтархан Монгол Улс дэлхийн маш нэр хүндтэй ардчилсан хөдөлгөөн болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдлаа. Биднийг энэ байгууллагыг даргалах хугацаанд Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хороо байгуулагдаж, байнгын Ерөнхий нарийн бичгийн даргын албатай боллоо. Мөн НҮБ-ын Нью-Йорк, Женев дахь төвүүдэд АОХН-ийн үйл ажиллагаа тогтмолжлоо. Монгол Улсын  санаачилгаар Ардчилсан удирдагчдын сүлжээг байгуулж, Ардчиллын төлөө Боловсролын тухай НҮБ-ын түүхт тогтоолыг батлуулсан юм. Монгол нь интернетийн эрх чөлөөг хэрэгжүүлэх үүднээс засгийн газар хоорондын эвсэл болох Чөлөөт Онлайн Эвслийг эдүгээ даргалж байна. 2016 онд Монгол улс АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулах боллоо. Ази, Европын 53 орны тэргүүн нарын 11 дэх уулзалт энэ нэр хүндтэй байгууллагын түүхт 20 жилийн ойгоор Монголд чуулна. АСЕМ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүд Монголын ард түмний ололт амжилт, хичээнгүй хөдөлмөрийг үнэлж энэхүү шийдвэрийг гаргасан явдалд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна.

Бидний хамтын амжилт бидэнд итгэл найдварыг өгч байгаа, гэвч үүнд бид тайвшрах ёсгүй юм.

Анхааран чагнасанд баярлалаа.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2014-12-08 06:01:53
    Монгол орныг минь дампууруулсан хүн дээ. Авилгачдыг бөхийлгөж чаддаггүй хөөрхий амьтан юм даа.
  • zochin 2014-10-20 00:01:36
    hudlaa yarihaas uur id shidgui hooson tolgoi
  • selenge aimag 2014-10-19 09:38:07
    Mundag erunhiilugch shvv dahin iim erch hvchtei argchilaliin yamarch tsus ursgahgvigeer bii bolgon ene niigmiig bii bolgoltsson hvchtei shudarga uls turch snvv .Mongol ulsiig delhiin uls gvrnvvd vnelj bna tand amjilt hvsie