“Ковид-19” халдвараар өвчилж, эдгэрээд 21 хоног өнгөрсөн иргэдийг нэмэлт тунд хамруулж байна

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт аравдугаар сарын 21-27-ны хооронд нийт 1550 иргэн хандаж мэдээлэл авсан байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын явц хэдэн хувьтай байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунгийн хамрагдалт 74.6 хувь, хоёрдугаар тунгийн хамрагдалт 71 хувьтай байна. Есдүгээр сарын 13-наас 18-аас дээш насны иргэдийг дархлаа дэмжих нэмэлт тунд сайн дурын үндсэн дээр хамруулж эхэлсэн. Аравдугаар сарын 26-ны байдлаар нэмэлт тунд 210.724 иргэн буюу 19.6 хувь нь хамрагдаад байна.

-“Ковид 19” халдвараар өвчилж, эдгэрсэн иргэн дархлаа дэмжих нэмэлт тунд хамрагдах боломжтой болсон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Ковид-19”-ийн дархлаажуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тун вакцин хийлгэсний дараа коронавируст халдвараар өвчилсөн 18-аас дээш насны иргэдэд эдгэрсэн өдрөөс хойш 21 хоног, эсрэг биетийн эмчилгээ хийлгэснээс хойш 90 хоногийн дараа сайн дурын үндсэн дээр Синофарм болон Файзер вакциныг сонголтоор хийхээр болсон. Дархлаа сэргээх нэмэлт тунгаар вакцинжуулах ажлыг өчигдрөөс эхлэн зохион байгуулж байна. “Ковид-19”-ийн эсрэг нэг тун вакцинд хамрагдсан 18-аас дээш насны иргэд хоёр дахь тунгаа хийлгээгүй гурван сараас дээш хугацаа өнгөрсөн бол дахин нэг, хоёрдугаар тунд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

-Дархлаажуулалтын цэгийн нэгдсэн байршлыг хаанаас харж болох вэ?

-Дархлаажуулалтын цэг болон шинжилгээний цэгийн мэдээллийг “Нийслэлийн мэдээ” пэйж хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. Мөн дархлаажуулалтын цэг,  өрхийн эмнэлэг болон 24 цагаар ажиллах эмийн сангийн байршлын мэдээллийг нийслэлийн Хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн орон зайн дүн шинжилгээний системийг ашиглан, arcg.is/1zaHya холбоос линкээр болон QR кодыг уншуулан авах боломжтой юм. Иргэд та бүхэн дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаарай.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.