
Ургацын урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай хураан авах төлөв гарсан. Өнөөдрийн байдлаар 340.7 мянган га-гаас 507.5 мянган тонн үр тариа, үүнээс 322.4 мянган га-гаас 482.6 мянган тонн улаанбуудай хураан аваад байна. Ингэснээр үр тарианы хураалт 84.6 хувьтай үргэлжилж байна.
Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор гурилын үнэ, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг тогтвортой байлгах чиглэлээр хоёр арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, энэ жил тариалалт нэмэгдсэн учир гурилын үйлдвэрүүдэд улаанбуудайн илүүдэл гарч байгаа. Тиймээс 100-150 мянган тонн гурилын үйлдвэрлэлд тэнцэх, стандартын шаардлага хангасан улаанбуудайг Засгийн газар эх үүсвэр гаргаж, худалдаж авахаар болжээ. Түүнчлэн гурилын үнийг тогтвортой байлгах, үнийн ачааллыг бууруулах зорилгоор үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн тодорхой эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэлээр яаралтай судалж, шийдэл гаргахыг Ерөнхий сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд үүрэг болгосон байна.
Оллоо.мн