Санхүүгийн луйвартаа ''COVID19''-ийг ашиглаж байна

Шотланд улсын иргэн Генерал Грегор Макгрегор 1821 Төв Америкаас Их Британи хүртэл завиар явахдаа Пояасын арлыг нээн илрүүлж л дээ. Тэр арал асар их алтны нөөцтэй, хөрсний үржил шим сайтай арал гэнэ. 

Жилд гурван удаа ургац хураах боломжтой тул тариалалт хийж асар их ашиг хүртэх боломжтойг хүмүүст дуулгажээ. Гэтэл маш богино хугацаанд түүнд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт цугларч орхив. Тэр гайхамшигтай арлын өгөөжөөс бүгд хүртэхийг хүссэн хэрэг. Харамсалтай нь ямар ч арал байсангүй. Энэ бүгд луйвар байсан ба түүхэнд санхүүгийн луйврын хамгийн хачирхалтай кейсээр бүртгэгдсэн байна. 

Ямар ч нотлох баримтгүйгээр зөвхөн ам дамжсан яриагаар тухайн үедээ цугласан хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт болж байж. Дижитал эрин гэж тодорхойлогдож буй энэ цаг үед улам ухаалаг, цэвэрхэн болсоор байгаа санхүүгийн луйврууд 200 жилийн өмнөх Пояас аралтай адилхан гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй, нотлох баримтгүй хий хоосон агуулгатай болж хөгжсөөр байна. 

Санхүүгийн луйварт хэн өртдөг вэ. Богино хугацаанд их мөнгөтэй болох гэсэн, мөнгөө өсгөх гэсэн хүмүүс гол хохирогч нь болдог. Энэ төрлийн луйвраас болсон хохирлын хэмжээ 2016 онд  хоёр тэрбум, 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум болж нэмэгджээ. 

Санхүүгийн луйварт сүлжээний маркетинг, пирамид хэлбэрийн үйл ажиллагаа голчилдог байсан бол сүүлийн үед өндөр ашиг, үр өгөөж амласан төрийн зохицуулалтгүй криптовалют, койн, виртуал хөрөнгөтэй холбоотой эрсдэл ихээр үүсч байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүлж байна. Санхүүгийн луйврын төрлүүд ямар хандлага, амлалтаар нэмэгдэж байгааг хүргэе. 

Санхүүгийн пирамид

Шинээр гишүүн элсүүлэхийг шаарддаг, бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулдаггүй. Богино хугацаанд өндөр өгөөж амладаг. 

Урьдчилгаа төлбөрт луйвар 

Урьдчилан төлбөр төлөхийг яаруулдаг. Судлах материал хомс. Бага эсвэл ямар ч эрсдэлгүй өгөөж амладаг. Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг. Нууцлагдмал, тодорхой мэдээлэлгүй. Хэт өгөөж амалдаг. 

Сургалтын луйвар 

Биелэхэд хэцүү зүйлийг амархан мэтээр үнэмшүүлдэг. Өөр газраас үнэгүй олох мэдээллийг өндөр үнээр санал болгодог. Яаруулж, бодох цаг олгодоггүй. Дараа дараагийн сургалтад илүү өндөр үнээр хамрагдахыг шаарддаг. Хуурамч мэдээлэл ашиглан сурталчилгаа хийдэг. 

Памп&Дамп

Зохицуулалт багатай цахим сүлжээ түлхүү ашигладаг /Telegram, discord/ гэх мэт. Олны танил хүмүүсийг оролцуулдаг. Зохицуулалт багатай зах зээл рүү чиглэдэг. Богино хугацаанд өндөр өгөөж амладаг. 

Шинээр бий болсон луйврын төрлүүд

Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр санхүүгийн луйврын төрөл ч хувирсаар байгаа юм. Дараах хоёр төрлийн луйвар нь өндөр хохирол учруулж болзошгүй байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж байна. 

Rug pull 

Худал койн гаргаж хөрөнгө оруулагчдын мөнгийг залилдаг. Монголд хууль эрхзүйн орчин хараахан бүрдээгүй тул виртуал хөрөнгө, криптовалютын зах зээлд төр оролцох боломжгүй. Тиймээс шил дарааллан гарч байгаа койнуудад хөрөнгө оруулж байгаа бол эрсдэлээ маш сайн тооцоолохыг анхааруулсаар байна. Хуурамч койн гаргагч нь хэт өндөр өгөөж амлах, сурталчилгааг маш ихээр хийх, хугацаа дуусах дөхөж байгааг сануулж шахах, эхний тэдэн хөрөнгө оруулагчдад боломж амлах гэх мэт хандлагыг гаргаж болно. 

COVID19 scam 

Цар тахлын үед шинээр дэлгэрсэн нэг луйвар бол энэ юм. Олон нийтийн сүлжээгээр дамжуулан цаг үеийн нөхцөл байдал эсвэл вакцины талаар мэдээлэл авахыг хүснэ. Ингэхдээ хувийн болон дансны мэдээллээ бичихийг шаарддаг. Зах зээлээс хэт хямд үнээр эмчилгээний бүтээгдэхүүн санал болгодог. Урьдчилгаа төлбөр шилжүүлэхийг шаарддаг гэх мэт. 

Үл хөдлөх хөрөнгийн луйвар

Үл хөдлөх хөрөнгийн үнийн хэлбэлзэл их байгаатай холбогдуулан луйврын тохиолдол өссөөр байна. Хуурамчаар бичиг баримт үйлдэн өөрийн эзэмшлийн бус бусдын хөрөнгийг түрээслэх, дамлан худал­даалах, барьцаалан зээл авах гэх мэт. 

Санхүүгийн луйвраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Хэрэв ямар нэг байдлаар санхүүгийн харилцаанд орохоор шийдсэн бол дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай. Хоёр болон түүнээс дээш асуултанд тийм гэж хариулвал та санхүүгийн луйварт өртөх эрсдэлтэй байна гэж үздэг аж. 

-Танд бага эсвэл ямар ч эрсдэлгүй өндөр өгөөж амлаж байна уу. 
-Таны хөрөнгө оруулах гэж буй салбар төрийн зохицуулалтгүй юу. 
-Таныг төлбөрөө төлөхийг яаруулж байна уу. 
-Танд асуулт асуух боломж олгож байна уу. Асуултанд оновчтой хариулж байна уу. 
-Шагнал, бэлэг авахын тулд урьдчилгаа төлбөр төлөхийг шаардаж байна уу. 
-Одоо л хөрөнгө оруулахгүй бол сайхан боломжийг алдана гэж шууд болон шууд бусаар үнэмшүүлж байна уу. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Б.Төгс
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.