Д.Мөнх-Эрдэнийн контрбандын асуудлыг Монголд шалгаагүй

"Жийп сервис"-ийн захирал, АН-ын гишүүн, Хятадын Хөх хот дахь Ерөнхий консул, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч гэсэн товч намтрын эзэн бол Д.Мөнх-Эрдэнэ юм. Түүний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсээ хуулиар олгосон эрхийг нь хүндэтгэж "Зууны мэдээ" сонин өөрийнх нь хүсэлтийн дагуу том хэмжээний ярилцлага авч олон нийтэд хүргэж байв. Есөн сарын өмнө Д.Мөнх-Эрдэнийн тэрхүү "Ерөнхийлөгч Х.Баттулгын алдаа, буруу бодлогыг ардчилсан орны иргэний хувиар хэлж болохгүй гэж үү" гэдэг гарчиг бүхий ярилцлага манай сонинд нийтлэгджээ.

Харин өнөөдөр мань эр тэмцэгч болчихоод байгаа юм. Яав ийв гээд сонирхвол, Д.Мөнх-Эрдэнэ нь Ерөнхий консулаар ажиллаж байхдаа гаргасан санхүүгийн зөрчил шинжээчдийн дүгнэлт, мөрдөгчдийн хийсэн ажлын дүнд Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэгдэх гэмт үйлдэл хэмээн үзжээ. Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнэ нь БНХАУ-ын Хөх хотод Ерөнхий консулаар сууж байхдаа 2017-2019 онд байрны түрээсийг төсвөөс гаргуулсан. Мөн жил бүр төсвөөс 80 мянган юань гаргуулж, өөртөө давуу байдал бий болгосон. 2016-2019 онд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг жил төсвөөс гаргуулж өөртөө давуу байдал бий болгосон. Ерөнхий консул Хятадаас Монгол руу галт тэргээр ирэх журамтай атал Д.Мөнх-Эрдэнэ 2018 онд онгоцоор гэр бүлийн хамт зорчиж өөртөө давуу байдал бий болгосон.

Түүнчлэн 2018 оны зургадугаар сард Консулын газрын гурван автомашиныг шинэчилсэн бүртгэлд хамруулсан байхад 2018 оны долдугаар сарын 31-нд БНХАУ-ын иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж ашиглуулсан. Өөрөөр хэлбэл, Д.Мөнх-Эрдэнийн эдгээр үйлдэлд мөрдөн шажах ажиллагаа хийж, Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Хамгийн гол нь "...Түүнийг ингэж "тэмцээд" эхлэхээр эрүүгийн хэрэг тохлоо", "... Хятад дахь хэргийг Монголд шалгаж яллалаа" гэсэн шүүмжүүд яваад байгаа бололтой. Аль нь ч биш ажээ. Хууль хяналтын байгууллагынхан аль 2019 оноос Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой тодорхой үйлдлүүдийг шалгаж эхэлжээ. Үндэсний аудитын газрын шалгалтын материалд үндэслэж, 2019 оны нэгдүгээр сарын 25-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс Үндэсний аудитын газраас уг үйл явдалтай холбоотой ирүүлсэн материалтай холбогдуулж Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 22.1.1 -д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

2020 оны есдүгээр сард АТГ-т Хөх хот дахь Ерөнхий консулын газраас санхүүгийн анхан шатны баримтуудыг ирүүлжээ. ШШҮХ-гээс 2020 оны аравдугаар сард дээрх баримт материалуудад дүгнэлт шинжилгээ хийх шинжээч томилж, түүнээс сарын дараа шинжээчид “...Дүгнэлт гаргахад нэмэлт материал шаардлагатай” гэж АТГ-т мэдэгджээ. Шинжээчийн хүсэлтийн дагуу Хөх хот дахь Ерөнхий консулын газраас 2021 оны долдугаар сарын 2-нд нэмэлт материалууд ирүүлсэн байна. Үүний дараа 2021 оны есдүгээр сарын 1-нд ШШҮХ-гийн нэмэлт шинжилгээ хийх шинжээч томилогдож, шинээр томилогдсон шинжээч нь сарын дараа дүгнэлтээ гаргасан байна. Улмаар мөрдөх ажиллагаа ч дуусаж хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байгаа юм. Д.Мөнх-Эрдэнэд холбогдох ийм хэргүүдийг өнгөрсөн хоёр жилд шалгасан гэсэн үг. Харин Д.Мөнх-Эрдэнийн БНХАУ-ын иргэдэд Монгол Улсаас автомашин зарсан гэх контрбандын асуудлыг нь манай хууль хяналтынхан шалгаагүй байна. Дуулгахад Д.Мөнх-Эрдэнээс автомашин авсан Хятадын иргэд нь тэндээ шалгагдаад ял шийтгүүлсэн.

Хоёр жилийн өмнө дэгдсэн тэр хэргийн талаар БНХАУ-ын ГХЯ-наас манай ГХЯ-нд ирүүлсэн албан бичигт "...БНХАУ-ын ГЕГ-ын Контрбандтай тэмцэх газар 2018 оны арваннэгдүгээр сард Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийн нэр дээрх Land Rover (дугаар..А005Ү9) болон Ерөнхий консулын газрын нэр дээр бүртгэлтэй гурван Benz (..А395NН,..А1234,...А1137N) зэрэг дөрвөн автомашиныг БНХАУ-ын иргэд хөрөнгө гарган худалдан авч, урт хугацаагаар ашиглаж байгаа.

Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ энэ дундаас тодорхой ашиг хүртсэн болохыг олж тогтоосон. “Консулын харилцааны тухай Венийн конвенц” болон “БНХАУ-ын Консулын онцгой эрх болон хариуцлагаас чөлөөлөгдөх тухай журам”-ын дагуу Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ нь БНХАУ-ын хууль тогтоомж, дүрэм журмыг хүндэтгэх үүрэгтэй. Үүний зэрэгцээ “Дипломат автомашиныг удирдан зохицуулах журмын дагуу Консулын газрын автомашиныг зохицуулах болон дугаарыг шинэчлэх тухай ноот бичиг (2018 оны 25 тоот)-ээр мэдэгдсэний дагуу хэрэгт холбогдсон автомашин нь Консулын газрын автомашин гэж үзэхгүй бөгөөд мөн Консулын газрын өмчид харьяалагдахгүй тул БНХАУ-ын ГЕГ-ын Контрбандтай тэмцэх газраас хуулийн дагуу нэгэнт саатуулан шалгаж байгаа болно.

...Консулын газрын автомашины зохион байгуулалт нь БНХАУ-ын үндэсний аюулгүй байдал, олон нийтээр дагаж мөрдөх журам болон нийгмийн тогтвортой байдлыг хангах асуудалтай холбоотой байдаг. Д.Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын хувьд ДТГ-ын тэргүүний байвал зохих удирдах болон зохицуулах үүргээ биелүүлээгүй төдийгүй автомашин хууль бусаар дамлан худалдаалах хэрэгт шууд оролцож, БНХАУ-ын хууль тогтоомжийг нэгэнт зөрчсөн" гэж тодорхойлсон байдаг билээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-10-27 14:23:54
    Энэ 1 эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй юмыг Хятадын талд л хүлээлгээд өгчих. Ёстой жинхэнэ амьтан болж хамаг хэргээ үүрээд, бас илүү гарч эзэнгүй хэрэг үүрэх биз.