Шүүхийн байгууллага болон зарим шүүгчдээс Шударга ёсыг нэхэх эрх ард түмэнд бий!!!

2021.10.11-ний өдөр Төрийн ордонд хуралдсан “Бүх шүүгчийн анхдугаар чуулган”-ы үеэр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх “...Шүүхийн сахилгын хороонд ял шийтгэл гарцаагүй байх, шийтгэл гаргасан үйлдэлтэй нь тэнцүү байх эрх зүйн зарчим үйлчлэх учиртай. Өөрөөр хэлбэл, зөрчил гарсан бол хариуцлага зайлшгүй байх, зөрчлийн шинж байдалдаа тохирсон байх, шийтгэл давхардахгүй байх зарчмыг үндэслэн ажиллана гэсэн үг. Шүүхийн сахилгын хороо хэрхэн шударга ажиллахаас ШҮҮХИЙН НЭР ХҮНД, ШҮҮХЭД ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛ ШУУД ХАМААРНА гэдгийг энд онцлон тэмдэглэе. Шүүгчид хариуцлага тооцдог механизм хуулийн хүрээнд ажиллаж, шүүх засаглал өөрөө өөрийгөө цэвэршүүлж, ёс зүйгүй, гэмт хэрэг үйлдсэн хэн нэгэндээ хариуцлага тооцож чаддаг байх нь үнэн мөнийг дэнсэлдэг, шударга ёсыг тогтоодог хуулийн засаглалын зөв тогтолцооны үндэс юм. Ингэж ажиллаж эс чадваас төр стандарт бус шийдэл гаргах шаардлага үүсэхийг ч үгүйсгэх аргагүй. Европын аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институц, хүний эрхийн газраас 2020 оны эхээр гаргаж байсан дүгнэлтэд “Монгол Улсын Шүүх эрх мэдлийн эрх зүйн зохицуулалт болон тогтолцоо, зохион байгуулалтад өөрчлөлт хийгдэж ирсэн боловч шүүхэд авлига, улс төр, гүйцэтгэх эрх мэдлийн зүй бус нөлөөлөл оршсоор буй нь шүүхийн бие даасан байдал болон шүүхэд итгэх олон нийтийн итгэл алдагдсан. Түүнчлэн манай улсын цөөнгүй эрдэмтэн, судлаачид дээрхтэй ижил дүгнэлтийг ч хийж ирсэн. Дээрх асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулан улмаар шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор 2021 онд УИХ-аас Шүүхийн тухай хуулийг батлан гаргасан. Төрийн тэргүүний хувьд шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх үүднээс эрх зүйн тодорхойгүй байдлыг цэгцэлж, хуулийг нэг мөр хэрэгжих нөхцөлийг бүрдүүллээ. Шүүх эрх мэдлийн гол тулгуур зарчим бол Үндсэн хуульд заагдсан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангаж, хууль дээдлэх ёсыг мөрдөх явдал. Гэтэл шүүх эрх мэдлийн нэр хүнд унаж, олон нийт шүүхийн шударга байдалд эргэлзэн итгэл алдарч эхэлсэн нь эрх зүйт төр, хууль дээдлэх зарчим алдагдах ноцтой үр дагаварт хүргэхвий гэж Төрийн тэргүүний хувьд сэтгэл ихэд зовниж байна. Хүний хувь заяаны асуудлыг шийдэж, зөв бурууг дэнсэлж, үнэн зөвийг тогтоодог шүүгчид өөрсдөө хуулиа зөрчиж, ёс зүйгүй авирлаж, олон нийтийн дунд биеэ зөв авч явахгүй байгаа байдал нь ард иргэдийн бухимдлыг төрүүлж, хариуцлага тооцохыг биднээс хатуу шаардаж байна. Шүүх эрх мэдэл бол ядарсан иргэний найдах сүүлчийн зогсоол, задарсныг нь засаглах монгол төрийн хууль цаазны ташуур юм. Миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно гэж ард түмэндээ хэлсэн. Хүн биш хууль засаглана гэдэг нь Үндсэн хууль, хуульд захирагдан хуулийг гажуудал гаргахгүй чанд мөрдөн ажиллахыг хэлж байгаа юм. Хэчнээн сайн хууль гаргаад хэн нэг албан тушаалтан, улс төрч, эрх мэдэлтнүүдийн сонирхол, хүсэл даалгаварт нийцүүлж эхэлбээс өнгөндөө хуулийн засаглал мэт боловч ачир дээрээ хүн засагласан хэвээр байгаатай агаар нэг. Шүүх эрх мэдэл-Шударга ёс бол мөнхөд гагнаастай, өөр хооронд нь салгаж үл болох нэгдмэл ойлголт” гэж хэлсэн үг сэтгүүлч миний анхаарлыг зүй ёсоор татлаа.

Гэтэл бодит байдалд иргэд, ААН-ийн шударгаар шүүлгэх эрх хэрхэн зөрчигдөж, шүүхэд итгэх итгэл нэгэнт алдарчихсан явааг илчлэх баримтыг уншигч та бүхэнд тодорхой болгоё. Тухайлбал, “Богд Асар” ХХК нь яг дээрх шалтгааны улмаас Нийслэл дэх ЗХАШШ-ийн шүүгч Н.Долгорсүрэнд холбогдуулан ёс зүйн асуудлаар Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан удаатай. Тэрхүү гомдлыг Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар хянан хэлэлцэж, 2021.03.31-ний өдрийн 53 дугаар тоот МАГАДЛАЛД өгүүлэхдээ:“...Дээр дурдсан үйл баримтыг дүгнэн үзэхэд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ТМ2019/1931 тоот “Туурайн төвөргөөн” ХХК-ийн нэхэмжлэлтэй ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТЭМДЭГЛЭЛ, референт Ж.Халиуны 128/ТМ2019/1931 тоот “Туурайн төвөргөөн” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ШҮҮХ ХУРАЛДААНЫ БИЧЛЭГ ЗӨРҮҮТЭЙ БАЙГАА НЬ ТОГТООГДОЖ БАЙНА. Иймд шүүгч Н.Долгорсүрэн нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.6-д “Шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх” гэж заасныг ЗӨРЧСӨН, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна”, 3.3 дугаар зүйлийн 1-д “...шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй”, 3.3 дугаар зүйлийн 2-т “Хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж зайлсхийнэ” гэснийг тус тус ЗӨРЧСӨН гэж нийт гишүүдийн хуралдаанаас үзсэн бөгөөд шүүгч Н.Долгорсүрэнд САХИЛГЫН ХЭРЭГ ҮҮСГЭХ ҮНДЭСЛЭЛТЭЙ байна. Шүүгч Н.Долгорсүрэнгийн үйлдэл Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛД ТООЦОГДОХ бөгөөд түүнд САХИЛГЫН ШИЙТГЭЛ ОНООХ ҮНДЭСЛЭЛТЭЙ боловч мөн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оноох боломжгүй байна. Иймд шүүгч Н.Долгорсүрэнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж нийт гишүүдийн хуралдаанаас шийдвэрлэв” гэж ЦАГААН ДЭЭР ХАРААР бичсэнийг уншаад үз!!!

Анхан шатны шүүхэд ажиллаж байхдаа ёс зүйн зөрчил гаргасан нь Шүүхийн ёс зүйн хороогоор тогтоогдсон Н.Долгорсүрэн шүүгчийн хувьд “хуулийн цоорхой” ашиглан хэргээс мултраад зогсохгүй Нийслэлийн Захиргааны хэргийн давахын шүүхэд шүүгчээр томилогдчихсоныг хараад энэ улс оронд шударга ёс нэгэнт алдагдсаны бодит жишээ юм. Шүүгч хүн эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж чадахгүй, хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргасан ч “хөөн хэлэлцэх хугацаагаар” шалтаглан хариуцлагаас мултарч болдог гэх БУРУУ ЖИШГИЙГ шүүгчдийн дунд бий болгосон нь илт. Шүүгчийн гаргасан алдаа дутагдлыг Шүүгчийн ёс зүйн дүрмээр халхавчлан “толгойг илээд өнгөрөх” боломж бий болсныг Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх илт буруушааж, Шүүхийн сахилгын хороог хэрхэн шударга ажиллахаас шалтгаалан ШҮҮХИЙН НЭР ХҮНД, ШҮҮХЭД ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛ ШУУД ХАМААРНА гэж онцлон тэмдэглэсэн нь олон нийтээс ихээхэн дэмжлэг хүлээж байна.

“Шүүгч” гэх сэтэр зүүсэн Нийслэл дэх ЗХДЗШШ-ийн шүүгч Н.Долгорсүрэн гэгч “шүүгчээр ажиллах нь байтугай хуульч” гэж хэлүүлэх эрхгүй ёс зүйгүй хүн гэдэг нь дараах баримтуудаар нотлогддог. Тухайлбал, “Богд Асар” ХХК-ийн эсрэг зарга мэдүүлсэн “Туурайн төвөргөөн” компанийн захирал Ж.Бямбабаатар гэгчтэй дотны найз төдийгүй Баянмонгол хороололд 2 өрөө байр авсан тухай баримт чих дэлсдэг. Үүнийгээ ч тэрээр Шүүхийн ёс зүйн хорооны хурлын үеэр, - Шүүгч болохоосоо өмнө тэр байрыг авсан гэдгээ  хүлээн зөвшөөрсөн нь хурлын протоколд байдаг. Гэтэл шүүгч болохоосоо өмнө хэзээний найз нөхөд байж, 2 өрөө байр автлаа ойр дотны анд нөхөр явсан Ж.Бямбабаатарын “Туурайн төвөргөөн” ХХК-тай холбогдох хэргийг өөр дээрээ татан авч, хэргийг давж заалдах эрхгүйгээр шийдвэрлэж ирснийг юу гэж ойлгох вэ? Тэдний хоорондох холбоо сүлбээг мэдсэн “Богд Асар” компаний зүгээс шүүхэд хүсэлт тавьж, шүүгч Н.Долгорсүрэнгээс удаа дараалан татгалзсан байдаг ч тэр тоолонгоор Нийслэл дэх ЗХАШШ-ийн ерөнхий шүүгч М.Батсүрэн тэгэхээс тэгэх гэсэн мэт хэргийг хоёр ч удаа зориудаар шүүгч Н.Долгорсүрэнд хуваарилсаар ирсэнд хэргийн учир зангилаа оршино. Ийнхүү дан ганц “Туурайн төвөргөөн” ХХК-ийн эрх ашгийг хамгаалахын төлөө “Богд Асар” компанийг 14 жилийн туршид хохироосоор ирсэн, өөрөөр хэлбэл, энэ хоёр компаний газрын хэрэг маргаанаар “дагначихсан, дархлагдчихсан” шүүгчид гэвэл Нийслэл дэх ЗХАШШ-ийн шүүгч асан, өдгөө Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгчээр зэрэг дэв ахичихсан таваргаж яваа Н.Долгорсүрэнг нэрлэж болно. Түүний залгамж халааг Нийслэл дэх ЗХАШШ-ийн шүүгчид болох Ц.Одмаа, Д.Чанцалням нар дөрөө харшиж явааг ч мөн дурдаж болно. Эдгээр нэр бүхий шүүгчдийн гаршсан ганц арга нь тухайн газрын маргаантай асуудлаар шүүхэд “Туурайн төвөргөөн” ХХК-иас гаргасан нэхэмжлэл, гомдлууд тэр дороо шийдэгддэг бол харин “Богд Асар” ХХК-иас дээрх нэр бүхий шүүгчдээс удаа дараа татгалзсан ч эргээд ороод ирдэг, заримыг нь тухайлбал, Н.Долгорсүрэн шүүгчийг ёс зүйн асуудлаар холбогдуулан Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргахаар зөрчил гаргасан нь тогтоогдсон ч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх шалтгаар хэрэгсэхгүй болж, “хорт хавдар” шиг бугшмал зүй бус хандлага тогтчихлоо. 

Тухайн хэргийн оролцогч “Туурайн төвөргөөн” ХХК-ийн захирал Ж.Бямбабаатараас Н.Долгорсүрэн шүүгч 2 өрөө байр өмнө нь авч байсан нь нотлогдсоор байтал тухайн хэрэг маргаанд шүүгчээр орохоос татгалздаггүй ахин дахин орж, шударга бус шийдвэр гаргасаар ирсэн нь хачирхалтай. Улмаар хэрэг маргаанд оролцогч нэг талд илт давуу байдал олгож, нөгөө талын эрх ашгийг хохироосон нь нотлогдсон МАГАДЛАЛыг хараад ичих нүүрээ гээж, эрээ цээргүй авирлагч энэ шүүгчид хариуцлага тооцох чадвар, чадамж байгаа эсэхийг Шүүхийн ёс зүйн хорооноос асуумаар байна. Иргэд хохирч байх ёстой юм шиг ийм цэвдэг, хүйтэн сэтгэлээр ханддаг, авлига хээл хахуульд нэрвэгдсэн, улс төрийн бүлэглэлийн гар хөл болсон Шүүхийн гаж буруу тогтолцоог бий болгодог будилаантай шүүгчид бий болсноос түүний золиосонд иргэд, ААН-үүд хохирдог явдал газар авчихжээ. 

Тийм том золиосонд явсан хохирогч бол 14 жилийн турш шүүхээр маргалдаж, заргаа авч чадахгүй гацаанд орж, Дуудлага худалдаагаар улсад төлсөн 3.3 тэрбум төгрөг ч үгүй, хуулийн дагуу эзэмшсэн 25,0 га газар ч үгүй хоосон хоцрохдоо тулах шахсан компани бол “Богд Асар” ХХК юм. Шударга шүүхээр шүүлгэхийн төлөө бүхэл бүтэн 14 жилийг зарцуулж, өнөөдрийг хүртэл шантарч няцахгүй, шийдвэртэй явж байгаа “Богд Асар” компанийнханд шүүгч Н.Долгорсүрэнтэй холбоотой баримт фактууд олноор цугларчээ. Зах зухаас хальтхан дурдвал, шүүгч Н.Долгорсүрэн нь ээжийнхээ төрсөн дүүгийн Жигжид зусланд байршилтай газрыг томсгон булааж авахын тулд хажуу хамар хашааны газрыг дээрэмдэхээр тухайн хэрэг маргааныг шууд өөр дээрээ хуваарилж авсан тухай нэг ноцтой баримт бий. Гэтэл хажуу хашааны эзэн залуу шүүх хурлын үеэр хэргийн оролцогч нь шүүгч Н.Долгорсүрэнгийн ээжийн төрсөн дүүгийнх нь нөхөр гэдгийг баримттай гэрэл зургаар нотолж, дэлгэн харуулсны ачаар өөрийн эзэмшлийн газраа булаалгалгүй авч үлдсэн гэдэг. Энэ мэтчилэн өөрийнх нь эрх ашигтай холбоотой газрын маргаантай асуудал хаана байна, тэнд Н.Долгорсүрэн шүүгч явж, хэрэг маргааныг будилаантуулах гэж гараа дүрж, хөгөө чирдэгийг дэлгэхэд ийм байна. Хувийн шуналаа барьж дийлдэггүй, хувьсгалын ажлаа хольж хутгадаг Нийслэл дэх ЗХДЗШШ-ийн шүүгч Н.Долгорсүрэнгийн дээрх Жигжид зуслангийн газартай холбоотой хэргийн оролцогчтой цуг баяр ёслолын үеэр гэр бүлийн хүрээнд хамт авахуулсан хэд хэдэн зураг миний өмнө дэлгээстэй байна. Хэргийг зориудаар будилаантуулж, хэн нэгний эрх ашгийг хамгаалахын төлөө бусармаг шийдвэр гаргадаг энэ мэт ганцхан шүүгчийн ёс зүйгүй алдаанаас болж нийгэмд учрах хор уршиг асар ихээ! 

Монгол Улсад анхан болон давж заалдах шатны 116 шүүх, 41 тамгын газарт ажиллаж буй бүх шүүгчдийг шударга бус будилаантай шийдвэр гаргадаг гэж би хэзээ ч хэлэхгүй. Харин “уулын мод урттай богинотой, хүний дотор сайнтай муутай зэрэгцэн оршдог”-ийн адилаар энэ 519 шүүгч дотор Шүүхийн салбарт хууль бусаар шургалан орж, шунал хүслээ барьж дийлдэггүй, ашиг сонирхлын зөрчилтэй зарим нэг ёс зүйгүй шүүгчийн талаар асуудал хөндөж тавилаа. Ийм увайгүй, шударга ёсыг уландаа гишгэлдэг, иргэд ААН-ийн эрх ашгийг хохироохдоо юман чинээ санадаггүй, Шүүхийн ёс зүйн хороогоор ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон ёс зүйгүй шүүгч Н.Долгорсүрэн гэгч нь хэний зараалаар, ямар улс төрчийн ивээлээр өдийг хүртэл хариуцлагаас хялбархан мултраад зогсохгүй албан тушаал ахиад байдгийн цаад учир шалтгааныг олж илрүүлэхийн төлөө цаашид эрэн сурвалжлах сэтгүүл зүй ажиллаж, нэмэлт баримт, фактуудыг олон нийтэд дэлгэх болно. Энэ мэт ёс зүйн зөрчилтэй шүүгчдийг өдгөө шинээр эмхлэн байгуулагдаж буй Шүүхийн сахилгын хороо анхааралдаа авч, хариуцлага тооцож, шүүхийн салбараас үлдэн хөөж гэмээнэ иргэдийн шударга шүүхээр шүүлгэх итгэл сэргэж, шүүхийн нэр хүнд өсөх нь дамжиггүй.  

“...Шүүх засаглал нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх институц төдийгүй хууль тогтоох, гүйцэтгэх засаглалтай эн чацуу, харилцан тэнцвэртэй ажиллах ардчилсан засаглалын нэг салаа мөчир билээ. Чин шударгаар ажиллаж байгаа шүүгчид, алба хаагчдын ажлын үр дүн, нэр төр, алдар хүнд зарим шүүгчийн гаргасан гэмт хэрэг, ёс зүйгүй, бусармаг үйлдлийн хар сүүдэрт дарагдаж буйд туйлаас харамсаж байна. 

Шүүгч Та улс төр бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн улс орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүй. 

Шүүгч Та хэн нэгний дарамт шахалтаар, хэн нэгэн эрх мэдэлтний хүсэл даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй гэдгийг ямагт санаж явахыг Төрийн тэргүүний хувьд сануулан хэлье. 

Шүүгч Та бол төрийн сүлдэндээ тангараг өргөдөг цөөн албан тушаалтны нэг юм. Өргөсөн тангаргаасаа няцвал төрийн хуулийн дагуу хариуцлага хүлээх үүрэг ч таныг дагалдана гэдгийг санаарай.

Шүүгч Та Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг Монгол төрийн шударга ёсны багана билээ. Иргэддээ ээлтэй, өндөр ёс зүйтэй, эрүүл шударга нийгмийг цогцлоохын төлөө шударга ёсны амаргүй үйлсэд хамтдаа хүчин зүтгэцгээе” гэж “Бүх шүүгчийн анхдугаар чуулган”-д оролцохдоо хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үгээр нийтлэлийг өндөрлөе.  
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
М.Эрдэнэчимэг
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-10-25 06:50:34
    шүүхчид хариуцагч талд дэндүү үйлчилдэг өмгөөлөгч нар гэж бас баахан маапаны эзэд байна тухайн компаний үндсэн ажилтан болоод цалин хөлс байр авчихаад өмгөөлөгч...
  • харамсалтай 2021-10-25 06:12:11
    АВЛИГАЧИН шүүгч мэдээж шүүхэд байх ёсгүй. Монголын гавъяат шүүгч бусад шүүгч нартаа АВЛИГА хувааж байсан нь саяхан. ОДОО шүүхэд ӨӨРЧЛӨЛТ гарсан уу?
  • Зочин 2021-10-25 05:31:13
    Ажлын хариуцлага алдсан,ашиг сонирхолын зөрчилтэй зэрэг факт-д хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй ёс суртахууны болон хууль зүйн хариуцлага тооцож бх хэрэгтэй.