Чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийг соёрхон баталлаа
Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар Коронавируст цар тахал /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чанар, аюулгүй байдлыг судлан баталгаажуулж, урьдчилан зөвшөөрөл олгоcон вакцинаас Монгол Улсад импортлох, вакциныг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэгт шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хөгжлийн түншүүдтэй яриа хэлэлцээ хийж, баталгаажуулаад байна хэмээн танилцуулгын эхэнд дурдав.

Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтүүд, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 117 дугаар захирамжийг үндэслэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ)-ны 21.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт 2021 оны долоодугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан байна.

Энэхүү төслийн санхүүжилт нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр байгуулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр соёрхон батлагдсан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банк /АХБ/-тай 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр байгуулж, хэрэгжүүлж эхлээд байгаа “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл”-ийн  хамтарсан санхүүжилт юм гэлээ.

Төслийн хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан, эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн Ковид-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх бөгөөд АДБХОБ-ны эх үүсвэрийн 50 хүртэл хувиар БНХАУ-ын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм байна. АДБХОБ-ны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.

Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа  Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.