“Афганистанчууд Талибаны өмнөөс хариуцлага хүлээх ёсгүй”

Италийн ерөнхий сайд Марио Драгигийн санаачилгаар Афганистаны асуудлаар “Их 20”-ийн удирдагчдын ээлжит бус цахим уулзалт мягмар гарагт болсон. Уулзалтын үеэр Европын комиссын ерөнхийлөгч Урсула Фон дер Лейен Афганистан улс болон дүрвэгсдийг хүлээн авч буй зэргэлдээх орнуудад ойролцоогоор нэг тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болсноо мэдэгдэв.

Энэ тусламж Афганистанд нүүрлэж буй хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхэд чиглэсэн болохоос Талибан бүлэглэлийг хүлээн зөвшөөрөх нөхцөл болохгүйг Фон дер Лейен хэвлэлийн хурлын үеэр онцолжээ. Тэрбээр “Афганистаны ард түмэн Талибаны өмнөөс хариуцлага хүлээх ёсгүй. Тийм учраас энэ тусламж Афганистаны ард түмэн болон тэдэнд хамгийн түрүүнд туслалцаа үзүүлсэн зэргэлдээх орнуудад чиглэх болно” гэв.

Гэвч тусламжийн хэмжээ хүмүүнлэгийн хямралыг зогсооход хангалттай хүч болж чадахгүйг “Washington Post” мэдээлэв. Мөн санхүүжилтийн ихэнх хэсэг НҮБ-ын шугамаар очиж байгаа ч зарим улс орны хувиасаа олгож буй тусламж багтсан болохыг “Reuters” мэдээлжээ. Тусламжийн мөнгийг дүрвэгсдийг хүлээн авах, вакцинжуулалт явуулахад зориулж, зэргэлдээх орнуудад шилжилт хөдөлгөөн зохион байгуулж, терроризмоос урьдчилан сэргийлэхэд туслах юм.

Афганистаны асуудлыг хэлэлцсэн “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар оролцсон бол ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцсонгүй. АНУ-ын хувьд өнгөрсөн амралтын өдрүүдэд “Талибан”-тай анх удаа уулзаж, Афганистанд 64 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.