Эмэгтэй чөлөөтийнхөн багаараа гуравт, эрчүүд зургаад орлоо

 

Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ Норвегийн Осло хотноо үргэлжилж байна. Эхний өдрүүдэд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнүүд явагдахад манай эрчүүд хоёр хүрэл, эмэгтэйчүүд дөрвөн хүрэл медаль хүртэв. Ингэснээр эрэгтэй баг нийлбэр дүнгээр зургаад, эмэгтэй баг гуравт жагсаж, ирэх жилийн Дэлхийн цомд оролцох эрхтэй болов.

Эрчүүдээс 65 кг-д зодоглосон Т.Тулга хүрэл медаль зүүж, дэлхийн медальтны тоог нэгээр нэмсэн. Түүнчлэн олимпын тавдугаар байрын шагналт М.Лхагвагэрэл монгол бөхчүүдээс анх удаа хамгийн хүнд жинд медалийн тавцанд зогссон юм.

Тэгвэл эмэгтэйчүүдээс 20 настай залуу тамирчин Д.Отгонжаргал хамгийн хөнгөн жин 50 кг-д дэлхийгээс анхны медалиа авсан бол 57 кг-д ОУХМ Э.Даваачимэг мөн л дэлхийн аваргаас анхны медалиа авав.

Түүнчлэн 59 кг-д хүч сорьсон Б.Шоовдор сүүлийн дөрвөн жил дараалан медалийн төлөө барилдаж, гурав дахь хүрэл медалиа авлаа.

Мөн 62 кг-ын Э.Гантуяа дэлхийн аваргын анхны хүрэл медалиа авснаар бүсгүйчүүд багаараа гуравт орсон юм. Манай охид 2013 оны ДАШТ-д багийн дүнгээр аман хүзүүдсэнээс хойш анх удаа шагналын тавцанд гарсан нь энэ байлаа.

Ер нь манай эмэгтэй баг энэ жил онцгой байна. Өнгөрсөн гуравдугаар сард тэд Азийн АШТ-д түүхэндээ анх удаа багийн дүнгээр тэргүүлсэн бол олимпод дөрөвт орсон. Харин энэ удаа дэлхийн гуравт эрэмбэлэгдэв.

Энэ удаагийн багийн 50 хувь нь анхны ДАШТ-дээ оролцсон бөгөөд таван бөх анх удаа дэлхийгээс медаль авчрав. Анхны медальтнууд бүгд олимпын жингийнх байсан нь медалийн үнэ цэнийг улам ихэсгэж байна. Нийт 20 тамирчин улсаа төлөөлөн зодоглосноос ес нь медалийн төлөө барилдаж, өөр хоёр бөх шагналт байрт шалгарсан гээд манай бөхчүүд энэ удаагийн ДАШТ-д үнэхээр сайн оролцлоо.

Эрэгтэй багийн дүн

1.ОХУ 173

2.АНУ 168

3.Иран 162

4.Гүрж 68

5.Турк 58

6.МОНГОЛ 56

7.Беларусь 45

8.Азербайжан 42

Эмэгтэй багийн дүн

1.Япон 196

2.АНУ 147

3.МОНГОЛ 78

4.Украин 73

5.Энэтхэг 67

6.Кыргызстан 65

7.ОХУ 64

8.Болгар 49

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-10-08 03:07:24
    Тамирчид, дасгалжуулагчид мундаг юм аа. Энэ дасгалжуулагчид шиг УИХ - ын гишүүдтэй, тамирчид шиг ЗГ - ын гишүүдтэй бол Монгол хөгжлөөрөө дэлхийд 3 -д зогсчих нь...