Онгоцны түлшээ ''алдсан'' импортлогчид Засгийн газрыг бойкот хийсэн үү

Жолооч нар уржигдар үдэш гэнэт бужигнаж эхлэв. Чухам хаанаас ямар мэдээлэл авч шөнөжин колонк дээр дугаарлах болсноо ойлгох ч сөхөө байсангүй. Хэдхэн хоногийн өмнө явгарч хаширсан хүмүүс арга ч үгүй байх. Уг нь тэр даруй Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас “Шатахууны нөөц хэвийн” гэсэн мэдэгдэл гаргасан ч тоох амьтан олдоогүй юм. Гэтэл монголчуудын сэтгэлзүйгээр тоглож, цаг хугацаа, хөрөнгө мөнгийг нь үргүйдүүлж нийтээр нь шатахуунд оочерлуулсны учиг төд удалгүй  тайлагдаж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн шатахууны хомсдол зохиомол уу, бодит уу гэдгийг ялгаж салгах учиртай.

Монгол Улсад “Роснефть”-ийн жижиглэнгийн цэгүүдийг оруулж ирэх асуудал ч Засгийн газрын түвшинд хурцаар яригдсан байна. Энэ мэтээр Монголын төр нийтийн эрх ашгийг хөндсөн асуудалд нухацтай хандаж “Эрчис Ойл” төрийн өмчит компани, “Роснефть” хооронд онгоцны түлш нийлүүлэх Засгийн газрын тогтоолыг өчигдөр баталжээ.

НЕФТЬ ИМПОРТЛОГЧИД МОНГОЛЫГ БУЖИГНУУЛАХ БЯРТАЙ 

Эх сурвалжуудын мэдээллээр зарим нэг шатахуун импортлогчид Засгийн газрын  таалагдаагүй шийдвэрийг эсэргүүцэж, бяраа үзүүлсэн нь энэ аж. Ингэж Засгийн газрыг бойкотлохдоо нийслэлчүүдийг тэр чигээр нь хөдөлгөж сүрийг үзүүлсэн бололтой юм. Тэгвэл энэ “дайн”-ы эхлэл нь өнөөх л шатахуун. 
Нисэх буудалд онгоцны шатахуун нийлүүлнэ гэдэг маш том бизнес. Тиймдээ ч үүний төлөө ширүүн өрсөлдөөн өрнөж өнгөрсөн хугацаанд нэг л компани онгоцны түлш нийлүүлэх гэрээг “өмчилж” ирсэн байдаг. Байсхийгээд асуудал дагуулдаг ч ямар нэг аргаар болгосоор ирсэн нь нууц биш юм. Манай улс нисэх буудлаа өргөтгөж Хөшигийн хөндий рүү нүүлгэсэн нь саяхан. Тэр хэрээрээ онгоцны түлш нийлүүлэх гэрээний дүн нэмэгдэх нь хэнд ч тодорхой. Тиймээс өнгөрсөн хугацаанд Хөшигийн хөндийн нисэх буудалд түлш нийлүүлэх тендерийг хэд хэдэн удаа зарласан ч бүтэлгүйтжээ. Тэгэхээр нь Засгийн газар ОХУ-ын “Роснефть”-тэй  60/40-өөр хамтарсан “Эрчис-Ойл” төрийн өмчит компани байгуулсан. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахыг мэдэнгүүт эрх ашиг нь хөндөгдсөн зарим нэг импортлогч бухимдсаны илрэл нь бидний шатахуунд бөөгнөрсний учир юм. Өөрөөр хэлбэл, нефть импортлогчид хүслээ гүйцэлдүүлэхийн тулд Монголыг бужигнуулахыг яруу тодоор харлаа шүү дээ. Ерөөс энэ бүхний эхлэл нэг алгын чинээ бичигтэй холбоотой юм. Түүнийг санамсартай, санамсаргүй байдлаар нийтийн сүлжээнд хэн дамжуулсан нь бүү мэд. Ямар ч байсан жолооч нарыг шөнө дөлөөр ч хамаагүй хөнжлөөс нь босгоод зам дээр зогсоох их хүчтэй аж. 

Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт хоёр хоногийн өмнө буюу даваа гаригт тодорхой болдог. Харин тэр дунд нь “Роснефть”-тэй хамтарч, Монголын төр онгоцны шатахууныг өөртөө хариуцах асуудал байснаас ийнхүү импортлогчдын бойкот эхэлсэн гэх. Шатахууны хомсдолын бужигнааны он сар ч таарч байгаа нь сонин.  Тухайлбал, мягмар гаригийн орой “Сод Монгол групп” компанийн гүйцэтгэх захирлын тушаал бүхий шатахууны нөөц багассанаас түгээлтийг хязгаарлахтай холбоотой албан  бичиг нийгмийн сүлжээнд тарсан юм. Гэтэл жолооч нар ШТС-дээр дугаарлаж эхлэнгүүт “Шаардлагагүй, тайван бай” гэсэн хоёр өөр мэдэгдлийг нэг өдөр гаргасан болж таарав. Үүнийг ч ШӨХТГ-ын дарга баталж тус компанид хариуцлага тооцохыг салбарын яамнаас хүссэн юм. 

ЭРСДЛИЙН САН БАЙГУУЛЖ, “РОСНЕФТЬ”-ИЙН САЛБАРУУДЫГ МОНГОЛД БАЙГУУЛАХ ТАЛААР ЯРЬЖЭЭ 

Манай улсын шатахууны зах зээл хэдэн нефть импортлогчдоос хараат байгаа нь хоёр ч удаагийн үйлдлээс харагдлаа. Тиймээс цаашид эрх ашиг нь хөндөгдөх бүрт “базуулахаа” болих асуудлыг Засгийн газрын түвшинд ярьжээ. Ингэхдээ хэд хэдэн хувилбар гаргасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр нефть импортлох татварын 20 хувиар эрсдлийн сан байгуулах шийдлийг танилцуулжээ. Хэрэв өнөөдрийнх шиг шатахууны хомсдол үүсвэл эрсдлийн сангаараа шуурхай зохицуулалт хийх юм байна. Мөн Монголбанкинд хөнгөлөлттэй зээлийн суваг нээх асуудлыг хөнджээ. Хөнгөлөлттэй зээлийн суваг байгуулах нь шатахууны зах зээлийг зөв голдрилд  оруулах бас нэг гарц гэж үзсэн байна.

Түүнчлэн нефть импортлогчдын эл үйлдэл олон дахин давтагдах юм бол Монгол Улсад “Роснефть”-ийн жижиглэнгийн цэгүүдийг оруулж ирэх асуудал ч Засгийн газрын түвшинд хурцаар яригдсан байна. Энэ мэтээр Монголын төр нийтийн эрх ашгийг хөндсөн асуудалд нухацтай хандаж “Эрчис Ойл” төрийн өмчит компани, “Роснефть” хооронд онгоцны түлш нийлүүлэх Засгийн газрын тогтоолыг өчигдөр баталжээ. Ер нь олон жил нэг компани ямар нэг аргаар зах зээл дээр монополь байж ирсэн. Тэр хэрээрээ гадны улстай хавсраад ч хамаагүй хүслээ гүйцээдэг байдлыг халах нь зүйтэй гэдэгт танхимын сайд нар санал нэгдсэн сурагтай. 
Шатахууны хомсдолтой холбоотой асуудлаар Засгийн газар, агентлаг болон импортлогчдын төлөөллийн байр суурийг хүргэе. 

 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Их гүрнүүдийн ил далд хоорондын тэмцэл дээд цэгтээ хүрч байна 

-Шатахуун, цар тахлын асуудал улс төрийн амьдралын хурцадмал үед бий олж байгаа учраас үүнийг дагасан таагүй үйл хөдөлгөөнүүд хийгдэж байна. Ковидын дараах эдийн засгийн нөхцөл байдал гэж маш хүнд асуудал бий. Том зургаар харвал их гүрнүүдийн ил далд хоорондын тэмцэл дээд цэгтээ хүрч, хаялгад нь  юмны үнэ нэмэгдэх цаг үе өрнөж байна. АНУ-аас 2000 орчим ам.доллароор ирдэг байсан ачааны тээврийн зардал 10 мянган ам.долларт хүрсэн. БНХАУ-ын дотоодын тээвэрлэлтийн зардал 2-3 дахин өссөн. АНУ-ын Засгийн газар өрийнхөө таазыг нэмэгдүүлэхгүй бол дефолт зарлах тухай асуудал ярьж байна. 

УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Шатахууны хомсдол үүсгэхийг оролдсон 

-Улаанбаатар хотод шатахууны хоёр дахь удаагийн хомсдол үүсээгүй. Шатахуун импортлогч ААН-үүдтэй  уулзалт хийхэд Улаанбаатар хотод шатахууны тав хоногийн хэвийн хэрэглээний нөөцтэй байгааг мэдэгдсэн. Аравдугаар сарын  сарын 14-нөөс нөөц 10-12 хоног болж өснө. Учир нь энэ сард ОХУ-аас 54 мянган тонн АИ-92 бензин нийлүүлнэ. БНХАУ-аас өчигдөр /уржигдар/ 58 вагон шатахуун Замын-Үүдээр орж ирсэн. Үүний найман вагон нь Улаанбаатар руу хүргэгдэж байна. Үлдсэн 50 вагон шатахууныг Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж дээр шилжүүлж байна. Өнөөдөр нааш нь ачих юм. Тиймээс шатахууны хомсдол үүсээгүй, зохиомол хомсдол үүсгэхийг оролдсон гэж хэлэх байна.  

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: ШТС-уудын нөөцийг агуулахтай нь шалгаж эхэлсэн 

-Хязгаарлалт хийсэн компаниудаас эхлэн бусад шатахуун импортлогч компаниудын нөөцийг агуулахтай нь шалгах ажиллагаа явагдаж байна. "Сод Монгол" компанийн үйлдэлд хариуцлага тооцохыг Ашигт малтмал, газрын тосны газар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас хүсч байна. Ямар үндэслэлээр  олон нийтийн дунд төөрөгдөл, ачаалал, хомсдол тасалдал үүсгэх хэмжээнд үйл ажиллагаа явуулсаныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газараас шалгана.

АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр: Шатахуун тасалдсан зүйл байхгүй 

-Шатахуун ямар нэгэн байдлаар тасалдсан зүйл байхгүй. Замын-Үүд болон Сүхбаатар боомт дээр бензин буугаад, хэвийн тараагдаж байгаа. Дэлхийн зах зээл дээрх үнэ тогтвортой байж байгаад өсөлт явагдаж байгаа. Монгол бол импортлогч улс. Үйлдвэрээ барьсан үед шатахууны үнийн асуудал яригдана. "Сод Монгол" группийн ерөнхий захирлын тушаал гарч дотооддоо тодорхой хэмжээний хязгаарлалтыг хийсэн гэх тайлбарыг авсан. УУХҮ-ийн сайд ААН-ийн төлөөлөлтэй уулзаж ярилцахад тухайн үед техникийн алдаа гарсан гэдгээ "Сод Монгол" группээс хэлсэн бөгөөд залруулга гаргасан байсан. 

"Шунхлай" ХХК: Агуулахын нөөц хэвийн

-Өчигдөр /уржигдар/ 16:00 цагаас хойш ачаалал нэмэгдэж ШТС-ууд дээр урт дараалал үүссэн. Үүнтэй холбоотой ШТС-д шатахуунгүй болсон байсан. Шөнөдөө ихэнх шатахуун зарагдаж дууссан. Шунхлай компанийн зүгээс агуулахаас ачилтыг зохион байгуулж байгаа ба зургаан ШТС-д шатахуун очиж амжаагүй, одоогоор 26 ШТС хэвийн ажиллаж байна. Агуулахын нөөцийн хувьд хэвийн байгаа. 

“Сод Монгол групп” ХХК: Манайх шатахуун хязгаарлалт хийгээгүй 

- Мягмар гаригийн орой нийгмийн сүлжээгээр манай компанийг шатахууны хязгаарлалт хийж эхэлж байгаа тухай худал мэдээлэл явж, үйлчлүүлэгч олныг төөрөгдүүлэн, ШТС-ууд дээр шаардлагагүй дараалал үүсгэсэн. Бензин шатахууны нөөц хэвийн хэмжээнд, хүрэлцээтэй байгаа. Шатахууны түгээлтэндээ ямар нэгэн хэмжээ тогтоогоогүй, хэвийн горимоор түгээн борлуулж байгаа. Нефть баазаас нэг автоцистернд шатахуун дүүргэхэд 40-60 минут зарцуулж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-10-08 00:12:16
    Анандбузарын тусгай зөвшөөрлийг цуцал
  • иргэн 2021-10-07 12:41:40
    ШӨХТГазар зохиомол хомсдол эсэхийг шалгаад үр дүнгээ олон нийтэд мэдээлээд явах ёстой. Энэ байгууллага юу ч хийхгүй байна хариуцлага тооц
  • жолооч 2021-10-07 11:51:02
    Оросын колонкуждыг оруулах нь зөв маш хатуу гэрээтэйгээр
  • зөв 2021-10-07 05:09:28
    Засгийн газар нефть бүтээгдэхүүний импорт хариуцсан төрийнг компанитай болж, импортоо гартаа авах нь зөв шийд.
  • Дорнод зочин 2021-10-07 03:29:24
    Цагаан хаданд яагаад ногоон бүс бий болохгүй Нүүрс гаргахгүй байгаа нь тэндэхийн ОБ. Эмнэлэгийн эмч, МХГ-тай тэй холбоотой шүү.
  • иргэн 2021-10-07 02:09:34
    Анандбазараас онгоцны түлшийг салгасан нь дээр ээ. Олон жил МИАТ-ыг сорж амьдарлаа шд