АН-ын акцтай эхэлсэн ээлжит чуулганаас юу хүлээх вэ

Цар тахлын үеийн хоёр дахь намрын чуулган хөшгөө нээлээ. Ингэхдээ Төв талбайд сөрөг хүчин улс төрийн акц хийсэн бол Төрийн ордон дотор гишүүд ээлжит чуулганаа нээлээ. Гишүүд 74.3 хувийн ирцтэйгээр  цугларч, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, парламентаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар цахимаар оролцсон юм. Эргэн санавал, 2021 оны хаврын чуулганы зорилтыг “Хүний эрхийг дээдлэх” хэмээн тодорхойлж байсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд УИХ-аас баталсан 400 гаруй хууль тогтоомжид хүний эрхийн үнэлгээ, дүгнэлт хийх ажлыг УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Судалгааны хүрээлэн, ХЭҮК-той хамтран эхлүүлсэн нь парламентын ажлыг дүгнэх нэг үзүүлэлт болно гэдгийг спикер хэлсэн юм. Тэгвэл цар тахлын амаргүй нөхцөл байдалд дасан зохицох чухал үүрэгтэй энэ удаагийн чуулганаас юу хүлээх вэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс тоймлоё. 

-Хуулийн засаглал тогтоох, хэрэгжилтэд хяналт тавих, авлига, албан тушаалын гэмт хэрэгт хамгийн хатуу шийтгэл оноодог байх. Монгол хүний эрхийг зөрчихтэй хатуу тэмцэнэ. 

-Цар тахлын эрсдэлтэй цаг үеийг даван туулж, сорилт дагуулсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх нь чуулганы эн тэргүүний зорилт байх болно.

-Хааж түгжихийг урьтал болгохгүйгээр хувь хүн, байгууллагын сахилга хариуцлагад тулгуурлаж, үүссэн нөхцөл байдалд дасан зохицоно.  

-Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, улсынхаа эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газрыг дэмжинэ. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллана. 

-Дөнгөж сэргэж байгаа эдийн засагт дусал залгаж, хэвийн гольдролд нь оруулах, улмаар сүүлийн 30 жилийн эдийн засгийн гажиг тогтолцоог засах бодлогын реформ хэрэгжүүлнэ. 
-Өнгөрсөн он жилүүдийн алдааг засч, ирээдүйн хөгжлийн бат суурийг тавих эдийн засгийн тогтолцооны шинэчлэлийг хийхийн тулд уул уурхайн салбараас хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчилнө. 

-COVID-19 эрсдэлийг даван туулж, эдийн засгаа шинэ сэргэлтийн замд шилжүүлэх зорилтыг амжилттай шийдвэрлэхийн тулд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг цоо шинэ шатанд гаргах ёстой гэдэгт ҮАБЗ, УИХ, Засгийн газрын хүрээнд санал нэгдэж байгаа.

-Төсвийн сахилга бол эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх нэг чухал хэрэгсэл юм. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, менежментийг сайжруулах нь энэхүү реформын нэг үндсэн чиглэл болно. 

-Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах арга хэмжээг хойшлуулалгүй эцэслэн шийдвэрлэнэ. Халамжийн бодлогоо цэгцэлж, хөдөлмөр эрхлэлтэд илүү ач холбогдол өгнө. 
-Байгаль хамгаалах асуудалд онцгой анхааралд хандуулна. “Тэрбум мод-Ногоон Монгол” үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулж баталж, халамжаас хөдөлмөрт шилжих зорилттой уялдуулна

-Улс төрийн нам, бизнес, төр хоорондын зүй бус нөлөөллийн зам мөрийг засаж байгаа гол хүчин зүйл нь намын санхүүжилттэй холбогдож байгааг хүлээн зөвшөөрч, ил тод, шилэн болгоно.

-Цар тахад сөрөг нөлөө дагуулсан ч бас шинэ боломжийг нээж өгч байгаа. Цахим ажил, үйлчилгээг технологийн дэвшилтэй уялдуулан, тогтмол хэрэглээ болгоно. 

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгалын зорилтоо энэ чуулганаар үргэлжлүүлнэ. Шүүхийн тухай хууль гацаанаас гарсан. 

-Боловсролын шинэчлэлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх багц хуулийн төслүүдийг хэлэлцэх болно.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.