Олимпод амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Токиогийн олимпод амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг хүлээн авч, шагнаж урамшууллаа.

Тухайлбал,

-Паралимпоос алтан медаль хүртсэн Э.Содномпилжээд 120 сая төгрөг болон гурван өрөө байрны батламж,

-Жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаейд 60 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж,

-Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэгт 30 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж,

-Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатарт 30 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж тус тус гардууллаа.

Түүнчлэн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарыг 45 сая төгрөгөөр, М.Бундмааг 15 сая төгрөгөөр, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулагыг 60 сая төгрөгөөр тус тус шагнав.

Мөн олимпын наадамд амжилттай оролцож, шагналт тавдугаар байр эзэлсэн тамирчдыг тус бүр 20 сая төгрөгөөр, багийн спортын төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн 3х3 сагсны шигшээг 30 сая төгрөгөөр шагнасан юм. Үүнээс гадна Токиогийн олимпод шүүгчээр ажилласан шүүгчид болон баг тамирчдын хувцсыг урласан “Мишел Амазонка” компанийн хамт олныг шагнаж урамшууллаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Амаргүй сорилтын дундаас нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, алтан соёмбот төрийнхөө далбааг Токиогийн тэнгэрт мандуулсан та бүхнээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бахархаж байгаагаа илэрхийлье. Гуравхан жилийн дараа Парис хотноо эхлэх зуны олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо байгуулагдаад байна. Үндэсний хорооны даргын хувьд шаардлагатай бүх асуудлыг анхаарлын төвд байлгаж, Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллах болно гэдгээ мөн илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний шигшээ багийн орчин нөхцөл, залгамж халааг бэлтгэхэд онцгой анхаарч, “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулахаар ажиллаж байгааг та бүхэнд дуулгая. “Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд олон эрх авч, Европын тэнгэрт Монгол төрийн дууллыг олон удаа эгшиглүүлж, Монгол төрийн алтан соёмбот далбаагаа олон удаа мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье” гэсэн юм.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.