Цэц Х.Баттулгын хүсэлтийг дэмжсэнээ хүчингүй болгож, У.Хүрэлсүхийнхийг ёсоор болгов

Эхлээд Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа 2021 оны хоёрдугаар сарын 9-нд Шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт тавьсан. Цэц тэр хүсэлтийг 2021 оны дөрөвдүгээр сарын 28-нд Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн. Тэр үед Х.Баттулга Ерөнхийлөгч хэвээр байв. Тэгэхэд Цэц “...Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн” гэсэн 03 дугаар дүгнэлт гаргасан. 

Харин УИХ тэрхүү дүгнэлтийг 2021 оны тавдугаар сарын 6-нд хэлэлцээд, хүчингүй болгосон тогтоол баталсан.  Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлт Цэцийн Их суудлын хуралдаан хүлээж шийдэлгүй үлдсэн байдаг. Их суудлаараа хэлэлцээгүй байж байтал Ерөнхийлөгчийн сонгууль болж У.Хүрэлсүх сонгогдсон.

Тэрбээр 2021 оны есдүгээр сарын 6-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны хоёрдугаар сарын 9-нд гаргасан хүсэлтээс бүхэлд нь татгалзаж буй хүсэлтээ Цэцэд хүргүүлжээ.

Энэ дагуу Цэцийн Их суудлын хуралдаан өнгөрсөн  баасан гарагт болжээ. Ингээд “...Цэц Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсантай холбогдуулан Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болсонд тооцож, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй ”Цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын 2021 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгов” гэсэн шийдвэрийг нийтэд танилцуулав.

Харин уг хуралдаанд УИХ-ыг төлөөлж оролцсон гишүүд, нэр бүхий хуульчид Цэцийг “...Процессын хуулийн заалтуудыг зөрчсөн” гэж үзэж байна. Тодруулбал, Цэц нь УИХ-ын 41 дүгээр тогтоолыг хэлэлцэхгүйгээр хүчингүй болгосон. Ингэснээр Үндсэн хууль, Цэцийн процессын хуулийн заалтуудыг зөрчсөн. Нөгөөтэйгүүр Цэц Ерөнхийлөгчийн хүсэлтээсээ татгалзах хүсэлтийг хүлээн авах боломжгүй байсан. Нэгэнт Цэцийн процесс эхэлсэн бол, өөрөөр хэлбэл, 2021 оны дөрөвдүгээр сарын 28-нд дунд суудлаараа хуралдахаар танхимд орсноор хүсэлт гаргагч тал татгалзах боломжгүй болсон. Тэгэхээр Их суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн татгалзах хүсэлтийг бус УИХ-ын 41 дүгээр тогтоолыг хэлэлцэх ёстой байжээ. 

Яахав, энэ бүхний дүнд Цэц Х.Баттулгын хүсэлтийг дэмжсэнээ хүчингүй болгож, У.Хүрэлсүхийнхийг ёсоор болгочихож байгаа юм. Харин гялайх юм нь Шүүхийн тухай хууль гацаанаас гарч хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2021-09-27 11:44:51
    Цэц гэж байгууллага энэ хорвоогоос арчигдсаныг харах үнэхээр гунигтай юм.
  • иргэн 2021-09-27 08:21:22
    Цэц нэг талд үйлчлэх гэж дээд суудалд очоогүй байлтаа,ард түмн- талд Улс орны ирээдүйн зөв ш-дл-н төлөө ажиллана шүү!Цаг t та бүгд-г үнэн- төлөө гэсгээх бно шү!...
  • Зочин 2021-09-27 05:01:01
    Цэц Щенко Беловт үнэнчээр зүтгэхээ больж, Топорт үйлчилдэг болов гэвэл арай үнэнд нийцмээр юм уу.
  •  2021-09-27 04:42:29
    ЦЭЦ гэдэг нь эрх мэдэлтэний талд үйлчилдэг гэдгээ бүрэн утгаараа харууллаа.