Л.Эрдэнэболд: Дэлхийд монгол уртын дуу шиг том цараатай сонгодог бүтээл байхгүй

Энэ удаагийн “Өөр зочин” булангийн зочноор цагдаагийн “Сүлд” чуулгын уртын дуучин, цагдаагийн ахлагч Л.Эрдэнэболдыг урилаа.

-“Сүлд” чуулга хөл хорионы үеэр хэрхэн ажиллаж ирэв. Энэ талаар яриагаа эхэлье гэж бодлоо?

-Дэлхий дахинд тархсан цар тахалд Монгол Улс ч өртөж хэцүү байдалтай байлаа. Манай чуулгын хувьд цагдаагийн үүргээ гүйцэтгэж ажиллалаа. COVID эхэлсэн ч дуучид, хөгжимчид, бүжигчдийн нэгдсэн тоглолтыг цахимаар хийсэн. Энэ жил Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүссэний 100 жилийн ой тохиосон учраас ойн тоглолтыг цахимаар хийлээ. Мөн ойн хүрээнд Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатар гуай “Эрхэм төрийн тамгат баатрууд” гэсэн дуулалт жүжиг тавихаар бэлтгэл ажил эхлээд байна. 


-Та энэ дуулалт жүжигт ямар дүр бүтээж байгаа вэ. Өмнө нь өөр дуулалт жүжигт тоглож байсан уу?

-Би энэ дуулалт жүжигт Богд хаан, Чин ван Ханддоржийн дүрийг бүтээж байгаа. Өнөөдрөөс /өчигдрөөс/ тайзны өрөлт эхэлж байна. Хувцсаа захиалсан байгаа мөн дуулалт жүжгийн хөгжмийг бичиж байгаа. Хөгжим бичигдэж дуусахаар цахимаар үзэгчиддээ хүргэх байх. Би СУИС-д 2010 онд элсэж ороод 2015 онд Ардын жүжигчин А.Нэргүй багшийн удирдлага дор уртын дуучин мэргэжлээр төгссөн. Төгсөх курстээ юу сурч, мэдснээ багш нартаа, аав ээж, ах дүүсдээ харуулах тайлан тоглолт хийдэг. Үүнийг манай ангийнхан “Хүрээ хорвоо” гэсэн дуулалт жүжгийг СУИС-ийн “Оюутан театр”-т тавьж байсан. Би энэ дуулалт жүжгийн Гэндэн, Юндэн гэсэн гол дүрийн Гэндэнд дуулж байсан. СУИС-аа төгсөөд 2016 онд Үндэсний урлагийн их театрт ажиллахдаа 2-3 дуулалт жүжгийн туслах дүрд тоглож байсан. 


-Яагаад цагдаагийн байгууллага руу урвах болов?

-Өөрийн сонирхлын дагуу юм даа. Цэргийн хүн болох мөрөөдөлтэй дээрээс нь хувцас, мөрдэс гээд, цаг үеийн юм ч байгаа. Ингээд “Сүлд” чуулгад дөрөв дэх жилдээ ажиллаж байна. 


-Уран бүтээлийн олз арвин биз?

-Уран бүтээл давгүй шүү. 2015 онд төгссөнөөс хойш уртын, ардын болон нийтийн дуу дуулж байна. 2019 онд зургаан дуунаас бүрдсэн кино концерт хийсэн. 2020 онд цомог гаргаад 2021 онд тоглолтоо хийнэ гэж төлөвлөсөн ч цар тахлаас болоод хойшилсон ч хоёр цомгийн уран бүтээлтэй болсон байгаа. Мөн хажуугаар нь хөтлөгч хийж байна. “Сүлд” чуулга цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдыг соён гэгээрүүлэх, соёл, урлагаар үйлчлэх үндсэн үүрэгтэй. Үүнээс гадна олон нийтийн аюулгүй байдал, хэв журам хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэмжлэг үзүүлэх зорилготой байдаг. Тиймээс улсын их баяр наадам, цагаан сар, шинэ жил, сонгууль, COVID гэсэн ачаалалтай үед цагдаагийнхаа үүргийг гүйцэтгэдэг. 


-Уртын дууг дуулахдаа судалгаа хийнэ биз дээ?

-Уртын дуу өвөг дээдсээс уламжлагдан өвлөгдөж ирсэн том өв. Энэ өвийг тээх хувьтай төрсөндөө бахархдаг. Уртын дуугүй үйл ажиллагаа гэж байхгүй. Уртын дууг таван жил сурч төгссөн. Таван жил гэхээр жилд 10 гаруй дуу сураад төгсөхөд 70-80 дуутай болно. Нутаг нутгийн аялгуу, онцлогийг харуулсан уртын дуунууд байдаг. Мөн найран дээр дуулдаг, дуулдаггүй дуу гэж байгаа. Судлах талаас нь ярьвал өөр л дөө. Шинжлэх ухааны судлаачид шиг судлаагүй. Би арга хэмжээн дээр уртын дууныхаа үг, утгыг нь хэлж дуулдаг болохоор хүлээж авах нь өөр байдаг. Уртын дуу нэг хэсэг уналтад орсон юм шиг санагдсан ч эргээд сэргэж байгаа. Манайхан язгуур өв болсон уртын дуу, морин хуур, хөөмий, үндэсний бүжгээ сонирхож судалдаг, сонсдог, дуулдаг болсон байна. 


-Уртын дууг дуулахад хоолойны цар их шаарддаг байх?

-Уртын дууг дуулахад хэцүү. Хөдөө төрж өссөн, мал ахуй, байгаль дэлхийтэй ойр өссөн хүмүүс уртын дууг дуулдаг юм болов уу гэж боддог. Уртын дууны ангид ихэвчлэн хөдөөний хүүхдүүд ирдэг. Би Архангай аймгийн Цэнхэр суманд зургаан хүүхэдтэй айлын отгон хүүхэд нь болж мэндэлсэн. Х ангиа төгсөөд ямар мэргэжилтэй болох вэ гэхэд гавьяат жүжигчин С.Жавхлан, Л.Болдбаатар шиг дуучин болно гээд шалгалт өгөхөд аль ангийг нь сонирхож байна гэхэд бодож байгаад ойрхноор нь уртын дууны ангид орсон. СУИС-д ороод уртын дууны дасгалыг уншаад байхаар байгалийн задгай хоолой аяндаа уртын дууны цохилог, шигшлэг, шуранхай дасгалаар орж ирдэг. Уртын дууны багыг бэсрэг, дундыг суман, цараа өргөнтэйг нь айзам уртын дуу гэдэг. Дуучнаас дээшээ, доошоо өнгө шаарддаг. Уртын дууны амин сүнс нь амьсгаа авах буюу амьсгааны урлаг юм. Нугалаа, айзам, цохилог, шуранхайг маш урт амьсгаа, чанга хоолойгоор дуулдаг. Дээд өнгө, дан шуранхай, давхар шуранхай, тавилт гэсэн хоолойны цар хүрээ, чадал шаардсан дууны том урлаг юм.

 
-Дуулахад хэцүү дуу гэж байдаг уу?

-Байлгүй яах вэ. Том цараатай айзам дуунууд хэцүү. Шуранхай хамгийн дээд цэгтээ хүрээд цаашаа явж барахгүй болж хагасаар унахыг шуранхай гэж байгаа юм. Уртын дуу дэлхийд байхгүй урлаг юм шүү дээ. Дэлхийд монгол уртын дуу шиг том цараатай сонгодог бүтээл байхгүй. 


-Сүүлийн үед залуучууд маань уртын дууг дуулах нь их болсон байна?

-Дуурь, эстрадын анги төгссөн хүмүүс нэг сайхан уртын дуу сурчих юмсан гэж биднээс асуудаг. Хөдөө явж байхад хүмүүс дуурь, эстрад, уртын дууны анги байдгийг мэдэхгүй уртын дуу сонсохыг хүсдэг. Ийм шаардлага тавьдаг учраас сурчихмаар санагддаг юм шиг байна лээ. Нийтийн дуучдаас уртын дуу сурч байна. Тоглолтоо хүртэл уртын дуугаар эхлүүлэх жишээтэй. Залуучууд хүртэл сургалт байдаг уу гэж асуудаг. Манай найзуудаас уртын дууны сургалт явуулдаг хүн бий. Тиймээс уртын дуу хөгжил рүүгээ явж байна. Одоо хүмүүс ойлгоод, үнэ цэнтэй болчихвол сайхан гэж бодож байна. 


-Цаашид уртын дуугаараа дагнаж явах уу эсвэл нийтийн дуутай хослуулах уу?

-Уртын дуучин хүн зохиолын дуу дуулахаар хоолойны форм алдагддаг. Уртын дуучин зохиолын дуу дуулах нь буруу. Уртын, дуурийн дуучин дасгал сургуулилтаа байнга хийгээд формоо алдахгүй байвал гайгүй. Миний хувьд аль болох уртын дуугаа дуулахыг боддог. Гэвч энэ цаг үед хөрвөхгүй бол болохгүй байна. 
 

-Танайд уртын дуу дуулдаг хүн бий юу?                                                                                                                                                                                                   

-Мэдээж удмаас гадна өөрийн унаган байгалийн авьяас, хөдөлмөр нөлөөлнө. Хөдөлмөрлөхгүй бол дуулахгүй. Манай ээжийн аав уртын дууг сайхан дуулдаг, аав маань дуулахаасаа илүү аялдаг байсан нь нөлөөлсөн. 


-Цаашдын зорилго тань?

-Олон алдартай уран бүтээлчийг төрүүлсэн сургуулийг төгсөөд дуучин гэсэн мэргэжил эзэмшсэний хувьд мэдээж зорилго бий. Сайхан уран бүтээл хийж олонд танигдах. Тиймээс өөрийнхөө хэмжээнд багагүй уран бүтээлийг хийгээд явж байна.        

       Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Р.Оюун

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.