COVID-19: Энэтхэгийн халдварын тохиолдлын 99 хувь нь эдгэрчээ

Вакцин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Энэтхэг улсад пүрэв гарагийн байдлаар 33.5 сая хүн COVID-19-ийн халдвар авч, 446 мянга гаруй хүн нас барсан үзүүлэлтээр АНУ-ын дараа хоёрт бичигдэж байна. Тус улс зургадугаар сард халдварын хоёрдугаар давлагаанд өртөн, дельта хувилбар хурдацтай тархасны   улмаас нас барсан өвчтөнүүдээ оршуулах газаргүй болтлоо туйлдсан билээ. Ийн тус улсын халдварын тархалттай холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна. Энэтхэгийн тухайд өнгөрөгч тавдугаар сард нас баралт оргилдоо хүрч 
байсан билээ.

Халдварын тоо буурч эхэлжээ

Энэтхэгт өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 30 мянган тохиолдол бүртгэгдсэн нь 14 хоногийнхоос 25 хувиар буурсан үзүүлэлт юм. Нас баралт мөн таван хувиар буурчээ.Цар тахлаар Энэтхэгт 41 хүн тутмын нэг нь халдвар авч, 3065 хүн тутмын нэг нь халдварын улмаас амиа алдаж байна. Тухайлбал, тус улсад өчигдөр 31 мянган хүнээс халдвар илэрч, 279 хүн амиа алджээ. Үүнээс өмнө лхагва гарагт 27333 мянган хүн, мягмар гарагт 24 мянган хүн халдвар авсан юм. Харин одоо Энэтхэгийн нийт халдварын 99 хувь буюу 32.8 сая хүн эдгэрсэн байна.

Жил хагасын хугацаанд хааллтай байсан сургуулиа арваннэгдүгээр сарын 1-нээс нээхээ Керала мужийн захирагч лхагва гарагт зарлалаа. Тэрбээр халдвар хамгааллын дэглэмийг сайтаар баримтлан сурагчдыг халдвараас сэргийлэхийг Эрүүл мэндийн болон Боловсролын сайд нартаа даалгажээ. Мөн сургуулиас гэр хооронд явахдаа өөр газраар сурагчдыг оруулахгүй, сургуулийн гадаа олон хүүхэд цуглуулахгүйн тулд цагдаа нараар хянуулахаар болжээ. Үүнээс гадна цагдаа нар хүүхдүүдийг маскаа зөв зүүх, гараа ариутгах, нийгмийн зай барихад нь туслах аж. Керала мужид 4.5 сая гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 4.3 сая нь эдгээрээд байна. Харин Тамил Наду мужид анагаах ухааны их сургуулийн хичээл эхэлснээс  хойш оюутнуудаас халдвар илэрсэн учир сургалтын үйл ажиллагааг зогсоожээ.

“Ямар вакцин хийлгэснээс үл шалтгаалан бүх жуулчинг хүлээн авна”

Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди цар тахал намжсаны дараа гадаадаас жуулчин хүлээн авахдаа өөр өөр орны вакцины гэрчилгээг хүлээн зөвшөөрнө гэж лхагва гарагт мэдэгдэв. Мөн тус улс одоогийн вакцины үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээс гадна бусад оронд нийлүүлэхийн сацуу вакцины түүхий эдээр хангана гэж мэдэгдсэн байна.  Тэрбээр “Одоо бид цар тахлын эдийн засгийн нөлөөнд анхаарлаа хандуулах шаардлагатай. Тиймээс олон улсаас жуулчин хүлээн авахдаа аль улсын вакциныг үл харгалзах нь бидэнд тустай.Вакцинжуулалтын хурдаараа Энэтхэг дэлхийд тэргүүлж байна. Саяхан нэг өдөрт 25 сая хүнийг дархлаажууллаа. Бид халдварын хоёрдугаар давлагааны эсрэг сөрж зогсож чадсан. Та бүхний эв нэгдэл, дэмжлэгт талархлаа” гэж ярьжээ. Их Британи улсын тухайд зөвхөн AstraZeneca-гийн Covishield вакцинтай гадаадын жуулчныг хүлээн авахаа мэдэгдсэн бол Энэтхэг үүний эсрэг дүрмийг мөрдөх гэж байна. 

Хүүхдүүдээ ирэх сард вакцинжуулна

Энэтхэг улс 12 болон түүнээс дээш насны хүүхдүүдээ ирэх сараас COVID-19-ийн эсрэг вакцинаар дархлаажуулахаар болжээ. Ингэхдээ өөрийн улсын эм үйлдвэрлэгч Cadila Healthcare (CADI.NS) компанийн ZyCoV-D вакцинаар дархлаажуулна хэмээн эх сурвалж Ройтерс агентлагт ярьжээ. ZyCoV-D нь дэлхийн хамгийн анхны ДНХ-т суурилан бүтээсэн вакцин бөгөөд Энэтхэгийн зохицуулах агентлагаас яаралтай ашиглах зөвшөөрлийг өнгөрсөн сард олгосон юм. Тус компани ирэх сараас эхлэн  сард 10 сая тун вакцин үйлдвэрлэхээ мэдэгджээ. Энэтхэг улс пүрэв гарагийн байдлаар 1.4 тэрбум хүн амынхаа насанд хүрэгчдийг 825 сая тун вакцинд хамруулаад байна. Үүнээс 200 сая нь вакцины бүрэн тундаа хамрагджээ.

Хэдэн эрүүл мэндийн ажилтан цар тахлаар амиа алдсаныг тооцоолоогүй

Энэтхэгийн Засгийн газар халдварын голомтод ажиллаж байгаад нас барсан эрүүл мэндийн ажилтны гэр бүлд таван сая рупи буу 70 мянга орчим ам доллар өгөхөө өнгөрсөн оны тавдугаар сард амлаж байв. Гэвч иргэдээс ирсэн гомдолд үндэслэн
“BBC” агентлаг судалгаа хийхэд цар тахлын улмаас амиа алдсан эмч нарын гэр бүлийнхний ихэнх нь ялгаварлан гадуурхалт, хүнд суртлын улмаас сэтгэл зүйн хүнд цохилтод өртжээ. Тус агентлагийн хамт олон хэд хэдэн  гэр бүлтэй ярилцахад Засгийн газар амлалтаа биелүүлээгүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. Мөн ярилцлага өгвөл нөхөн олговроо авч чадахгүйд хүрэхээс айж байгаагаа ч зарим нь илэрхийлжээ.Үүнээс гадна тус улсын парламентын долдугаар сарын хурлын үеэр хэдэн эрүүл мэндийн ажилтан COVID-19-ийн улмаас нас барсан гэдгийг Засгийн газраас асуухад халдвар авсан болон нас барсан эмч нарын талаарх тоог Эрүүл мэндийн сайд нь хэлж чадаагүй юм. Засгийн газраас энэ жилийн дөрөв болон тавдугаар сар буюу халдварын хоёрдугаар давлагаа эхлэхээс өмнө 100 эмэгтэй эрүүл мэндийн ажилтан цар тахлын улмаас нас барсан гэж мэдээлж байв. Харин Энэтхэгийн Анагаах ухааны холбоо (IMA)-ноос энэ сарын 22-ны байдлаар 1600 орчим эмч цар тахлын улмаас амиа алдаж, 128 эмч нас барсан гэж BBC-д мэдээлжээ. Нийт тооцооллыг үндэслэвэл хамгийн багадаа 1800 орчим эрүүл мэндийн ажилтан коронавирусын халдварын улмаас нас баржээ.Гэхдээ эрүүл мэндийн хэдэн туслах ажилтан нас барсан эсэх тодорхой мэдээлэл ч Энэтхэг улсад алга. Цар тахлын эхний тохиолдол бүртгэгдэж байх үед тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди эрүүл мэндийн ажилтнууд болон тэдний гэр бүлд баяр хүргэж, нисдэг тэргээр хот бүрийн эмнэлгүүдийн дээрээс цэцэг тарааж байсан билээ. Мөн Сангийн сайд Нирмала Ситараман нөхөн олговрын багц олгохоо зарлах үеэрээ эрүүл мэндийн бүх ажилтныг “Цагаан халадтай бурхад” хэмээн нэрийдэж байлаа. Гэвч одоо эрүүл мэндийн ажилтнуудаа Засгийн газар нь тоохоо больжээ.

Халдвараар амиа алдсан хүмүүсийн гэр бүлд 50 мянган рупи өгнө

Халдварын голомтод ажиллаж байгаад амиа алдсан эмч, сувилагчдын гэр бүл Захиргаанд хандсан ч ямар нэгэн хариу өгөөгүй байна. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-наас энэ оны долдугаар сарын 16-ны хооронд Засгийн газарт 1342 нөхөн олговор шаардсан гомдол иржээ. Үүнээс 921 гомдлыг нь шийдвэрлэж үлдсэн 421 өргөдлийг нь одоог хүртэл хэлэлцэж байгаа эсвэл үл хэрэгссэн байна.  Халдвараар нөхрөө өнгөрсөн оны зургадугаар сард алдсан 56 настай Сужата Бхавегийн гомдлыг хэлэлцэхээс татгалзсан гэсэн хариу өгчээ.Түүний нөхөр Мумбай хотын Чих, хамар, хоолойн эмч, доктор хүн байсан аж.

Энэ талаар Сужата Бхаве “Нөхөр маань өвчтөнүүдээ цахимаар үзэж байхдаа хэзээ ч сэтгэл хангалуун байгаагүй. Учир нь чих, хамар, хоолойн өвдөлтийг алсын зайнаас үзэх хэцүү байсан. Тиймээс тэр биечлэн үзэж эхэлсэн юм. Гэвч удалгүй халдвар авч эмнэлэгт хэвтсэн. Түүнээс хойш би нөхрөө хараагүй” гэж ярилаа. 

Түүний өргөдлийг хэлэлцэхээс татгалзсан шалтгаанаа “Таны нөхөр халдвар авах үедээ Засгийн газрын томилсон COVID-19 халдварын тасагт ажиллаагүй” гэж тайлбарлажээ.  Энэ тухай Сужата Бхаве “Хувийн эмнэлэг гэлтгүй бүх л эрүүл мэндийн ажилтанд нөхөн олговор ойлгох ёстой. Гэтэл Засгийн газар үнэхээр шударга бус бас хүнлэг биш байна” гэж BBC-д  ярьжээ. Улсын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа үед нөхөн олговрыг зөвхөн улсын эмнэлгийн эмч нарт олгоно гэсэн бодлогыг эрүүл мэндийн ажилтнууд шүүмжилж байна. Учир нь зарим үед Засгийн газрын шаардлагаар хувийн эмнэлгийн тэтгэвэртээ гарсан эмч нар цар тахлын үеэр ажилласан билээ. Мөн орон нутгийн захиргаанаас халдвартай иргэдийг хүлээн авахгүй хувийн эмнэлгийн зөвшөөрлийг цуцална  хэмээн сүрдүүлж байв.

Харин тус улсын Дээд шүүхээс халдвараар амиа алдсан хүмүүсийн гэр бүлд 50 мянган рупи өгнө гэв.  Нас баралтын шалтгааныг COVID-19 гэж тодорхойлвол  Улсын гамшгаас хамгаалах сангаас дээрх нөхөн олговрыг өгөхөөр лхагва гарагт шийдвэрлэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.