Виртуал хөрөнгийн хууль батлагдсан ч иргэд эрсдэлээ өөрсдөө хүлээнэ

Виртуал хөрөнгийн хуультай болсноор эрсдэл буурч, энэ салбараас ахиухан ашиг хийх боломжтой мэт төөрөгдөл иргэдийн дунд тархаад байна. Мөн хуультай болох сургаар иргэдийн виртуал хөрөнгийн салбарт итгэх итгэл нэмэгдэж бүх хөрөнгөөрөө койн худалдаж авсан тохиолдол ч гарч байна. Гэвч энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх Виртуал хөрөнгийн тухай хууль нь иргэдэд чиглэсэн, эрх ашгийг нь хамгаалсан хууль биш виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх хууль юм. Тухайлбал, Манай улс Санхүүгийн хориг арга хэмжээг авах байгууллага болох ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх олон улсын стандартын 15 дугаар зөвлөмжийг биелүүлэх үүрэгтэй. Үүнд улс орнууд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж ажиллахыг тусгасан. Энэ хүрээнд өнгөрсөн оноос эхлэн Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад холбогдох байгууллагууд хамтран Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчтэй холбоотой хуулийн төслийг боловсруулж судалж эхэлсэн. Үүний дүнд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн болон дагалдах хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг олон улсын туршлага, стандартад нийцүүлэн боловсруулсан байна. Хуулийн ерөнхий агуулга нь зөвхөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээ үзүүлэгч виртуал хөрөнгийн бирж, койн гаргагчийг бүртгэх юм.
Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Виртуал хөрөнгийг зохицуулахдаа шинэ койн зах зээлд чөлөөтэй гарч болохоор зохицуулна. Гэхдээ койн арилжаалж буй бирж нь технологийн хувьд шаардлага хангасан байх ёстойг шаардаж байгаа. Мөн хамгийн гол асуудал нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулалттай, хууль эрх зүйн орчинтой болгох шаардлага үүссэн. Нэгдүгээрт, виртуал хөрөнгийн зах зээлийн арилжаанд орж ирж байгаа мөнгөний эх үүсвэр нь цэвэр мөнгө эсэхийг хянана. Хоёрдугаарт, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч бирж нь технологийн асуудлыг бүрэн шийдсэн компани байна. Хуулийн төсөл бэлэн болсон ч УИХ-аар батлагдаж гараагүй байгаа. Хуулийн зохицуулалтгүй байх энэ үед шинэ койнууд зах зээлд гарч ирж байна. Монголбанк ханш нь тогтворгүй криптовалютын эрсдэлтэй зах зээлд иргэд өөрсдөө хүсээд, эрсдэлээ дааж чадна гэж үзээд орсон бол хориглохгүй гэсэн байр суурьтай байгаа” гэв. 
Криптовалют нь бусад хувьцаа, бонд, үнэт цаасны адил арилжаалж болдог хөрөнгө учраас ханш нь эрэлт, нийлүүлэлтээс хамаарч тогтдог. Ханш нь эдийн засаг, улс төрийн цаг үеийн мэдээллээс ч шалтгаалж савлаж байдаг, тогтмол үнэ цэнийг илэрхийлж чаддаггүй. Тиймээс виртуал хөрөнгийн зах зээлийг хуулиар зохицуулсан ч Монголбанк криптовалютыг төлбөрийн хэрэгсэл гэж үзэхгүй гэдгээ илэрхийллээ. 
Виртуал хөрөнгийн үйлчилгээг 52 оронд хуулиар зохицуулж хөрөнгө оруулалтын төрөл гэж үздэг. Гэсэн хэдий ч эдгээр улсуудын ихэнх нь криптовалютын үйл ажиллагаа явуулах, арилжаанд орохыг л зөвшөөрдөг. Албан ёсны төлбөрийн хэрэгсэл гэж үздэггүй. ОХУ криптовалют олборлолтыг бизнес гэж авч үзэж хуульчлахаар ажиллаж байгаа. Украин улс криптовалюттай холбоотой үйл ажиллагааг хуульчилж биет бус бараа гэж үзсэн ч албан ёсны төлбөрийн хэрэгслээр тооцоогүй юм. Харин есдүгээр сарын 7-нд Эл сальвадор улс койноор төлбөр тооцоогоо хийж эхэлсэн.

Үүнээс харахад улс орнууд виртуал хөрөнгийн зах зээлийг зөвшөөрч хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа боловч арилжаанд оролцсон иргэд ханшийн савлагаанаас үүсэх эрсдэлээ өөрсдөө л хариуцах зохицуулалттай. Тэгэхээр Виртуал хөрөнгийн хууль батлагдчихвал эрсдэл буурна гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Хуулийн гол зорилго нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэж түүгээр орж ирж буй мөнгийг хянах зорилготой. Тиймээс иргэд хөрөнгө оруулах криптовалютаа судалж эрсдэл үүрч чадах хэмжээгээрээ арилжаанд оролцох нь зүйтэй. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Б.Бямбажаргал
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.