Оросын парламентын сонгуульд Путины нам яллаа

ОХУ-ын парламентын сонгууль цар тахлын улмаас гурван өдөр үргэлжилсний эцэст тус улсын Ерөнхийлөгч Путины “Нэгдсэн Орос” нам олонхийн суудал авч, ялалт байгууллаа. Санал хураалтад 14 нам оролцсоноос Төрийн Думийн 450 төлөөлөгчийг сонгосон юм. Үүний 64 хувийн саналыг тоолсон урьдчилсан дүнгээр  “Нэгдсэн Орос” нам 48 хувь,  Коммунист нам 21 хувийн санал авчээ. Тиймээс эрх баригч “Нэгдсэн Орос” нам шударгаар ялснаа намын өндөр албан тушаалтан Андрей Турчак зарлаж, дэмжигчдэдээ баяр хүргэв. Гэхдээ энэ нь 2016 оны парламентын сонгуулийн үр дүнтэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм.Тухайн үед Нэгдсэн Орос нам 54 гаруй хувийн санал авч байв. Сүүлийн жилүүдэд Оросын иргэдийн амьдрах орчин нөхцөл муудсан, сөрөг хүчний удирдагч Алексей Навальный болон бусад албан тушаалтнуудын авлигын талаар олон баримт дэлгэсэн зэрэг нь эрх баригч намын саналын тоо буурахад нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна. Сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон Навальныйн талынхан эрх баригчдын эсрэг сонгуулийн шинэ тактик хэрэглэсэн нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж дүгнэжээ. 

Урьдчилсан дүнг зарласны дараа саналыг луйвардсан гэсэн мэдээлэл тархжээ. Тухайлбал, сөрөг хүчин болох Кремлийг хүчтэй шүүмжлэгч хүмүүсийг сонгуульд оролцохыг хориглосон, олон тооны саналыг хуудсыг гарган хаясан болон зарим иргэдийг хүчээр санал өгүүлсэн гэх сөрөг мэдээлэл гарсан ч тус улсын Сонгуулийн ерөнхий хороо бүх мэдээллийг няцаасан гэж BBC мэдээллээ. Оросын Сонгуулийн ерөнхий хорооноос “Санал хураалттай холбоотой сөрөг мэдээллийг гадаадаас санхүүжүүлж, урьдчилан төлөвлөж, зорилготойгоор тараасан” гэж мэдэгджээ.Халдварын улмаас хэд хэдэн хотын иргэд цахимаар саналаа өгөхийн сацуу Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-аас ажиглагчид ирж чадаагүй байна. Оросын холбооны улсын захиргааны долоон нэгжид цахим сонгууль болжээ. Хүмүүс саналаа зайнаас  өгсөн бөгөөд сонгуулийн ирц Москва хотноо 96 хувьтай буюу хамгийн өндөр байв. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.