Таван жил сунжирсан Хэнтий -Дорнодын зам юу болов
Дорнод аймгийг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбох ажил аль 2009 оноос эхлэлтэй. Гэвч өнөөдөр тав дахь жилтэйгээ золгоод байгаа ч гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй байдлаас болж, уг зам ашиглалтад ороогүй хэвээр байна.
Анх Дорнод аймгийг Нийслэл Улаанбаатар хоттой холбох зорилготой УИХ-ын тогтоол 2010 , 2011 онуудад гарч, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгаж байв.

Ингээд “Монголдоо бүтээцгээе” зорилтын хүрээнд энэ онд хийх гол ажлын нэг яах аргагүй энэ замын ажил байлаа. Иймээс энэ 2014 онд Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан гэсэн зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавин улсаас Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжилтийг шийдсэн юм.

Тэгвэл яг өнөөдрийн байдлаар эдгээр зургаан аймгийн хоёр нь хатуу хучилттай замаар холбогдчихсон бол Хөвсгөл, Сүхбаатар чиглэлийн замууд ямартаа ч энэ сардаа багтаан ашиглалтад орох гэнэ. Тодруулбал, Хөвсгөл аймаг хүртэл 4 км, Сүхбаатар аймаг хүртэл 10 гаруй км замын хучилтын ажил л үлдээд байгаа ажээ.

Харин Дорнод, Завхан аймгийн төв замтай холбох ажил өнөөг хэр нь дуусаагүй байна. Ийнхүү уг хоёр аймгийн зам ашиглалтад орохгүй удаж байгаа нь хариуцагч компанийн хариуцлагагүй байдал болон түүнийг хянах процесс хангалтгүй байгаатай холбоотой болов уу.
Нутгийг иргэд ч "зам гэж там" болсон энэ хоёр аймгийн замыг ондоо багтаан ашиглалтад оруулчих болов уу хэмээн битүүхэндээ л горьдож сууна.

Уул нь Дорнод аймгийг хатуу хучилттай замаар холбосноор Мянганы замын хэвтээ тэнхлэг, Азийн авто замын сүлжээний АН-32 чиглэлийн зүүн чиглэл өргөжихөөс гадна Зүүн гурван аймаг, Монгол улсын зүүн хязгаар хатуу хучилттай авто замтай болох юм.

Хэнтий-Дорнод чиглэлийн зам юуны учир удаашрав
Монгол Улсын хөгжлийн банкнаас санхүүжүүлж,  гүйцэтгэгчээр нь “Насны зам” компанийг шалгаруулж, Хэнтий аймгаас Дорнод аймаг хүртэл нийт 145 км замыг 2010 оны долдугаар сарын 5-наас 2012 оны 11 дүгээр сарын1 хүртэл гүйцэтгэх ёстой  байсан. Гэвч гүйцэтгэлийн ажил он дамжин удааширсаар байв.
Гэтэл “Насны зам” компани гүйцэтгэх ёстой нийт замынхаа  54.17км-т хучилт хийгдсэн байжээ. Энэ бол 2014 оны нэгдүгээр сарын байдлаар авсан үзүүлэлт. Оноор хуваавал 2012 онд 45.3км, 2013 онд 8.87км-ын ажил хийсэн байх жишээтэй. Тэгэхээр гүйцэтгэх ёстой хугацаанаасаа хоцорч эхэлсэн ч замын ажил нь ерөнхийдөө урагшлаагүй гэсэн үг.

Ямартаа ч Хэнтий аймгийн төвөөс цааш 288 км явж Чойбалсанд хүрдэг. Гэвч түүний 230 орчимд хатуу хучилттай зам тавих шаардлагатай. Энэ бүгдийг анх “Насны зам” компани ганцаараа гүйцэтгэхээр аваад байсан ч зарим хэсгийг өөр компаниудад дамласан гэх яриа ч чих дэлсэж байв.

Иймээс Засгийн газрын тэргүүн газар дээр нь очиж танилцаад хагасыг нь “хураан” авч, бусдад тарааж өгсөн. Гэсэн ч үлдсэн 145 км замынхаа ажилд ч хариуцлагагүй хандаж, удааширсан нь энэ.

Ингээд асуудал үүсч, Зам тээврийн сайдаас эхлээд Ерөнхий сайд уг замын ажилд анхаарлаа хандуулж,  Дорнодоос нийслэл хүртэлх замын барилгын ажлыг гүйцэтгэж байсан “Насны зам” компани ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй тул хариуцлага тооцох асуудлыг ярьж байсан ч өнөөдөр ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй байгаа юм.

Энэ онд багтаж ашиглалтад орох уу
Гэхдээ энэ ажлыг үргэлжлүүлэхээр тендер зарласан бөгөөд үлдсэн замуудад  Ерөнхий сайд Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбатад “Замын ажилдаа анхаарал хандуулж, шуурхайлан ажилла. Энэ талаар надад тодорхой мэдээлэл өгөөрэй” гэж үүрэгдсэн. Гэхдээ С.Ганбат дарга Чойбалсан -Өндөрхаан чиглэлийн замаасаа илүүтэй аймаг дотроо тавигдаж буй замуудад илүүтэй анхаарлаа хандуулаад завгүй байгаа бололтой.
Иймээс "энэ 10 дугаар сард багтаж ашиглалтад орно" хэмээж байсан эл зам бас л дараа жилийн нүүрийг үзэж сунжрах төлөвтэй байна.

Замын ажил ямар шатанд явж байгаа талаар Зам тээврийн яамнаас тодруулга авах гэсэн боловч ажлын хэсгийнхэн энэ сарын 16-аас Дорнод, Сүхбаатар чиглэлийн замын ажилтай танилцахаар явж байгаа хэмээн мэдээлэл өгөх хүн олдсонгүй.
Тэгвэл ажлаа өгч байгаа Зам тээврийн сайд Л.Гансүхийн гаргасан мэдээллээр энэ онд Хөвсгөл, Сүхбаатар аймгийн зам ашиглалтад орох гэнэ. Харин Хэнтий-Дорнод чиглэлийн замын сураг алга байна

Уул нь “удаан настай” Дорнодын замыг “Насны зам” компани гүйцэтгэх ёстой байсан Гэхдээ тус компанийн гүйцэтгэх ёстой замаас 90 орчим км замыг гурван компанид олгожээ. Тодруулбал, “Хансуун зам”, “Гашууны гол” компанид тус бүр 27.7 км зам олгосон бол үлдсэнийг нь “Чайна жео инженеринг” компанид олгосон юм байна.
Ингээд нийт таван компани гүйцэтгэгчээр ажиллаж эхлээд ч өнгөрсөн долдугаар сард 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй явсан зам энэ жил дахиад л ашиглалтад орохгүй гэдэг нь тодорхой байна.

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.