Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ түвшинд хүргэх зорилттой байна гэлээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэнгийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн болон УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөлтэй уулзаж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон юм.

Дээрх уулзалтуудын дараа Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн, Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Монгол, Францын харилцаа “Найрсаг харилцаа, хамтын ажиллагаа”-ны түвшинд 55 жилийн хугацаанд амжилттай хөгжиж ирсэн. Уг харилцааг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй байдгаа УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн илэрхийлж, үүнд хоёр талын тэргүүлж буй парламентын бүлгийн гүйцэтгэх үүрэг маш чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй хэлэхдээ, “Манай хоёр улсын харилцаа олон зуун жилийн түүхэн уламжлалтай. Хоёр улсын харилцаа тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэл эрмэлзлэл аль аль талд байгаад баяртай байна. Франц Улсыг “гуравдагч хөрш” хэмээн үзэж байгаад талархалтай байгаа бөгөөд энэ нь харилцааны түвшинг ахиулахад том түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Айлчлалын хүрээнд хийсэн уулзалтуудаар бид  улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, хүмүүнлэг, эрүүл мэнд, боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцлоо” хэмээгээд айлчлалыг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.