С.Одонтуяа: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 30 мянга гаруй иргэдийг цагаатгаад байна

Цаг хугацааны уртад түүхийн алдаа оноо тодрон харагддаг. Хийгээгүй хэргийнхээ өмнө гэм буруутан болсон олон мянган хүмүүс бий. Тэдний ард мөн гэр бүл үр хүүхэд нь бий. Тухайн үеийн нийгэм, улс төрийн тогтолцооны золиос болсон тэдгээр хүмүүс, үр хойчоос нь Монгол Улсын төр уучлал гуйн жилийн бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. Энэ сэдвийн хүрээнд Монгол Улсын Их хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяагаас тодруулга авснаа хүргэж байна.

 

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг хэзээнээс ямар шийдвэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон бэ?

-Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоол зэрэгт жил бүрийн есдүгээр сарын 10-ныг Хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэн, тэмдэглэн өнгөрүүлэх өдөр болгон заасан байдаг. Энэ жил 26 дахь удаагаа арга хэмжээг хийж байна. Ардчиллын амин сүнс болсон хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж байсан тэр он жилүүдийг, тэр гашуун түүхийг хойч үедээ таниулах, дахин давтагдуулахгүй байхын төлөө энэ комисс ажиллаж байгаа юм.

-Өмнөх Улсын их хурлаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, энэ хуулийн гол өөрчлөлт, зорилго, хэрэгжилтийн талаар тодруулбал:

-Манай хуулийн гол зорилт бол Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг олж тогтоож цагаатгах, нэр төрийг сэргээх, хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдүүдэд хуульд заасан нөхөх олговор олгох, бусад хэлмэгдүүлэлтийн хор уршиг, үр дагаврыг арилгах гэсэн зорилготой. Уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд хэлмэгдэгчийн ялын төрлөөс хамаарч 40 эсвэл 80 сая төгрөг олгохоор тусгагдсан нь хуулийн томоохон нэмэлт өөрчлөлт болсон. Хуулийг хэрэгжүүлэх ажлыг ТЕГ, Шүүх, Прокурор, АЕГазар бусад байгууллагуудтай хамтран Улсын комисс түүний ажлын алба зохион байгуулж байна. Улсын комиссын ажлын алба нь уг хуулийн заалтад хамаарах асуудлаар урьдчилсан бүртгэл хийж, зөвлөгөө мэдээлэл өгч, олон нийтэд хуулийг сурталчилан таниулах ажлыг хийж байна. 

-Хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгагдсан иргэдийн нөхөх олговрын талаар, хэчнээн иргэн бүртгүүлж шийдвэрлүүлж байгаа бэ?

-Оны эцсийн байдлаар 1874 иргэн материал бүрдүүлбэрээ ханган бүртгүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлан мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар 1785 иргэний нөхөх олговор олгох тухай шүүхийн шийдвэр ирээд байна. 2019-2021 онд батлагдсан төсвийн хүрээнд 1078 нэхэмжлэгч иргэнд 63.9 тэрбум төгрөгийг олгоод байна. 

-Тэгвэл үлдэж байгаа иргэдийн мөнгийг ямар хугацаанд хэрхэн шийдэх вэ. Шаардлагатай мөнгөний тоог хэлж болох уу?

- Улсын хэмжээнд мөнгөө аваагүй 796 иргэн байгаа, эдгээр иргэдийн мөнгийг олгоход 37.5 тэрбум төгрөг шаардлагатай. Шүүхийн шийдвэр гарснаас хойш хоёр жилийн дотор бэлэн мөнгөөр нэг удаа олгодог.  Мөн 60 буюу түүнээс дээш настай амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд шүүхийн шийдвэр гарсан он дарааллыг харгалзан олгох хуулийн заалттай байдаг. Бид хуулийн дагуу аль болох чирэгдэлгүй шуурхай үйлчлэхийг хичээж ажиллаж байна.

-Цагаатгуулах болон нөхөх олговор авах хуулийн хугацаа дууссан гэсэн энэ талаар мэдээлэл өгөөч?

-Цагаатгалын хууль батлагдсан 1998 оноос хойш дөрвөн удаа хуулийн хугацааг сунган хэрэгжүүлсэн. 2018 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу 5 дахь удаагаа уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хоёр жилээр хуулийн хугацааг сунгасан нь өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр цагаатгуулах болон нэхэмжлэл гаргах хугацаа дууссан байгаа. Мөн энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш буюу 2018 оны нэгдүгээр сарын 12-ноос хойш цагаатгагдсан иргэдийн хувьд бол цагаатгуулсан шүүхийн шийдвэрээ хүлээн авснаас хойш гурван жилийн хугацаанд байна гэсэн хуулийн заалттай. 

-Цагаатгалын улсын комисс байгуулагдсанаас хойш ажлын үр дүнг дүгнэж тоо баримтыг дурдвал?

-Ер нь хэлмэгдүүлэлтийг 1922-1990 оны хооронд авч үздэг. Энэхүү хугацаанд бүрэн бус мэдээгээр 36 мянган хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг. Өнөөдрийн байдлаар 31357 иргэнийг хэлмэгдсэнд тооцож цагаатгуулаад байна. Эдгээр хэлмэгдэгчдийн 66 нь эмэгтэй хүмүүс хэлмэгдэж цагаатгуулсан байдаг. Үүнээс давхардсан тоогоор нийт 19434 иргэнд 80 тэрбум 565 сая төгрөгийн нөхөх олговор, бусад дэмжлэгийг үзүүлээд байна. Мөн хэлмэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэн, тэдний үр хүүхэдтэй хамтран олон хөшөө дурсгалыг бий болгож, залуус хойч үедээ түүхийн үнэнийг сануулж, учир шалтгаан хор уршиг, үр дагаврыг тодруулсан олон ном тохимол, баримтат бүтээлийг олон нийтэд хүргээд байна. Цаашид ч энэ ажил эрчимтэй үргэлжилнэ. Улсын хэмжээнд нийт хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай хөшөө, суварга, самбар, дурсгалын багана, музейн зэрэг 200 гаруй объекттэй болсон байна.

- Бас нэг иргэдийн анхаарал татсан зүйл нь энэ оны зургадугаар сард Нийгмийн зүтгэлтэн Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгасан тухай шийдвэр холбогдох байгууллагаас гарсан байна. Энэ талаар?

 - Улсын комиссын даргын хувьд Монголын хүүхдийн төлөө фондыг санаачлагч, нийгмийн зүтгэлтэн Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг хэлмэгдсэнд тооцож, нэр төрийг сэргээн цагаатгуулах санал, санаачилга гарган Цагаатгалын хуульд тусгаж өгсөн Улсын комиссын эрхийн дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Шүүх 2021 оны зургадугаар сарын 07-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт зааснаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 98 дугаар зарлигийг хүчингүй болгож, А.И.Цэдэнбал Филатоваг цагаатгасан түүхэн шийдвэрийг гаргалаа. Энэ шийдвэрийг үндэслэн холбогдох журмын дагуу Монгол Улсын Дээд шүүхээс цагаатгасан тухай үнэмлэхийг олгоод байгаа. 

- БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 98 дугаар зарлиг гэж та дурдлаа. Энэ нь ямар утгатай зарлиг байсан юм бол? Ер нь А.И.Цэдэнбал Филатоваг яаж хэлмэгдүүлсэн бэ?

-БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлиг нь “А.И.Цэдэнбал Филатовагийн цол, одонг хасах тухай” эрх зүйн акт байсан юм. Уг зарлигаар А.И.Цэдэнбал Филатовад олгосон БНМАУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонг тус тус хасч, хураан авахаар, улмаар түүнд цол одонг олгосон БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигууд тус тус хүчингүй болгосон байдаг.

Шүүх уг 1990 оны 98 дугаар зарлигийн үндэслэлд “...нам, улсын өмнө байгуулсан тодорхой гавьяагүй байхад шагналын зарчмыг зөрчиж А.И.Цэдэнбал Филатовад шударга бусаар олгосон цол, одонгийн талаар улс, олон нийтийн байгууллага, намын гишүүд, хөдөлмөрчдөөс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн...” хэмээн дурдсан нь Цагаатгалын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан “...зохиомол гүтгэлэгт үндэслэсэн...” гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэж уг зарлигийг хүчингүй болгож А.И.Цэдэнбал Филатоваг цагаатгасан юм.

Хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан гэж миний хувьд үзээд байгаа байхгүй юу, яагаад гэхээр  түүний жам ёсны эрхийг зөрчиж хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлаж хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирлыг учруулж байсан нь тухайн үед нөхөр Ю.Цэдэнбалын хамт ЗСБНХУ-д гэрийн хорионд байлгасан, тэдний гэр бүлийн бүх эд хөрөнгийг нь хураасан, нөхөр Ю.Цэдэнбалыг нь оршуулсан өдрийн үдэш шөнө дөлөөр түүнээс байцаалт авсан зэрэг нь баримтаар харагддаг. Ийм хүнлэг энэрэнгүй бус байж болох уу. Үүнээс гадна “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д заасан “...Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй, хэн боловч аливаа улс орныг орхин явах, эргэж очих эрхтэй, хэний ч өмч хөрөнгийг дураар хураан авч болохгүй биздээ. Хүний эрхийн нийтлэг заалтуудыг ноцтой зөрчиж А.И.Цэдэнбал Филатоваг хэлмэгдүүлж байсан гэж үзэж байгаа.  

- А.И.Цэдэнбал Филатова цагаат-гагдлаа. Энэ хүн цагаатгагдсанаар ямар үр дагавар гарах вэ?

- Ардчилсан Монгол Улсад хүний эрхийг зөрчиж болохгүй, ямар нэг байдлаар хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн бол түүндээ уучлал гуйж, зөрчигдсөн эрхийг сэргээдэг байх хэрэгтэй, ийм ч хуультай улс.

Цагаатгалын хуулийн 22 дугаар зүйлд цагаатгагдсан хэлмэгдэгчид хэлмэгдүүлсний улмаас хассан цол, одон, медаль, шагналыг буцаан олгох тухай зохицуулалтыг тусгасан байдаг цол, одон, медаль, шагналыг олгосон байгууллага нь уг хүнийг цагаатгасан тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн буцаан олгохоор хуульчилсан бөгөөд энэ дагуу А.И.Цэдэнбал Филатовагаас хууль бусаар хураан авсан цол, одонг эгүүлэн өгөх эрх зүйн боломж бүрдчихсэн гэсэн үг юм. Тиймээс мэдээж дараачийн алхам бол дээрх цол, одонг холбогдох хуулийн дагуу олгуулах явдал бөгөөд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журмаар цол, одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгох тул энэ тухай хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, өргөн мэдүүлээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2021-09-11 01:45:14
    их гүрэн орос улс монгол руу дагаар орсон буриадуудыг устгах бүр цаашилвал 1200 аад оны үед тэдний толгой дээр сэлэм эргүүлсэн явсаны өшөө одоо яалтай март...
  • Иргэд 2021-09-10 09:20:38
    1998 оноос. омно. цагаатгагдсан х уний. Шуухэд. нэхэмжлэл. гаргах. хугацаа. 2020.12.31 одроор. дууссан.Хугацааг сунгах. хуулийн. ажлаа. яаралтай. хий,!!!!!!!!!