ХААН Банк Төв аймагт 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулж өглөө

Төв аймгийн Зуунмод хотноо сагсан бөмбөгийн 3х3 стандарт талбайг өчигдөр ашиглалтад хүлээлгэн өгснөөр хүүхэд залуусын зорьж очиж тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар нэгээр нэмэгдлээ. Түүхт 30 жилийнхээ ойгоор ХААН Банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд 21 аймаг, нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулж өгөхөөр болсон бөгөөд эхнийх нь ийнхүү Төв аймагт үүдээ нээж буй юм. 

Зуунмод хотын баруун урд зүгт, ХААН Банкны Төв салбарын урд байрлалтай тус сагсан бөмбөгийн талбай нь олон улсын стандарт бүхий зориулалтын резинэн зөөлөвчтэй шал, материал, тоноглолоор хийгдсэн төдийгүй талбайд тоглох хүүхэд, залуусын эрүүл ахуй, аюулгүй байдалд онцгой анхаарч, мэргэжлийн байгууллагуудтай энэ тал дээр хамтран ажилласан юм. 

Төв аймгийн хүүхэд залуус спортоор, тэр дундаа сагсан бөмбөгөөр сонирхон хичээллэх дуртай, улсын хэмжээний томоохон уралдаан тэмцээнд тасралтгүй амжилттай оролцож ирсэн аж. Тухайлбал, насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн “Төв ургац” баг нь лигийн тэмцээнд жил бүр амжилттай оролцож, дэд байрт шалгарч байсан удаатай бол өсвөрийн сагсан бөмбөгийн шигшээ баг нь улс, бүсийн наадмаас алт, мөнгөн медаль хүртэж байжээ. Үндэсний сагсан бөмбөгийн шигшээ багт тус аймгаас ОУХМ Д.Дэлгэрням, спортын мастер А.Батхуяг нарын тамирчин өдгөө тоглож байна. Мөн түүнээс гадна Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, гавьяат тамирчин Ц.Шаравжамцын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн жил бүр зохион байгуулагдаж, 80-90 баг оролцон, ширүүхэн өрсөлддөг гэхээр сагсан бөмбөгийн спорт тус аймагт нэлээд өндөр хөгжсөнийг илтгэж буй. 

Сагсан бөмбөгийн 3х3 стандарт талбайг хүлээлгэн өгөх арга хэмжээнд Төв аймгийн удирдлагуудаас гадна ХААН Банкны Төв салбарын захирал, ажилтнууд болон ХААН Банк Сангийн төлөөлөл оролцсон бөгөөд талбайн цаашдын ашиглалт, хамгаалалт, арчилгаанд Төв аймгийн ЗДТГ-ын холбогдох газраас хяналт тавин ажиллахаар болсон юм.

ХААН Банк компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, соёл урлаг, боловсрол, байгаль орчны салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдгийн хувьд төслийн үр шимийг иргэд, олон нийт бодитоор хүртэхэд онцгой анхаарч ажилладаг. Энэ ч үүднээс хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх их спортын ертөнцөд эх орноо төлөөлөн манлайлан оролцох их үйлсийн эздэд зориулан сагсан бөмбөгийн бүрэн тохижуулсан талбай байгуулж өгөхөөр энэхүү төслийг хэрэгжүүлж буй билээ. 

Өдгөө бусад 20 аймаг, 2 дүүрэгт сагсан бөмбөгийн талбайн бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байгаа бөгөөд ирэх сард багтаан бүрэн тохижуулан хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.  



       Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар...

 
Бусдад түгээх
  • gplus