Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн түүхэнд цоо шинэ хуудас нээгдэж, биржийн бус зах зээлийг /ОТС/ нээж цан цохилоо

2021 оны есдүгээр сарын 07-нд Монголын хөрөнгийн зах зээлд оролцогч байгууллагууд төдийгүй аж ахуйн нэгж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хувьд түүхэн үйл явдал тохиож, Биржийн Бус Зах Зээлийг нээх цан цохих ёслолын ажиллагаа боллоо. Монгол Улсад Биржийн Бус Зах Зээлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөгжлийн эхний шанг татах хариуцлагатай үүргийг Санхүүгийн Зохицуулах Хороо, Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо болон олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын хамт олон амжилттай хэрэгжүүлж, үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. 

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хувьд Биржийн Бус Зах Зээлийн /ОТС маркет/ хамгийн анхны буюу 15 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий Монкон бондын захиалгыг 8 өдрийн дотор амжилттай биелүүлсэн нь тус зах зээлийн хөгжлийн өнгийг тодорхойлсон бэлэгшээлтэй үйл явдал байв. Биржийн Бус Зах Зээлийг албан ёсоор нээсэн түүхэн ёслолын үеэр Монкон бондын 2 дахь зах зээлийн арилжааг эхлүүлж цан цохисон баярт үйл явдал давхар тохиолоо. 



Биржийн Бус Зах Зээл нь үнэт цаас гаргагчдын цаг хугацаа, зардлыг хэмнэж, богино хугацаанд санхүүжилт татах, өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл бий болох, үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах, мэдээллийн ил тод байдал хангах зэрэг давуу талтай юм. 

Тиймээс Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон тус зах зээлийг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэхийн тулд зах зээлд оролцогч бүхий л байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчдын эрх ашиг, ёс зүйг эрхэмлэсэн, мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулан, харилцагчдынхаа үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах амжилтын хөтөч нь байхаар зорин ажиллаж байна. 

Бусдад түгээх
  • gplus