Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг

Хүн аливаа салбарт багшгүйгээр амжилтад хүрэх нь хэцүү. Тэр тусмаа тамирчин хүн дасгалжуулагчгүйгээр амжилтад хүрэх нь боломжгүй зүйл юм. Олон залуусыг амжилтад хөтөлж буй “Тэргүүн” олон улсын жүдо академийн дасгалжуулагч Л.Лувсандэмбэрэлийг энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа урилаа. Тэрбээр дотоодод төдийгүй Тайланд, Йемен улсад дасгалжуулагч хийж жүдо бөхийн төлөө тууштай 30 жил зүтгэж яваа нэгэн юм. Монголын анхны залуучуудын дэлхийн аварга жүдоч Л.Сосорбарам түүний шавь юм. Тамирчин байхдаа улсынхаа нэрийг цуурайтуулж явсан түүний сонирхолтой замналын талаар ярилцлаа.

-Бөхийн спортод хэрхэн хөл тавьж байв?

-Намайг хүүхэд байхад 1980-аад онд хүүхэд бүр заавал спорт, урлагийн дугуйланд явдаг байсан. Анх тавдугаар ангидаа Д.Гансүх багшийн шавь болж жүдо бөхийн дугуйданд явж эхэлсэн. н.Гансүх багшийн дугуйланд надтай хамт шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар, гавьяат тамирчин Г.Отгонцэцэгийн багш Д.Энхбаатар нар явдаг байлаа.

-Яагаад олон секц дугуйлан дундаас жүдо бөхийг сонгосон юм бэ?

-Намайг бага байхад Оросын телевизээр “Бөхийн гайхамшиг” гэж кино гардаг байлаа. Спортын төв ордонд жүдо бөхийн дугуйлан орж байхад заалаар нь шагайж хараад ёс дэгтэй, хувцаслалт бүх зүйл нь“бөхийн гайхамшиг” кино шиг байсан нь таалагдаад сонгосон. Би жижигхэн биетэй хүүхэд байсан. Жүдогийн дугуйланд явах гэтэл багш намайг “Авахгүй, том биетэй хүүхэд авна” гэсэн. Би их гомдож байлаа. Сүүлд нь багшаас та яагаад тэгж хэлсэн юм бэ гэж асуухад “Энэ хүүхэд үнэхээр энэ спортод дуртай эсэхийг нь шалгасан юм” гэж хариулсан.

-Жүдогоор барилдаад гаргасан таны анхны амжилт?

-Бидний үед тэмцээн ховор байлаа. Тавдугаар сарын 1-нд “Тайлан тоглолт” гэж тэмцээн болдог байсан. Анхны тэмцээндээ ялагдаад их шаралхаж байсан. “Сурагч” гэдэг улсын аваргын дараа орох тэмцээн болдог байсан. Улсын аварга болон “Сурагч” тэмцээнд л медаль өгдөг байсан. Медаль одооных шиг биш төмөр хайлуулж цутгадаг. Тэмцээн дууссаны дараа медаль цутгаж дуусаагүй байна гээд хүлээгддэг байсан. /инээв/. “Сурагч” тэмцээнд оролцож анхны амжилтаа гаргаж анхны медалиа зүүж их баярлаж байлаа.

-Дасгалжуулагчийнхаа гарааг хэзээнээс эхлэв?

-Биднийг хүүхэд байх үед хүүхдийг багаас нь нэг зүйлийг сонгоод түүндээ тууштай явах сэтгэхүйтэй болгохыг бодлогоор дэмждэг байсан. Би 1994 онд зүүн хөлөө гэмтээсэн. Бэртлийн улмаас тамирчны замнал маань дууссан ч бөхөө орхиогүй. Баянхонгороос, дүүргүүдээс, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтогтох гэсэн олон хүн надад дасгалжуулагчаар ажиллах санал тавьсан. Анх Сүхбаатар дүүрэгт багшилж байсан. Дараа нь Баянхонгор аймаг, Тайланд улс, Йемен улсад дасгалжуулагч хийж байлаа. Эцэст нь Баянхонгор аймагтаа найман жил ажиллаад сүүлийн үед Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. Дасгалжуулагч хүн өөрийн алдсан алдааг тамирчиндаа давтуулахгүй, өөрийн хүрээгүй амжилтдаа шавиа хүргэхийг хичээдэг. Мөн зөвхөн амжилтад хүргээд зогсохгүй, боловсролыг нь гээгдүүлэхгүй, ухамсартай зөв төлөвшилтэй бие хүнийг бий болгохыг зорьдог. Хувь хүний хөдөлмөр, сайн багшийн ачаар сайн тамирчин болж болно. Хүн болно гэдэг чухал зүйл. Спортын амжилтдаа биеэ тоох, хүний үг сонсохгүй, ах дүү, найз нөхөддөө хүндлэлгүй хандах нь тамирчин хүнд байж болохгүй асуудал. Эдгээр асуудал нь нийгэмд спортын нэр хүндийг унагадаг. Миний хувьд эдгээр сөрөг үйлдлийг гаргахгүй ёс зүйтэй бие хүнийг төлөвшүүлэхийг зорьдог.

-Дасгалжуулах, барилдахын ялгаа нь юу бэ?

-Тамирчин хүн зөвхөн өөрийнхөө төлөө хөдөлмөрлөдөг. Дасгалжуулагч хүн бол өөрийнхөө амьдралыг хойш тавьж орхигдуулдаг. Дасгалжуулагч хийхийн тулд олон зүйлийг судалж мэдэх шаардлагатай болно. Эмэгтэй хүүхэдтэй хэрхэн харьцах, тэдний бие бялдрын онцлог, хоол хүнсний хэрэглээг судалж мэдэх гээд олон зүйлийг судалдаг. Дасгалжуулна гэдэг нь барилдуулах төдий биш, хүний амьдралын чухал хугацааг хариуцаж авч явж байгаа юм. Тэгэхээр дасгалжуулагч хүн алдаа гаргах эрхгүй. Хариуцлага алдвал ахуй амьдрал, суралцах хугацаа, бүх зүйлээ золиослож амжилтын төлөө зүтгэж яваа тамирчны замналыг үгүй хийх учраас нухацтай хандахыг хичээдэг.

-Та гадны олон улсад ажилласан. Гадны тамирчид биднээс болон бид тэднээс юугаараа давуу байдаг вэ?

-Гадаадын тамирчид биднээс хэлний боловсрол илүү байдаг. Гадаад хэлийг эзэмшсэнээр тухайн хэлээр гарсан судалгаа, ном сурах бичиг, мэдээлэл олж унших боломжтой. Тиймээс бид хэл сурч илүү судалгаа хийж боловсрох хэрэгтэй. Тэгж байж орчин үетэйгээ хөл нийлүүлнэ. Бусад орон тамирчдыг нарийн судалж байна. Хэдэн минутад ямар мэхийг яаж хийдэг, ямар алдаа гаргадаг гээд судалгаа гаргасан байдаг.

-Таны ярьж байгаа судалгааг Монгол Улс ямар түвшинд хийж байна вэ?

-“Токио-2020” олимпийн наадамд судалгаа сайн хийсэн гэж бодож байна. Мэргэжлийн хоол зүй болон сэтгэл зүйн баг ажиллалаа. Оролцох тамирчид эрт тодорхой болсон учраас хэнтэй таарвал яаж барилдах талаар олон талын судалгаа хийсэн. Бичлэг их үзэж дүн шинжилгээ хийх шаардлагатай болдог. COVID-ийн нөхцөлд хөл хорионд байхдаа олон бичлэг үзэх боломж гарсан. Шигшээ багийн дасгалжуулагчид олон талын судалгаа гаргаж зөвлөлдөж сайн ажилласан. Үр дүнгээ ч тодорхой түвшинд гаргалаа гэж бодож байна.

-Тамирчдад нийгмийн сүлжээгээр үзэгчдээс сэтгэл санаанд нөлөөлөхүйц доромжлол, эрүүл бус шүүмжүүд очдог. Цахимын нөлөөнөөс тамирчдаа хэрхэн хол байлгадаг вэ?

-“Аливаа хүн сурах чиглэлээ эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно” гэж хүүхдүүддээ хэлдэг. Хэдийгээр миний хэлсэн үг биш ч гэсэн энэ үгэнд их дуртай. Юунд зорьж байгаа нь чухал болохоос замд дайралдах саад бартаанд анхаарах хэрэггүй. Баянхонгор руу гэртээ харих гээд явлаа гэхэд замд дайралдсан шалбааг, саад бүгдийг даваад гэртээ харина. Тэгэхээр наана байгаа саад чухал юм уу, очих газар нь чухал юм уу гэдгийг ойлгох хэрэгтэй. Тамирчиддаа ч энэ үгээр үлгэрлэж зааж сургадаг. Жишээлбэл, Саид Моллайеи. Тамирчин хүнд ямар ч саад бэрхшээл тулгарсан зорилгоо тодорхойлоод багштайгаа зөвлөөд шийдвэртээ үнэнчээр зүтгэхэд эцэст нь амжилтад хүрч болдгийг харууллаа.

-Монгол хүүхдүүдийн гадны хүүхдүүдээс ялгарах онцлог нь юу байдаг вэ?

-Монгол хүүхдийн давуу тал нь ямар ч зүйлд дасан зохицох чадвар сайтай байдаг. Ямар ч спортод хөрвөх чадвартай. Сул тал нь аливаа зүйлд уйдамтгай. Өнөөдөр жүдо барилдаж байгаад маргааш сагсан бөмбөг тоглоно гээд явж байх магадлалтай. Дасгалжуулагч хүн анхлан суралцаж байгаа шавиа уйдаахгүй сонирхолтой байлгах дээр анхаарах хэрэгтэй. Баянхонгорт үндэсний, чөлөөт, жүдогийнхон нэг зааланд бэлтгэл хийдэг байсан. Чөлөөт бөх бол олон жижиг дасгал хийдэг. Үндэсний бөх бол дэвээ шаваа,  өрөлт, зогсолт зааж эхэлдэг. Жүдод уналт өнхөрөлтөөс эхэлж заадаг. Хийж байгаа дасгал нь өөр ч эцсийн дүнд аль аль нь хүн унагаахыг зорьж байгаа юм. Үндэсний бөхийн зогсолтыг, чөлөөт бөхийн олон нарийн техник хөдөлгөөнийг, жүдогийн тэр сонгодог мэхний хувилбаруудыг хослуулж авч явах ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ мэтчилэн дасгалжуулагч хүн өөрийн арга барилаа шинэчилж байх хэрэгтэй. Тамирчин хүн нэг ялагдлын дараа тэр спортод эргэж ирэхгүйгээр явж болно. Эсрэгээрээ нэг ялалтын дараа эргэж буцалтгүйгээр орж болно. Ямар барилдааны дараа ямар зөвлөгөө өгөх, зэмлэх үү, аргадах уу гэдэг нь дасгалжуулагч хүний ур ухаан гэж боддог.

-Монгол хүүхдүүдийн хувьд хэдэн наснаасаа бөхөөр хичээллэвэл тохиромжтой вэ?

-Хүүхэд багаасаа хөдөлгөөний эвсэл суух нь чухал юм байна лээ. Жүдо чөлөөт бөхөөр олон талын авьяастай байж амжилт гаргадаг.  Багаас нь гимнастикаар хичээллүүлээд уян хатныг нь хөгжүүлэх, сагсан бөмбөг тоглуулж орон зайн мэдрэмжийг нь хөгжүүлж ирээдүйн хүчний спортоор хичээллэх суурийг нь тавьж өгөх хэрэгтэй гэж боддог. Хөдөөний хүүхдүүдийн хувьд биеийн хүчийг амьдралын хэв маягаараа аяндаа өөрөө авчихдаг. Харин хотын хүүхдүүдэд биеийн хүч дутмаг байдаг. Дасгалжуулагч хүн хотын хүүхдүүдийг яаж хүчтэй болгох, хөдөөний хүүхдүүдийн ур чадвар дээр хэрхэн суулгах вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Японы жүдод бол хүүхдийг 3-5 наснаас нь хичээллүүлж байна. Хүүхэд энэ насан дээрээ миний дээр хэлсэнчлэн өөр зүйл рүү орчих гээд байдаг. Энэ тохиолдолд эцэг эхийн оролцоо чухал. Хүүхдээ ач холбогдол үр ашгийг нь таниулах шаардлагатай.  Японы ах дүү Абэгийн хувьд аав нь “Онцгой байдлын алба хаагч. Аавынхаа ажил дээр очиж бэлтгэл хийдэг байсан” гэж сонссон. Энэ нь амжилтад нөлөөлж байгаа. Тэгэхээр багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байвал багаасаа хичээллэх боломжтой. Манай улсад бэлтгэлд хүргэж өгөх буцааж авах тал дээр асуудал гардаг. Миний бодлоор монгол хүүхдүүд найман наснаасаа хичээллэхэд тохиромжтой.

-Жүдогийн спорт хүнд юу өгдөг вэ?

-Жүдогоор хичээллэснээр эмэгтэй хүнийг хүндэлдэг, хүнд гар хүрдэггүй, хүний үгийг сонсдог болдог. Хэзээ ч ялагддаггүй онц сурдаг хүүхэд амьдрал дээр гараад алдаа гаргахад хүнд цохилтод орж сэтгэл зүйн асуудалд орсон тохиолдол байдаг гэж сонссон. Харин тамирчин хүн бол хүүхэд байхаасаа түрүүлэхийн жаргал, ялагдлын гашууныг мэдэрчихсэн байдаг учраас амьдралд шантрах, хөл алдах нь бага байдаг гэж боддог. Миний багш н.Гансүх “Буурал хэмээх Гансүхийн амьдрал бол жүдо юм” гэж хэлсэн байдаг. Миний хувьд “Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно” гэдэг үгийг мөрдлөг болгож эрхэмлэж явдаг. Хичээллэсэн болгон аварга болохгүй ч амьрал дээр гараад цэвэрлэгч хийсэн ч сэтгэлээсээ хамгийн сайнаараа хийдэг хүнийг бэлтгэхийн төлөө зорьдог.

-Л.Сосорбарам шавийнхаа талаар яриач. Яаж багш шавь болж байв?

-Би эхлээд дугуйланд ирсэн болгоныг секцэндээ авдаг байлаа. Сүүлдээ бага зэрэг шилж сонгодог болсон. Сайн тамирчин олохын тулд сагсны тэмцээн болсон ч очиж үздэг байв. Гудамжаар явахдаа ч хүүхдүүдийг ажигладаг байсан. Нэг тэмцээнд очсон гурван тэрсхэн охин үймүүлээд болдоггүй. Анзаараад харсан нүдэндээ галтай миний сэтгэлд таарсан хүүхдүүд байна. “Та гурвын хамгийн сайн суниасныг нь жүдо бөхийн секцэнд авна” гэлээ. Тэгсэн “Ямар спорт байдаг юм. Хэд суниах юм бэ” гээд сэргэлэн хүүхдүүд байсан. Маргааш нь ангийн багш нь “Чөлөөт бөхөөр хичээллэ” гээд явуулсан байсан. Хоёр нь чөлөөт бөхийн дугуйланд ороод Л.Сосорбарам маань миний шавь болсон. Нөгөө хоёрын нэг нь олимпийн чөлөөт бөхийн -57 кг-д орсон Б.Хонгорзул, нөгөө нь чөлөөт бөхийн тамирчин н.Пүрэвсүрэн. Гур-вуулаа мундаг тамирчин болсон байна.

-Олон жил дасгалжуулагч хийсэн багш нар бөхийг таньдаг гэдэг. Таны хувьд хүүхдийг барилдаад амжилтад хүрэх үгүйг мэдэх үү?

-Баримжаа байгаа. Ер нь сурлагадаа сайн хүүхэд сайн барилддаг тал ажиглагддаг. Хүмүүс “Манай энэ хүүхэд сурлагадаа тааруу. Гэхдээ бяртай бөх болгоно” гэдэг. Хичээлдээ муу хүүхэд бөх болдог гэдэг бол өрөөсгөл ойлголт. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гээд бусад салбарт тэргүүлж яваа манлайлагч нар бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дэмбэрэлням

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine