''Зүүн гарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа''-г Ховд аймгийн Алтай сум руу шилжүүлжээ

Говийн их дархан цаазат газрын зорилго нь цөлийн бүсийн эмзэг экосистемийг унаган төрхөөр нь нэн ховордсон амьтан ургамлыг амьдрах орчинтой нь хамгаалахын сацуу, түүх, соёлын өвийг хамгаалах, танин мэдэх, зохистой ашиглах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад оршино.

Говийн их дархан газар нь А, Б гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд Б хэсгийн хамгаалалтын захиргааг  дэд бүтцэд ойртуулах, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагын  улмаас   Ховд аймгийн Алтай сум руу шилжүүлсэнтэй холбоотой дараах тайлбарыг хүргэе.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн дарга Д.Хэрлэнчимэг


Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/45 дугаар тушаалын үндэслэл, тайлбар:

Говийн их дархан цаазат газрыг анх Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолоор “Говь-Алтай, Баянхонгор, Ховд аймгийн зарим газар нутгийг хамарсан “Говийн их дархан цаазат газар” хэмээн нэрлэсэн байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/45 дугаар тушаалаар Говийн их дархан цаазат газрын нэрийг өөрчлөөгүй. Харин дархан цаазат газрыг хариуцан хамгаалж буй хамгаалалтын захиргааны нэрийг “Зүүн гарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, тус дархан цаазат газрын нэр нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор анх өгсөн “Говийн их дархан цаазат газар” нэршилтэй хэвээрээ байгаа болно.

Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нэр болон байршлыг өөрчлөх бодит шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл,  Монгол Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Зарим газрыг тусгай хамгаалалтад авах тухай” 41 дүгээр тогтоолоор Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн нутаг дэвсгэрийг 906 мянган га талбай буюу 50 орчим хувиар өргөтгөсөн бөгөөд дархан цаазат газрын 60 орчим хувь нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт хамаардаг, мөн тус дархан цаазат газар нь Зүүнгарын говьд бүхлээрээ хамаарагддаг тул хамгаалалтын захиргааг дархан цаазат газрын төв хэсэгт байрлуулахаар төлөвлөж, Ховд аймгийн Алтай сум руу шилжүүлж, зөвхөн хамгаалалтын захиргааны нэрийг “Зүүнгарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” болгож өөрчилсөн.
Өмнөх хамгаалалтын захиргаа байрлаж байсан Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөл бололцоо хангалтгүй байсан. Тухайлбал, шуудан, төрийн сан, банк, цагдаагийн байгууллага байдаггүй. Мөн хамгаалалтын захиргаанаас 10 км зайтай Тахийн талд бага сургууль, цэцэрлэг байгаа хэдий ч албан хаагчдын хүүхдүүд бүрэн хамрагдах боломжгүй, Бугат суманд 9 жил, Говь-Алтай аймгийн Алтай хотод 12 дугаар ангийг дамжин суралцах явцад сургууль завсардах, их дээд сургуульд элсэн орж чадахгүй хүндрэлүүд гарч байсан.

          Иймээс тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт хамгийн оновчтой, түргэн шуурхай хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж өгснөөс, гадна хамгаалалтын захиргааг шуудан, төрийн сан, банк, засмал зам болон бусад бүх дэд бүтцэд ойртуулж албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүссэн зэрэг нөхцөл шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан гэж үзэж болно.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.