Э.Баясгалан: ''Оюутолгой''-н ТУЗ-өөр ''Рио Тинто''-той холбоотой хариуцлагын багц асуудлыг ярина

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалантай ярилцлаа.

 

-“Рио Тинто”-той холбоотой зардал хэтрүүлсэн, маргаан дагуулсан асуудал хурцдаж байна. Хөндлөнгийн шинжээчид 150 гаруй хуудас тайлан өгсөн. “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүд тайланг хэлэлцсэн үү? 

-“Оюутолгой” дээр Тусгай хороо байгуулагдаж хөндлөнгийн шинжээчид томилж 3-4 сар ажилласны эцэст наймдугаар сарын эхээр дүгнэлт гарсан. Дүгнэлтээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрснийг өмнө нь “Рио Тинто”-гийн тайлбарлаж байснаар геотехникээс үүдээгүй гэж үзсэн. Геотехникээс үүдсэн зардал нь 90 сая ам.доллар байхад бусад 1.4 тэрбум ам.доллар бол менежментийн алдаанаас болсон гэдэг нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, менежментийн алдаа  даамжирсаар 22 сар болсон гэсэн дүгнэлтийг хөндлөнгийн шинжээчид гаргасан.

Дүгнэлтийг наймдугаар сарын 9-нд Засгийн газарт гардуулж өгсөн. Холбогдох мэргэжлийн хүмүүс судалж хэлэлцээрийн үе шатанд ашиглах бүрэн боломжтой.

“Оюутолгой”-н ТУЗ-ийн хүрээнд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг наймдугаар сарын 25-нд хэлэлцэж, танилцаад хэд хэдэн зөвлөмж өгсөн. Есдүгээр сарын эхээр хуралдах ТУЗ-ийн хурал дээр зөвлөмжийг яаж авч хэрэгжүүлэх болон менежментийн алдаа гаргасан асуудалд ямар хариуцлага тооцох талаар ярилцана. Мөн зардал хэтрэлтийг даамжруулахгүй байх арга хэмжээ авах, ер нь менежмент солигдох ёстой юу гэдгийг нухацтай хэлэлцэх ёстой. “Рио Тинто” менежментийн төлбөр гэж авсан мөнгөө авч үлдэх нь зөв үү, үгүй юу гэдгийг хөндөнө. Өөрөөр хэлбэл, хариуцлагын асуудлыг багцаар нь ярихаас гадна хөндлөнгийн шинжээчдийн гаргасан зардал дээр дахин аудит оруулах зөвлөмжийг ярих ёстой. Шаардлагатай бол тусгай хороо байгуулж санхүүгээр мэргэшсэн хөндлөнгийн шинжээчдийг томилж ажиллуулах болно.

-ТУЗ шинжээчдийн дүгнэлттэй холбоотойгоор “Рио Тинто”-гоос тайлбар авсан уу?

-Наймдугаар сарын 25-нд болсон ТУЗ-ийн хуралд “Рио Тинто”-гийн Зэсийн группын гүйцэтгэх захирал Ж.Болд оролцоогүй. Оронд нь өөр хүн төлөөлсөн. Оюутолгойн гүйцэтгэгч компанийн төлөөлөгч хуралд оролцож, ТУЗ-ийн гишүүдийн асуултад хариулаагүй нь тун харамсалтай. Одоо болтол “Рио Тинто”-гоос хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд албан ёсны хариулт авч чадаагүй. Зарим нэг зүйлтэй эвлэрч, санал нэгдэж байна гэснээс биш албан ёсны хариулт өгөөгүй.

“Рио Тинто” үнэхээр менежментийн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа бол ямар арга хэмжээ авч, гэрээндээ ямар өөрчлөлт оруулах вэ гэдгийг ярилцах ёстой. Гэрээ бол хоёр талын эрсдэлийг бууруулах механизм учраас ийм том хэмжээний эрсдэл үүссэн үед маш чухал асуудал. Хамгийн анхны 5.3 тэрбум ам.доллар дээр нэмээд 1.5 тэрбум ам.долларын зардал хэтрүүлсэн байхад хөнгөн хэмжээнд авч хэлэлцэх асуудал биш байх. Тиймээс хариуцлагын асуудал ярихаас гадна цаашид зардал хэтрүүлбэл яах вэ гэдэг дээр ойлголцох ёстой.

-Хариуцлагын асуудлыг хэрхэн харж байна. ТУЗ-ийн гишүүдээс хөндлөнгийн шинжээчдийн гаргасан зардал дээр дахин аудит оруулах зөвлөмж өгсөн гэлээ. Зөвлөмжид юу тусгасан бэ?

-Хоёр байгууллага ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байхад гүйцэтгэгч нь ажлаа сайн хийхгүй их хэмжээний нэмэлт зардал гаргаж дээрээс нь байнга татаас аваад байвал яах вэ. Ажил нь хоцрогдож, зардал нэмээд байгаа асуудал дээрээ бүрэн дүүрэн хариулт өгөхгүй худал ярьж төөрөгдүүлээд байгаа учраас хариуцлагын асуудлыг зайлшгүй ярих ёстой. Засгийн газар ч ийм байр суурьтай байгаа байх гэж бодож байна.

“Рио Тинто” компани менежментийн төлбөр гэж Оюутолгойгоос их хэмжээний мөнгийг тухайн жил эхлээгүй байхад урьдчилаад бэлнээр авдаг. Ингэж урьдчилж мөнгө авч ажиллачихаад сэтгэлд хүрэхгүй, мэхэлсэн тохиолдолд мөнгөний асуудал ярих ёстой. Их хэмжээний мөнгө авах нь үндэслэлтэй юу гэдгийг хөндөх ёстой. Мэдээж цар тахлаас шалтгаалсан нөхцөл байдал байгаа ч цаашид яах вэ гэдгээ тодорхой болгож нарийн тооцох шаардлагатай. Менежмент зөв явсан эсэхээс шалтгаалаад зардал хэтэрсэн асуудал яригдана.

Хөндлөнгийн шинжээчдийн зүгээс зардлаа мэргэшсэн хүмүүсээр хянуулах ёстойг зөвлөсөн. Далд уурхайн бүтээн байгуулалт хамгийн анх батлагдсан 5.3 тэрбум ам.доллар даваагүй байгаа. Тиймээс 6.8 тэрбум ам.долларыг нягтлах ёстой гэж зөвлөсний дагуу ТУЗ-ийн хуралд тогтоолын төсөл оруулахаар бэлтгэж байна.

-Хөндлөнгийн шинжээчид өмнө нь “Рио Тинто”-д ажиллаж байгаад гарсан учраас буруутгаж байна гэсэн мэдээллийг эдийн засагчид өгч байсан. Шинжээчдийн багийг хэрхэн сонгосон бэ?

-Хөндлөнгийн шинжээчдийг томилох гэж 2-3 сар болсон. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээнд далд уурхай болон төслийн менежмент, худалдан авалт, геотехник, зардлын хяналтаар мэргэшсэн мундаг баг бүрдүүлсэн. Мөн энэ багийн гаргасан дүгнэлтийг дахин мэргэжлийн хүмүүсээр хянуулсны үндсэн дээр хөндлөнгийн шинжээчийн баримтад ач холбогдол өгч байгаа. Дүгнэлтийн үнэ цэн хэлэлцээрийн үеэр харагдах байх гэж итгэж байна.

-Далд уурхайг эхлүүлэх асуудал хүлээгдэж байна. Юунаас шалтгаалж байна вэ?

-Засгийн газар есдүгээр сард багтаан далд уурхайг эхлүүлэх байр суурьтай байгаа. “Рио Тинто” компани техникийн хувьд бүрэн боломжтой гэсэн хариултыг өгсөн ч өнөөг хүртэл эхлэхгүй явсаар байна. Албан бус мэдээллээр далд уурхайгаа эхлүүлэхгүй бол сар бүр 100 сая ам.долларын зардал гарна гэсэн тооцоог “Туркойз хилл” компани хийсэн юм билээ. Энэ мэтээр зардал хэтрэхээс гадна төслийн үнэ цэнийг бодолцох ёстой. Өдөр өнгөрөх тусам мөнгөний үнэ цэн унаж байгаа үед төслийн үнэ цэнийг бууруулах эрсдэлтэй. Далд уурхайг эхлүүлэх нь хоёр талд харилцан ашигтай учраас аль болох шуурхайлах шаардлагатай байтал Засгийн газрын зайлшгүй хийх ёстой ажлууд дээр шантаажилж байгаа гэж харж байна. Тухайлбал, Засгийн газар нөөцийн тайлан, ТЭЗҮ-г хүлээж авахдаа мэргэжлийн зөвлөлөөр оруулж, нарийн судлах учиртай. Гэтэл Засгийн газар нөөцийн тайлан, ТЭЗҮ-г хүлээж авсны дараа далд уурхайг эхлүүлнэ гэсэн шантаажилсан, барьцаалсан  арга барилаар явж байгаа нь удаан хугацааны түншлэл үүсгэхэд хүндрэлтэй. Дубайн гэрээн дээр ч ийм асуудал үүсэж байсан.

-Лондоны шүүх дээр арбитрын маргаан үүсгэсэн. Цаашид үргэлжилнэ гэсэн байр суурийг Засгийн газар баримталж байна. “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхий сайдад илгээсэн захиаг нь хараагүй. Хэлэлцээр байгуулах ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг мэдэхгүй учраас тодорхой зүйл хэлэх боломжгүй. Мөн арбитрын маргаанд огт оролцоогүй.

- Засгийн газрын эзэмшиж буй “Оюутолгой” компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасныг Засгийн газар мэдэгдлээ?

-Миний хувьд Монголын талын эзэмшиж байгаа 34 хувийг “Рио Тинто” компани ярилцъя гэдэг бол сонин л сонсогдож байна.

-Ойрын хугацаанд хэлэлцээ эхэлнэ гэж байгаа. Хэрхэн үргэлжлэх бол?

-Хэлэлцээрийн шатанд сайн зөвлөхүүд ажиллуулах ёстой. “Рио Тинто”-гоос санал өглөө гэхэд шийдвэрээ хурдан гаргахаас илүү ул суурьтай хандах хэрэгтэй байх. Монголд ашигтай талаас нь нухацтай судлахаас гадна өөрсдөө санал тавих, хариуцлагын асуудлыг хөндөж ярилцах ёстой. “Рио Тинто” компани хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд бүрэн дүүрэн хариулт өгөөгүй байхад тавьсан саналыг нь яаран хүлээж авч шийдвэрлэх шаардлагагүй гэж бодож байна.

Далд уурхайг эхлүүлэхэд хэлэлцээр өрнөж, төгсөх шаардлагагүй. Тэр болгоныг хэлэлцээртэй холбох нь утгагүй. Хоёр талдаа ашиггүй, эдийн засгийн алдагдалтай шийдвэр гаргаж болохгүй.

-“Оюутолгой”-н ТУЗ тэр бүр нээлттэй байдаггүй. Тиймээс Монголын талын байр суурийг хамгаалахад ямар үүрэг, хариуцлага, нөлөөтэй байдаг талаар нийгэмд хариулт нэхсэн олон асуулт байдаг?

- “Оюутолгой”-н ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь Монголын талаас, гурвыг нь “Рио Тинто”, “Туркойз хилл”-ээс томилдог. Одоо Монголын талаас Н.Баганбанди, З.Ган-Очир бид гурав ажиллаж байна. З.Ган-Очир бид хоёр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард томилогдсон. Ажлаа аваад есөн сар болж байна. Миний хувьд аль болох олон нийтэд нээлттэй, үнэн зөв мэдээлэл өгөхийг хичээж байгаа.

ТУЗ улирал тутам буюу жилд дөрвөн удаа хуралддаг. Хороогоор хэлэлцсэн асуудлыг ТУЗ-д танилцуулж, компанийн захирлууд тайлангаа тавьдаг. Төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг ТУЗ батлахаас гадна 250 сая ам.доллараас дээш мөнгөний хэлэлцээрийг заавал хэлэлцүүлдэг. Санхүүгийн тайлан, хувьцаа эзэмшигчийн асуудал гэсэн олон асуудал бий. 

Миний хувьд гэрээний дагуу Санхүү, аудитын хорооны даргаар томилогдон ажиллаж байна. Мөн өнгөрсөн хугацаанд бид дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй тусгай хороо байгуулж нэлээдгүй цаг авч ажиллаж, шаардлага тавьсны үр дүнд 157 хуудас шинжээчийн дүгнэлт гаргууллаа.

ТУЗ-өөр хэлэлцэж байгаа ихэнх асуудал олонхийн саналаар шийдэгдээд явдаг. Жишээлбэл, харилцан хамаарал бүхий этгээдтэй холбоотой асуудалд Монголын талын байр суурийг хэчнээн хамгаалсан ч олонхийн буюу “Туркойз хилл”, “Рио Тинто”-гийн зургаан гишүүн батлаад явах боломжтой байдаг. “Оюутолгой”-н ТУЗ-д Монголын талын гурван хүн орчихоод зүгээр суудаггүй. Компанийн тухай хуулиар өөрсдийнхөө байр суурийг хамгаалахаас гадна “Эрдэнэс Оюутолгой” компаниас удирдамж авдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хэнэ  2021-09-05 20:27:55
    Энэ гаишиг хэний хүүрэд вэ? Сраз иайор гдг шиг аыиаар артай ороолон бэ?
  • Зочин 2021-09-04 09:34:21
    Өгөр толгой шуналын хүүдий багабандиа солиочээ
  • Иргэн 2021-09-04 04:59:44
    Давгүй л мэргэжилтэн сонгож оруулжээ
  • Сайхан эмэгтэй 2021-09-03 22:51:04
    Харин улс төрч биш мэргэшсэн майн бүсгүй ТУЗ орсон байна
  • Хариу 2021-09-02 15:01:28
    Энэ алиман хацартай хүүхэн хэн бэ? Хаанаас гарч ирсэн улаан хацарт вэ? Юм ойлгодог хүн мөн үү?
  • Монгол 2021-09-02 05:26:49
    Гэрээгээ сайжруулах эсвэл цуцлах асуудлыг цаг алдалгүй шийдмээр юм. Монголын хөрөнгө үнэгүй урссаар байгаад санаа зовдог хүн олон байгаа гэж бодож байна.