Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нэгжтэй болно

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар танилцуулга хийлээ. Соёлын сайдын тушаалаар Соёлын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, нийслэл болон орон нутаг дахь соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдалд шалгалт явуулсан юм.

Шалгалтаар музейн хяналтын камер, дохиоллын систем хуучирч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, харуул хамгаалалтын ажилтны камер, дохиоллын системтэй харьцаж ажиллах чадвар сул зэргээс үүдэн соёлын эсрэг гэмт хэрэг зөрчил гарч байгаа нь тогтоогдсон байна. Мөн сүүлийн жилүүдэд соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа тул хууль сахиулах байгууллагад соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх нэгж байгуулж ажиллуулах шаардлагатай зэрэг дүгнэлт гарчээ.

Иймд төрийн болон орон нутгийн өмчийн музейн дохиолол, хяналтын камерын системийг шинэчлэхийг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн нэгж байгуулах талаар зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болд нарт даалгалаа.

ТОВЧ МЭДЭЭ:

-       “Рио Тинто” компаниас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн албан захидлыг Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа.

-       Аймаг, дүүргийн Засаг дарга нарын үр дүнгийн хэрэгжилтийг хог хаягдлын менежмент, цахим шилжилт, ногоон байгууламж зэргээр дүгнэх шинэ журам боловсруулах үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт өглөө.

-       Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарласантай холбогдуулан “Монголын бүх ард түмний спортын XV наадам”-ыг 2022 онд, “Монголын хүүхдийн спортын VII наадам”-ыг 2023 онд зохион байгуулахаар хойшлуулав.

-       ХХААХҮЯ-наас танилцуулсан мэдээллээр ургац хураалтын урьдчилсан балансаас дүгнэхэд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодоос хангах боломж бүрдлээ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.