

2023 он гэхэд зээлийн хүүг нэг оронтой тоонд буюу 5-7 хувьд хүргэж бууруулах гэсэн Монголбанкны стратеги хүлээлт инфляцийн гэнэтийн өсөлтийн шуурганд сарних шинжтэй болж ирлээ. Зээлийн хүү буурахад үзүүлэх олон хүчин зүйл, нөлөөлөл бий ч инфляци урт хугацаандаа тогтвортой байх нь гол нөлөөтэй. Инфляцийн хөдөлгөөнийг ерөнхийд нь харвал 2019 оны сүүлээс тогтворжиж, алгуур буурах хандлагатай болж ирсэн. 2020 онд “COVID-19” цар тахлын нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхи суларсны зэрэгцээ зарим бараа, бүтээгдэхүүний үнэд Монголбанкнаас зохицуулалтын арга хэмжээ авсантай холбоотойгоор инфляц 2-3 хувьд хүрч буурч нам түвшинд хадгалагдсан. Түүнчлэн Төвбанк бодлогын хүүгээ 6.0 хувьд хүргэж бууруулснаар арилжааны банкуудын хадгаламжийн хүү 7-8 хувь болж буураад байгаа юм.
2021 оны зургадугаар сарын 30-ны байдлаар инфляц улсын хэмжээнд 6.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.1 хувьтай байсан инфляци нийлүүлэлтийн болон нэг удаагийн хүчин зүйлсийн голлох нөлөөгөөр инфляц нэмэгдэх хандлага ирэх улирлуудад үргэлжлэхээр байна. Ингэснээр инфляцийн түвшин 8.0 хувьд хүрэхээр байгааг Төвбанк зургадугаарын сарын инфляцийн тайландаа дурьдсан байна. Гэхдээ энэ нь хоёр улирал үргэлжлэх бөгөөд үүнд өмнөх онд сайжруулсан түлшний үнийг хямдруулсан суурь нөлөө голлон нөлөөлөхөөр байна. Эрэлтийн шалтгаантай инфляц эдийн засгийн идэвхжлийг даган алгуур нэмэгдэж, 2022-2023 онд инфляц зорилтот түвшний орчимд хадгалагдах тооцоололтой байна. Ингэснээр зээлийн хүү зорилтод түвшин рүү дөхнө гэсэн төсөөллийг дэвшүүлээд байна. Өөрөөр хэлбэл, инфляцийн талаарх тодорхой бус байдал буурах тул хадгаламж, зээлийн хүү инфляцийн зорилттой нийцтэй тогтдог болно. Ингэснээр инфляцийн зорилтыг даган хадгаламж, зээлийн хүү буурах аж. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа инфляцтай холбож тайлбар хийхдээ “ Бензиний үнэ дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн шокоор өдөөгдсөн. Нефтийн үнэ, бензиний үнэ зардлын шинж чанартай. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчийн зардлаар дамжиж бараа бүтээгдэхүүний үнэ, өртөгт шингэж үнэд нөлөө үзүүлсэн инфляц байдаг. Гэтэл зардлаар өдөөгдсөн инфляц дээр эрэлтийн хэрэгслээр тулгуурласан бодлогын арга хэмжээ авна гэдэг төдийлөн асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй. Гэхдээ нефтийн үнээс үүдэлтэйгээр инфляцийн эхний үе, хоёр дахь үеийн нөлөө гэж бий. Эхний үеийн нөлөөнөөс илүүтэйгээр хоёр дахь үеийн нөлөөгөөр инфляц цааш ужгирах нөхцөл байдал үүссэн үед Төвбанкны мөнгөний бодлогоор тодорхой хэмжээний тохируулгыг хийх шаардлага үүснэ” гэсэн. Тохируулгын үр дүнгээр зээлийн хүү одоогийнхоор хадгалах магадлалтай байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.Мягмарбаяр