Монгол Улсын визийн журам шинэчлэгдлээ

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын виз олгох журам”-ыг шинэчлэн баталж, наймдугаар сарын 16-наас шинэчилсэн журмыг мөрдөж эхлэхээр боллоо.

Энэхүү журам шинэчлэгдсэнээр Монгол Улсын визийн ангиллууд нэмэгдэж, дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэх зорилгоор нийт 64 ангиллын виз олгохоор болж байна. Тухайлбал, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, контент бүтээх, импортын ачаа болон зорчигч тээвэрлэх, хил орчмын өдрийн аялал жуулчлалаар зорчих, дамжин өнгөрөх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гадаадын иргэнд олгох шинэ төрлийн визийн ангиллууд нэмэгдсэн.Ийнхүү визийн ангиллыг зорилго бүрээр нь нарийвчилж, тодорхой болгосноор гадаадын иргэн Монгол Улсын виз авах хүсэлтээ үнэн, зөв мэдүүлэх, өөрийн зорилгодоо нийцсэн визээр зорчих боломж бүрдэх юм.

Мөн виз олгох байгууллагын бүрэн эрхэд зарим төрлийн өөрчлөлт орсон. Тодруулбал, Гадаад харилцааны яамнаас олгож байсан B буюу бизнес ангиллын 30 хүртэлх хоногийн виз нь K1 болон өөрчлөгдөж, тус ангиллын визийг Гадаадын иргэн, харьяатын газар олгохоор болсон бол J буюу жуулчин ангиллын виз K2 болж өөрчлөгдөж байна Уг виз болон хил орчмын жуулчинд олгох 3 хүртэл хоногийн визийг Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар олгохоор зохицууллаа.

Түүнчлэн Монгол Улсын визийг цахимаар олгох зохицуулалтыг шинээр тусгаж, эхний ээлжид жуулчин /K2/, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох, кино, контент бүтээх /K4/ болон дамжин өнгөрөх /K6/ визийн ангиллыг цахимаар авах боломжтой боллоо. Тус цахим визийн мэдүүлгийг Гадаадын иргэн, харьяатын газар https://evisa.mn/main сайтаар хүлээн авч, гурав хүртэл хоногт багтаан шийдвэрлэнэ.

Үүний зэрэгцээ уг журмаар визийн зөвшөөрлийн хүчинтэй болон виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд дахин хүсэлт гаргах хугацаануудад өөрчлөлт орлоо. Өөрөөр хэлбэл баримт бичгийг хуурамчаар бүрдүүлэн худал мэдүүлсэн тохиолдол визийн зөвшөөрөл олгохоос татгалзаж 30 хоногийн дараа дахин виз мэдүүлэх эрхтэй байсныг 180 хоног болгон өөрчиллөө.

Цахим виз олгох улсын жагсаалт нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан тушаалаар батлагдана.

“Монгол Улсын виз олгох журам”-ыг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.