“Нэг цагийн өмнө ч гэсэн ялаа дуусгаад амьдралд гарах юмсан”

Монголчууд дэлхийн улс орнуудад чөлөөтөй зорчиж олноороо ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байна. Дэлхийд улсынхаа нэрийг сайнаар дуурсгаж яваа олон хүн байхад хөл алдан шийтгэгдэх тохиолдол бий. Харин сүүлийн жилүүдэд манай улс ялтай иргэдээ эх оронд нь шилжүүлэн авахад анхаарах болжээ. Хамгийн сүүлд гэхэд Хууль зүйн яамнаас БНХАУ-тай ялтан шилжүүлэх гэрээг өнгөрсөн наймдугаар сард эцэслэн шийдвэрлэсэн. Ингэснээр гадаадад ял эдэлж буй иргэдийн багагүй хувь нь эх орондоо шилжих боломж нээгдсэн.

Үүний адилаар эх орондоо ирсэн нэгэнтэй уулзах хүсэлтийг Хууль зүйн яаманд гаргаснаар хүний нутагт согтуурч нэгэндээ халдан ял сонссон хэрэгтэнтэй ярилцахаар болсон юм. Ингээд Дархан-Уул аймаг дахь чанга дэглэмтэй 435 дугаар хорих ангийг зорьсон юм. Тэрээр Чехийн шоронд хүн амины хэргээр гурван жил гаруй хоригдсон, 40 гарч яваа залуу. Ялтан солилцох гэрээний дагуу гадны улсаас эх орондоо шилжиж ирсэн гурван хүний нэг нь тэр. Зорьж очсон залуу маань “Сайхан зүйл хийсэн биш, нэр усаа цоллоод яахав” гэснээр түүний нэрийг нууцлав. Тэрээр Чех улсад бусдын адил ажиллаж, амьдрахаар 2008 онд гэр бүлээрээ гарчээ. Гэвч хоёр жилийн дараа архинаас болж хүний аминд хүрэхийг завдсан хэргээр 11 жилийн ял сонссон юмсанж. Харин Монголд өнгөрсөн нэгдүгээр сард иржээ.  Түүнтэй ярилцлаа.

-Хэдий эрх чөлөөгөө хасуулсан ч нутагтаа ирэх ямар байв?

-Сайхан байлгүй яахав. Өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд ирсэн. Гэхдээ хаана ч адилхан л шорон. Тэнд бол байнгын цоожтой өрөөнд. Сард нэг удаа гэрийнхэнтэйгээ уулзана. Манайх арай чөлөөтэй юм.

Тэнд биднийг хариуцдаг нийгмийн ажилтнаас эх орондоо шилжиж болдог юм байна гэсэн мэдээллийг анх авсан. Дээд шүүхэд нь хүсэлт гаргаад жил гаруй хүлээсний эцэст нутагтаа ирлээ. Манай талынхан ч сайн хөөцөлдсөн юм билээ.

-Уг нь гэр бүлээрээ ажиллахаар нутгаасаа гарсан гэсэн. Яаж яваад хэрэгт холбогдчихов?

-Ажлын гэрээгээр 2008 онд яваад зургаан жил болоод ирж байна. Хоёр жил гаруй ажиллаж байгаад ийм хэрэгт холбогдчихсон. Найзтайгаа үл ойлголцсон. Дутагдлыг нь хэлсэн, тэр маань ойлгоогүй маргалдсан. Цочмог уурнаас л болсон асуудал. Бас тэр үед бид уучихсан байсан. Тэнд байхдаа ойлгосон зүйл гэвэл монгол залуус бид хэтэрхий омогтой юм. Үүн дээр биднийг мунхруулж байгаа зүйл нь архи. Тэнд /Чехэд/ архинаас үүдсэн хэрэгтэй хүмүүс бараг байдаггүй.

-Хохирогч чинь монгол хүн үү?

-Монгол хүн. Манайхаар бол хохирогч нас бараагүй. Шүүх хурлын үеэр гомдолгүй гэсэн. Гэвч Чехийн хууль хатуу учраас 11 жил авсан.

-Хэдий нас бараагүй ч гэсэн хүний эрүүл мэндэд халдсан үйлдлээ өмөөрөхгүй биз дээ. Одоо манайхаар хүн амины хэргээр яллагдаж байгаа юу?

-Тийм.

-Тэгвэл хэрэгтээ гэмшиж байв уу?

-Гэмшилгүй яахав. Архи уугаагүй байсан бол ямар ч байсан хань ижил, үр хүүхдээ, өөрийгөө зовоохгүй сайхан амьдрах байсан.

-Энд тогооч хийж байгаа гэсэн. Ангийнхны яриагаар та их дуугүй хүн бололтой?

-Хүний нутагт байснаас эх орондоо ирээд сэтгэл санаа тайван байна. Тэнд маш их ганцаарддаг байлаа. Их ч зүйлийг бодогдуулж, ухааруулдаг юм байна. Гэр орон, нутгаа санана. Хүн сэтгэл санаагаар л хурдан явчихдаг. Тэндэхийн бусад шоронд байгаа монгол залуустай захидлаар харилцана. Ингэж л гурван жилийг өнгөрөөсөн дөө.

-Бусад шоронд нь бас монголчууд байдаг байх нь ээ?

-Бусад шоронд нь монголчууд бий. Миний байсан шоронд ганцаараа монгол. Яахав хэлийг нь халтар хултар ойлгох ч сэтгэлээ онгойтол ярьчих хүн байдаггүй. Гэхдээ хоёр, гурван найзтай болсон шүү. Тэд Монголыг Чингис, Бат хаанаар мэддэг юм билээ.

Тэнд голдуу хүн амь, хар тамхины хэрэгтэй хүмүүс байдаг. Архинаас болсон хэрэг бараг байгаагүй.

-Наранд гараад юу хийе гэж бодож байна. Гадны улсыг гэр бүлээрээ зорьж байсныг бодоход одоо ч том зорилготой байгаа байх?

-Шоронд гурван жил байтугай нэг хоног ч их хугацаа. Нэг цагийн өмнө ч гэсэн ялаа дуусгаад амьдралд гарахыг хүсч байна. Гарсныхаа дараа амьдралаа бодно. Ялаа хурдан дуусгаад нэг хоног, нэг цагийн өмнө ч эндээс гарах юмсан гэсэн залуус олон байдаг.

-Гэр бүлийнхээ талаар яриач. Эхнэр чинь саяхан Чехээс ирсэн гэж дууллаа. Гэвч харамсалтай явдал бас болжээ?

-Аав минь бурхан болоод удаагүй байна. /уйлав/. Гэр бүлийнхээ талаар ярихгүй байж болно биз дээ.

-Магадланд орохоор хүлээж байгаа гэсэн байх аа?

-Шүүх магадлагаа хүлээж байна. Ангиараа ороод тэнцчихсэн. Шүүхээр ороод тэнцвэл дэглэм буурна даа.

-Монгол залуусыг омголон гэлээ. Та ч бас тэдний нэг. Хэрэв бухимдаагүй, архи уугаагүй бол гэж та боддог уу?

-Хэрэв би найзтайгаа архи уугаагүй, огцом авирлаагүй, тэр миний үгийг зөвөөр ойлгосон бол өдийд ингээд суухгүй байсан. Багахан уур бухимдлаас болоод залуус амьдралаа баллаж байна. Үүний тод жишээ нь би. Үүнийг манай залуус сайн ойлгоосой. Архинаас бүх муу зүйл үүддэг. Бид жаахан бухимдал, ямаан омгоо дармаар юм байгаа юм. Хүлээцтэй, буурь суурьтай хандаж байвал арай ийм байдалд хүрэхгүй. Залуус маань архинаас татгалзаж яваасай.
 

Зууны мэдээ
Б.Энхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ар гэр 2014-10-16 12:11:22
    энэ залуу шиг ямаан омгоор хэрэгт анх холбогдсон мөн зарим нөхдийн хатгаасаар хэрэгт холбогдсон сайхан залуус их байна оо төр засгийн хууль байгаа болохоор бүгд л тортой хашаанд хоригдож байна тэр газарт хүн хүмүүждэг бол хориод цагдаад байж болно Тэмүүжин сайдын хэлсэнээр 75% эргээд ордог гэсэн нь ямар болгож байгаагийн нэг тод жишээ шүү дээ
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-10-16 08:55:37
    harin tm ee ihenhdee buruu humuust urshuul uzuulcheed bhiin sain sudlaad unen goloosoo haramsaj bgaa hun uur shuudee yamar ch yumiig hetruuleheer tolgoi tsusdana shuu zaluusaa
    202.179.20.151
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-16 03:04:06
    ямар сайн байхав, гэмшсэн нь мэдэгдэж байна, зөв ярьж байна.Ийм залуусыг харж хандаад хөнгөлөх заалт байдаг уу.
    112.72.13.58
    Мэдэгдсэн Хариулах