Хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголтыг бүхэлд нь өөрчилмөөр байна

Ямар ч бэрхшээлтэй хүний сэтгэлийг шархлуулахгүй, хавчин гадуурхахгүй, нийгмийн харилцаанд эелдгээр хүлээн зөвшөөрч хамтдаа хөгжих нь иргэн бүрийн наад захын хүнлэг чанар юм. Гэвч энэ хүнлэг чанар бидэнд дутагдсаны улмаас санаатай болоод санамсаргүй байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хэмээх ангилалд багтах болсон хүмүүсийг гадуурхаж, эрхийг хассаар бид өнөөдөртэй золгожээ. Одоогоос хоёр жил гаруй хугацааны өмнө тодоор бичигдэхүйц нэгэн үйл явдал болсон нь манай улсын хамгийн анхны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв хэмээх байгууллага нээлтээ хийсэн өдөр юм.Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн бүрийг нийгмийн амьдралд оролцох нөхцөл боломж, орчныг бүрдүүлэх хүрээнд хийсэн томоохон ажлын нэг нь энэ. Өдөрт 500 хүүхдийг хүлээн авч сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх бүрэн хүчин чадалтай, орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжөөр хангагдсан цогц үйлчилгээтэй энэ төв ашиглалтад орох хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эрхээ бүрэн дүүрэн эдэлж чаддаггүй байв. Харин одоо тэд  БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан энэ төвөөс хүүхдийн сэргээн засах тусламж, боловсролыг дэмжих, тэгш хамруулах, нийгмийн сэргээн засах үйлчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө гэсэн шаардлагатай бүх үйлчилгээг цогцоор нь авдаг болсон. Тус төв  хоёр сарын хугацаанд COVID-19 халдвартай өвчтөнүүдийг хүлээн авч байгаад энэ сарын 2-ноос үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлээд байна.Нээлтээ хийснээс хойших хоёр жилийн хугацаанд 6928 хүүхдийг сэргээн засах тусламж үйлчилгээнд хамруулжээ.

Монгол Улсад 105 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгийн 11 мянга гаруй нь хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдэд цогц үйлчилгээ үзүүлэх цорын ганц үндэсний хэмжээний энэ төвд 21 аймаг, есөн дүүргээс бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирж үйлчилгээ авдаг.Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв улсын хэмжээнд харъяалал харгалзахгүй, хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй 18 хүртэлх насны хүүхдийг хүлээн авч, бие эрхтэний үйл ажиллагааны хязгаарлагдмал байдлыг сэргээх, хоёрдогч хүндрэлээс сэргийлэх, танин мэдэхүйн хөгжлийн цогц тусламж үйлчилгээг үзүүлдэг юм.

Сэргээн засалт эрхэлсэн дэд дарга Ц.Батчимэг

Энэ талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнсэргээн засах хөгжлийн төвийн Сэргээн засалт эрхэлсэн дэд дарга Ц.Батчимэг “Манай төв хүүхдийн хэл яриа, танин мэдэх чадварыг сайжруулах, өөрийгөө илэрхийлэх, харилцан ярилцах, амьдралд биеэ даах чадварыг сайжруулах, тэднийг хөгжүүлэх ганцаарчилсан болон бүлгийн хөтөлбөртэй. Тулгуур эрхтэний, мэдрэл мэдрэхүйн, хараа, сонсгол, танин мэдэхүй оюуны хэл ярианы бэрхшээлтэй, цаашлаад хавсарсан эмгэг, төрөлхийн болон хоёрдогч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ивээж халамжлана гэсэн утгыг манай байгууллагын лого илэрхийлдэг.Сэргээн засах эмчилгээ гэдэг багийн үйл ажиллагаа байдаг. Сэргээн засах эмч тухайн хүүхдэд ямар эмчилгээ хэрэгтэйг тодорхойлж, эмчилгээний ойрын болон хэтийн төлөвлөгөө гаргадаг. Эцэг эхээс хүүхдэдээ ямар чадвар эзэмшүүлэхийг зорьж байгаа талаар санал солилцож ойрын болон хэтийн төлөвлөгөөг эмч гаргадаг. Төлөвлөгөөний дагуу 14-21 хоногийн хугацаанд сэргээн засах, тэгш хамрагдах үеэр заасан хичээл, үйлчилгээ, эмчилгээ бүрийг эцэг эхэд нь аль болох зааж өгдөг. Тухайлбал таны хүүхэд толгойгоо даахгүй байлаа гэхэд ямар дасгалыг яаж, хэдэн минутаар гэрийн нөхцөлд хэрхэн хийлгэхийг асран хамгаалагчид зааж зөвлөж чиглүүлж өгдөг. Дасгалыг зөв хийж байгаа эсэхийг сэргээн засахын эмч болоод хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч нар хянадаг. Энэ нь эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах, цаашлаад хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагааны чадвар буурахгүй байх давуу талтай. Гурван сар тутамд буюу улиралдаа нэг удаа хэвтэж эмчлүүлнэ. Гэртээ байх гурван сарын хугацаанд хүүхэд төвд сурсан чадавхиа алдаагүй байх нь хамгийн чухал. Тухайн хүүхдийн чадамж сайжрах, муудах эсэх нь гэрийн даалгавар хэр хийснээс тодорхой хэмжээнд шалтгаалдаг. Эмч нар, танин мэдэхүйн хөтөлбөрийн багш, холбогдох мэргэжилтнүүд маань 14-21 хоногийн хугацаанд хийсэн эмчилгээнийхээ үр дүнг алдагдуулахгүйн тулд эцэг эхчүүдийн хүүхэдтэй ажиллах арга барилыг зайлшгүй сайжруулдаг” гэж ярилаа.

“Сэргээн засах үйлчилгээнд эрт хамрагдах тусмаа амьдрах чадвар нь эрт сайжирдаг”

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийгмийн харилцаанд оролцож, бүх үйлчилгээг ижил тэгш хүртэх боломжийг бүрдүүлэхэд тулгарч байсан суурь асуудлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийнтөв шийдвэрлэжээ. Тус төвд очиж эмчлүүлснээр эцэг эх хүүхдийнхээ хамгийн эхэнд хөгжүүлэх шаардлагатай чадварыг олж мэдэхээс гадна түүнийг нь хэрхэн хөгжүүлэх арга барилд суралцахаараа давуу талтай. Сэргээн засах тусламж үйлчилгээнд таны хүүхэд эрт хамрагдах тусмаа биеэ даах, амьдрах чадвар нь төдий чинээгээр эрт сайжирдаг. Харин хүүхдийнхээ ямар нэгэн эмгэгийг нууж сэргээн засах үйлчилгээнд хамруулалгүй удвал өвчин хүндэрч, сэргээн засах боломжгүйд хүрэх эрсдэлтэй байдаг аж. Тиймээс хүүхэд тань хөгжлийн хоцрогдол байгааг олж мэдсэн л бол аль болох эрт эмчилгээ хийлгэхийг тус төвийн мэргэжилтнүүд зөвлөж байна.

Сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах арга барил байдаггүй талаар эцэг эхчүүд ярьсныг бид өмнөх нийтлэлээрээ хүргэж байсан. Тэгвэл олон улсын стандартад нийцсэн цогц үйлчилгээ үзүүлдэг тус төв мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсанаас гадна ажилчдын тодорхой хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг нь бас нэгэн онцлог юм. Энэ талаар  Сэргээн засалт эрхэлсэн дэд дарга Ц.Батчимэг “Манай төв тусгай хэрэгцээт боловсролын мэргэшсэн багш,мэргэжилтэнтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмч сувилагч гэж ярих нь зохимжгүй юм. Хүүхдийн сэргээн засах эмч, хүүхдийн эмч,сул харааны чиглэлээр сэргэшсэн нүдний эмч, чих хамар хоолойн эмч, лабораторийн эмч, дүрс оношилгооны эмч, хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч, хэл засалч, хүүхдийн сэтгэлзүйч, гэр бүлийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, ортези, протезийн гээд бүх төрлийн цогц мэргэжилтэн бий. Тэд хүний их эмчээр зургаан жил, нарийн мэргэжлийн эмчийн сургалтад хоёр жил, тэгээд дараа нь хүүхдийн сэргээн засах, хүүхдийн мэдрэл, гэх мэтээр дараалан сургалтад сурч төгсөж мэргэшсэн хүмүүс юм. Хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголтыг бүхэлд нь өөрчилмөөр санагддаг. Ямар нэгэн бэрхшээлтэй ч гэсэн бидэнтэй адил ажиллаж, хөдөлмөрлөж, амьдардаг гэсэн бэлэн жишээ манай байгууллагаас харагдаж байна. Үүднээсээ эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилладаг. Тэд ч бас байгууллагын дотоод дүрэм журмыг мөрдөж, тушаал зааврыг хэрэгжүүлэнажиллаж байна.  Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг илүү их ойлгож, хүлээн зөвшөөрч, нийгмийн харилцаанд тэгш оролцуулах хэрэгтэй” гэсэн юм.

ОХУ-ын Казань хотод 2022 оны өвлийн тусгай олимп зохион байгуулагдахаар болсон. Энэ тэмцээнд заалны хоккей /floorball/ төрлөөр Монгол Улсаа төлөөлөн оролцох охидын баг тус төвд хэвтэн “Сэргээн засах тусламж үйлчилгээ”, “Нийгмийн сэргээн засалтын хөтөлбөрүүд”-д болон үндсэн спортын бэлтгэл сургуулилтдаа хамрагдаж байна.

Энэ тухай Монголын Тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг “Тусгай олимп нь оюуны бэршээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулан эрүүл чийрэг болгох, нийгэмшүүлэх, нийгмийн хандлагыг өөрчлөх зорилготой. 2022 оны нэгдүгээр сард  Казаньд болох эмэгтэй заалны хоккейн бэлтгэл баасан гарагт албан ёсоор эхэлсэн. Манай тамирчдыг хэвтүүлэн эмчлэнгээ бэлтгэлийг нь хангуулж байгаа сайхан үйл явдал болж байна. Бүгдийг нэг дор цуглуулаад бэлтгэл хийх газар байдаггүй.  Харин энэ удаа хангалттай сайн бэлтгэл хийх боломж бүрдлээ. Бэлтгэлийг нь сайн хангавал манай Монгол хүүхдүүд өндөр амжилт үзүүлдэг.  Австри улсад 2017 онд болсон өвлийн олимпоос  манай эрэгтэй баг 14 медаль, Абу Дабид 2019 онд болсон зуны олимпод 28 хүүхэд явж, 19 медальтай ирж байсан” гэв. Заалны хоккейн бэлтгэл сургуулилтыг ХБХСЗХТ-ийн Спорт эмчилгээ хөтөлбөрийн багш Л.Олонбаяр, Т.Нарантуяа нар удирдан явуулж байна.

Улсдаа ганцхан тус төв 21 аймаг, есөн дүүргээс хүүхэд хүлээн авдаг ч ямар нэгэн шалтгааны улмаас орон нутгийн иргэд ирж үйлчлүүлэх боломжгүй байдаг. Тиймээс тэдэнд зориулсан зайн эмчилгээг үзүүлэх зорилт тавьжээ. Энэ хүрээнд  энэ сарын 10-нд хамгийн анхны алсын зайн оношлогоогоо, эмчилгээг “Бидэнд ойр” төслийн багтай хамтран амжилттай зохион байгуулсан юм. Үүнээс гадна яг ийм цогц үйлчилгээг үзүүлдэг сэргээн засах хөгжлийн төв зургаан аймагт байгуулагдахаар шаваа тавьжээ. Дараагийн удаа бид тус төвийн дотоод бүтцийн талаарх сурвалжлагыг хүргэх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-08-13 06:51:44
    Хөгжлийн бэрхшээл гэж нэрлэх нь өөрөө буруу ойлголтыг төрүүлж байгаан. Жирийн хүнээс илүү ухаантай, чадвартай, оролдлоготой хүмүүс зөндөө байдаг.
  • Zocnin 2021-08-13 05:41:21
    Udmiin zowlong biye deeree uurcn torson hamgiin hairlah yostoi humuus gej burkhnii nomond bdag