Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг энэ сард эхлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар  салбарын сайд нар мэдээлэл хийлээ.  Тэдний мэдээллээс тоймлон хүргэж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Хөшигийн хөндийд 150 мянга гаруй хүн амьдрах боломжтой

-Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг хариуцаж ажиллах, ашиглалтын өмнөх захиргаа байгуулах шийдвэр гарлаа. 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аар Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод болон Майдар хотыг барих шийдвэр гарсан. Ингэснээр орон нутгийн зэрэглэлтэй гурван хотыг цогцоор нь бүтээн байгуулахыг төлөвлөж байна. Хөшигийн хөндийд 150 мянга гаруй хүн амьдрах боломжтой гэсэн судалгааны дүгнэлт гарсан. Монгол Улс нэг хоттой учир хотын эдийн засаг төвлөрсөн байдаг. Шинэ хотуудад онгоцны буудал баригдахтай холбоотой тээвэр ложистикийн бизнес, үйлдвэрийн чиглэлийн ажлын байр бий болно. Энэ дагуу хоногт 20 мянган куб бохир усыг цэвэрлэх чадалтай гурван цэвэрлэх байгууламж, таван усан сан түүнийг холбосон шугам сүлжээ, замын сүлжээ, дулааны станц хоёр, газар доод талын эх үүсвэрийг холбосон олон бүтээн байгуулалтыг хийнэ. Эдгээр бүтээн байгуулалтыг хийснээр дэд бүтэц, орон сууц, үйлчилгээ гэсэн бүтээн байгуулалт Хөшигийн хөндийд бий болно.


Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг нээнэ

-Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км төмөр замын ажил амжилттай үргэлжилж төгсгөл шатандаа орсон. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт мөн амжилттай явж буй бөгөөд 2022 оны долдугаар сарын 1 гэхэд хилийн өртөө бүрэн байгуулагдаж, хөдөлгөөн нээгдэнэ.

Үүний дараагаар хэрэгжүүлэх дөрвөн том төсөл бий.

• Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн төмөр зам.

• Чойбалсан-Эрээнцав чиглэлийн 237 км төмөр зам бий.

• Баруун босоо чиглэлийн төмөр зам буюу 2280 км төмөр замын асуудал  яригдаж байгаа.

• Богдхан төмөр замын хувьд өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэгч байгууллагыг тодруулсан. Уг замын хувьд шинээр 135 км төмөр зам барина. Зургаан зөрлөг, гурван өртөө, 16.6 км урттай газар доогуурх хоёр хонгилтой. Нэг хонгил нь 9.1 км, нөгөөх нь 7.5 км. Нийтдээ 19.3 сая куб метрийн газар шорооны ажил хийх юм. Товчоор хэлбэл, Улаанбаатарын хойно байрлах Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур зүүн зүгт үргэлжилж, Мааньт өртөөтэй холбогдох зам.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: Иргэдийг өдрийн 50 мянган төгрөгөөр цалинжуулна

-Энэ онд нийтдээ 616 мянга га талбайд үр тариа тарьсан. Үүний 416.8 мянга га талбайд улаан буудай, 19.1 мянган га талбайд төмс, 9.4  мянган га талбайд хүнсний ногоо, 10.4 га талбайд тосны ургамал, 4.7 мянган га талбайд жимс жимсгэнэ тариалсан. Энэ жил боломжийн ургац авах нь гэж харж байна. Ургац хураалтад тулгамдаж буй асуудал нь орон нутгийн болон улсын чанартай замын эвдрэл, саадгүй тээвэрлэх чиглэлээр сая Засгийн газрын тогтоолд замын асуудлыг шийдвэрлэх чиглэл гаргалаа. Мөн богино хугацаанд ургац хураахад ажиллах хүчний байдал хүндрэлтэй байгаа. Үүнд Засгийн газраас МСҮТ, их дээд сургуулийн оюутнууд, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад хамруулах чиглэлээр тогтоол гарсан. Үнэ хөлсгүй ажиллуулна гэсэн ойлголт биш. Аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулан ургац хураалтад нийтээрээ оролцох шийдвэрийг гаргав. Аж ахуйн нэгжүүдийн хувьд 8000 орчим ажиллах хүн хэрэгтэй байгааг мөн дунджаар өдөрт 50 мянган төгрөгийн цалин урамшуулалтайгаар ургац хураалтад ажиллуулна гэдгээ компаниуд илэрхийлсэн.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.Сайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХАЙРАН МӨНГӨ ХӨРӨНГӨ 2021-08-14 06:08:05
    БОГД УУЛЫН УРДУУР ТӨМӨР ЗАМ ТАВИХ ЯМАР ХЭРЭГ БАЙНАА. БАТСҮМБЭРЭЭС УРАГШ НЬ ЧИГЭЭР НЬ УРУУДУУЛААД УЛИАСТАЙН ГОЛ ДАГУУЛААД ХОНХОР РУУ ГАРГААЧ...
  • Зочин 2021-08-13 02:04:06
    Манай улс нууц төмөр зам барих асар их туршлагатай улс. Богд хан төмөр замаа бас нууцаар барих уу?
  • hamgiin ikhe amjilt hysye! 2021-08-12 12:59:15
    Toriin saidyydiin yaria bodlogo tyn zeb bainaa!ta nariin mini ehlyylsen ajil hyrdan tybsin sain chanartai ehleh begeed eh orondoo heregtei zyileeree ergeed harh...
  • Зочин 2021-08-12 10:39:37
    Газар доогуур 16 км урт туннел барьж чаддаг л байгаа!!!
  • Тэнэг 2021-08-12 04:27:21
    Хүн мөнгө олох юм хийдэг байтал төмөр зам нь түгжрэл болсон биш засмал зам түгжрээд байгаа биз дээ их тэнэглэж их цавчаа