Гамшиг нүүрлэсэн дэлхий

Дэлхий нийтээрээ цар тахалд санаагаа чилээн, бүх анхаарлаа халдварыг дарахад хандуулсан байх энэ үеэр ч  байгалийн гамшиг биднийг “өршөөсөнгүй”. Их хэмжээний үер, өргөн хүрээг хамарсан түймэр, цочир халуун, хар салхи гэсэн байгалийн гамшиг дэлхийг зовоож эхлээд удлаа. Тодруулбал, ОХУ, АНУ, Итали, Турк, Канад, Грек улсуудыг ойн түймэр “нөмөрч”, хэдэн сая га талбай шатаж, олон мянган хүн амиа алдахаас гадна өөр нутаг руу дүрвэсэн бол өчнөөн мянган амьтан хохироод байна. Мөн Хятад, Японд үерийн аюул нүүрлээд байна. Эдгээр мэдээллийг тоймлон хүргэе.

XXI зууны гурав дахь том ойн түймэр Якутыг “нөмөрлөө”

ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын нутаг буюу Якутад зургадугаар сараас эхэлсэн түймрийн аюул өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Оросын газар нутгийн 13.4 сая га талбайг хамарсан энэ түймрийг XXI зууны гурав дахь том ойн түймэр болж байгааг онцоллоо. Түймрийн утаа 5.3 сая километр квадрат талбайг бүрхсэн нь Европын холбооны газар нутгаас давсан гэж НАСА мэдээлэв. Сибирт жил бүр ойн түймэр гардаг ч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хамрах хүрээ болоод хор уршиг нь нэмэгдэж байгаагийн илрэл нь энэ юм. Энэ тухай байгаль орчны ойн аж  ахуйн мэргэжилтэн Алексей Ярошенко “Ойн түймэр хүрээгээ тэлэх болсон нь уур амьсгалын өөрчлөлт хурдасч байгаатай холбоотой. Үүнээс үүдэн түймрийн улирлын хугацаа уртасч, ган гачиг нэмэгдэж, хор нөлөө нь ихэсч байна” гэж ярилаа. Якутад гарсан түймрийн утаа энэ сарын 4-нөөс Улаанбаатарыг бүрхэж эхэлсэн төдийгүй 3000 километрын алсад орших Хойд туйлд хүрчээ. АНУ-ын НАСА агентлаг сансраас авсан гэрэл зурагт үндэслэн ийн мэдэгдсэн байна. 

Агаарын температур нэмэгдэж, сүүлийн 150 жилд тохиогоогүй хуурай зун болж байгаа нь ойн түймэр гарах шалтгаан болсон гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Учир нь мөнх цэвдэг ихтэй, ОХУ-ын хамгийн хүйтэн бүс болох энэ нутагт энэ зун олон жилийн дунджаас илүү халуун, хуурай байсан юм. Тиймээс ОХУ-ын Цаг уурын байгууллагаас  түймрийн аюул улам ноцтой болж байгааг мэдээлэв.  Сибирийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн тосгоноос иргэдийг нүүлгэн шилжүүллээ. Учир нь тус бүс нутагт нийт 155 гаруй түймэр дэгдээд байгаа юм.

Грект “хар дарсан зун” болж байна

Грек улсад сүүлийн 30 гаруй жилд тохиож байгаагүй ойн түймэр асч, тус улсын Ерөнхий сайд Кириакос Мицотакисын тодорхойлсноор “хар дарсан зун” боллоо. Тус улсад даваа гарагийн байдлаар 586 удаагийн түймэр гарч, урьд өмнө тохиож байгаагүй их хэмжээний байгалийн гамшиг нүүрлэлээ. Хэдэн арван байшин барилга сүйрсэн хээрийн түймрийг унтраах талаар Засгийн газар дорвитой арга хэмжээ авч чадаагүйд уучлалт гуйлаа. Энэ талаар Ерөнхий сайд Кириакос Мицотакис “Сүүлийн хэдэн өдөр манай улсын хамгийн хүнд цаг үе тохиолоо.Хэт халуун, олон сар гандуу байсан учир түймрийг унтраахад гал сөнөөгчдөд маш хэцүү байна. Уур амьсгалын өөрчлөлт дэлхийд бүхэлд нь нөлөөлөх нь тодорхой. Бид хүн төрөлхтөний хийж чадах бүхнийг боломжоороо хийсэн ч байгальд энэ нь хангалттай санагдаагүй бололтой.Гал сөнөөгчдийн гаргасан алдааг илрүүлж, хариуцлага тооцно. Түймрийн улмаас эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулна. Учир нь гэр болон өмч хөрөнгө нь шатсан иргэдийн зовлонг би сайн ойлгож байна” гэв.

Энэ түймрийн улмаас 64 удаа нүүлгэн шилжүүлт хийж, гал түймрийг унтраахаар 1000 гаруй гал сөнөөгчийг дайчлан ажиллуулж байна. Зарим том түймэр өдгөө хоёр долоо хоног үргэлжилж байгаагаас болж, олон арван хүнд эмнэлгийн тусламж шаардлагатай болжээ.Мөн Грекийн хоёр дахь том арал Эвиад гал түймрийн хөнөөл аюултай түвшинд хүрсэн тул ард иргэд гэрээ орхин зугтахад бэлтгэн хэрэгцээт эд зүйлсээ баглаж цаг үеийн байдлын талаарх шинэ мэдээллүүдийг чих тавин сонсож, түгшиж сууна. Түймэр ассанаас хойшхи арав дахь өдөр буюу энэ сарын 7-ны байдлаар Грекийн нийт түймэр 57 мянган га талбайг хамарсан болохыг Европын ойн түймрийн мэдээллийн систем мэдээлэв. Харьцуулж үзвэл, Грект 2008-2020 оны хооронд гарсан түймрүүд дунджаар 1700 га талбайг хамарч байв. Ерөнхий сайд Кириакос Мицотакис “Засгийн газрын тэргүүлэх чиглэл бол хамгийн түрүүнд хүний амь насыг хамгаалах явдал юм” гэв.

Канадад 1445 удаагийн түймэр гарч, 1.5 сая гаруй га газар шатжээ

Канадын Бритиш Колумб мужид дөрөвдүгээр сараас хойш 1445 удаагийн түймэр гарч, 1.5 сая гаруй га газар шатжээ. Энэ нь тус улсын 10 жилийн дунджаас 30 хувиар илүү олон удаагийн түймэр гарсан гэсэн үг юм. Канадад 2017 онд төстэй түймэр гарч байсан ч энэ жил илүү их газар нутгийг хамарч байна.Нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар өдгөө нийт 279 түймрийн голомт идэвхтэй  байгаа арван мянган иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Бритиш Колумбын агаарын температур энэ долоо хоногийн сүүлээр 90 градуст хүрч болзошгүйг Канадын Уур амьсгалын өөрчлөлт болон хүрээлэн буй орчны агентлагаас мэдээлэв. Тиймээс гал түймэрт өртсөн  бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэлтэд бэлтгэн хэрэгцээт зүйлсээ базаан машинаа түлшээр дүүргэхийг анхааруулав. Даваа гарагийн байдлаар Бритиш Колумб муж 32500 иргэнд нүүлгэн шилжүүлэх сэрэмжлүүлэг өгчээ.

АНУ түүхэн дах хамгийн аюултай түймэртэй тэмцэж байна

Сүүлийн үед улам нэмэгдсээр буй агаарын дундаж хэм, хэт хуурай уур амьсгал зэргээс шалтгаалан Европ, Умард Америк даяар асар олон түймэр гарч, маш олон ан амьтан, ой мод, хүн хохирсоор байна. АНУ-д нийт 100 гаруй түймэр бүртгэгджээ. Тодруулбал,АНУ-ын Калифорни мужийн өмнөд хэсэгт гал сөнөөгч нар мужийн түүхэнд хэзээ ч тохиолдож байгаагүй хамгийн том түймэртэй тэмцэж байна.Анх дөрвөн долоо хоногийн өмнө Дикси замын ойролцоо эхэлж ассанаас болоод “Диксигийн түймэр” нэртэй болсон энэ түймэр өдгөө 1875 км.кв талбайд шатжээ. Гэвч гал сөнөөгч нар түймрийн ердөө 21 хувийг дараад буйг мужийн ойн түймрээс сэргийлэх төв мэдээллээ. Харьцуулж үзвэл Калифорнид Нью Йорк хотоос хоёр дахин том газар бүхэлдээ шатаж байна гэсэн үг юм.Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар гал түймэртэй тэмцэхэд хамгийн их хүндрэл учруулж буй зүйл нь сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрч буй дэлхийн дулаарал, хэт хуурай уур амьсгал юм. Нөхцөл байдлаас дүгнэхэд энэ удаагийн түймэр түүхэн дэх хамгийн аймшигтай хэмээн нэрлэгдэж байсан өнгөрсөн оны түймрээс хамаагүй илүү хөнөөл учруулах төлөвтэй байна.Туркийн өмнөд эргийн хэсгүүдэд сүүлийн 10 гаруй өдөр түймэр үргэлжилснээс  найман хүн нас баржээ.  Үүнээс гадна түймэр газар тариалангийн бүсэд тэлснээс болж, хэдэн арван мянган хүн гэр орноо орхин зугтаалаа. Италийн Сицил, Сардин арал тэргүүтэй өмнөд нутгуудад гарсан түймэр 10 мянга гаруй га талбайг хамарч, Сардин арлын баруун өмнөд хэсэгт 800 орчим хүнийг албадан нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болжээ.

Хятадын Сичуан муж үерийн улмаас  40 сая долларын хохирол амсжээ

Хятадын баруун өмнөд зүгийн Сичуан мужид хүчтэй борооны улмаас үер бууж, 80 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж төв хэвлэл энэ сарын 9-нд мэдээлэв. Тус мужид хүчтэй аадар бороо баасан гарагаас ням гариг хүртэл үргэлжилсний улмаас усны түвшин асар ихээр нэмэгджээ. Тус мужийн зургаан хотын 440 мянган иргэн үерийн аюулт өртөөд байна. Төв телевиз CCTV-гийн мэдээлснээр энэ үерийн улмаас Сичуан муж 250 сая юань буюу 40 сая орчим ам долларын эдийн засгийн хохирол амсжээ.  Хятадад зуны туршид хүчтэй бороо ордог боловч үргэлжлэх хугацаа болоод үзүүлэх нөлөөлөл нь улам ихэсч буйг шинжээчид анхаарууллаа. Энэ тухай Улсын цаг уурын үндэсний төвийн дэд захирал Чао Цинчень “Агаарын температур нэмэгдэж, хүчтэй бороо орох нь ихэссэн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө Хятадад нэмэгдэж байгаагийн үр дагавар юм. Хэт халуун болон үер нь Хятадын усны нөөцийг дордуулаад зогсохгүй эдийн засгийн хөгжилд асар их хэмжээний аюул учруулж байна” гэв.

Мөн Хятадын төв хэсгийн Хэнань мужийг долдугаар сарын дундуур дайран өнгөрсөн их усан борооны улмаас үүссэн үерийн гамшиг 19 хотод тохиож,  мужийн нийслэл Жэнжоу хотод 292 хүн амиа алдаж, 47 хүн сураггүй болсон билээ.

Үүнээс гадна Токиогийн олимпийг зохион байгуулсан Япон улс “Lupit” халуун салхинд өртлөө.  Цаг агаарын байгууллагын мэдээлснээр тус халуун салхи даваа гаригийн өглөө Кюүшү мужид хүрсэн байна.  Ийн  даваа гарагийн өглөө хар салхи болон хувирч Хирошима мужийн Куре хотыг дайрлаа. Энэ салхи Японы далайг дамжих тул баруун, өмнөд болон хойд зүгийн мужаар хүчтэй салхи салхилж, аадар бороо орохыг анхаарууллаа. Үерийн аюулаас сэрэмжлэн зарим хот тээврийн хөдөлгөөнийг түр зогсоогоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2021-08-11 01:56:07
    Энэ ерөнхийлөгчөө хүртэл шоуддаг уул овоо тахидагаа болио хулхины лам нар буруу ном уншаад хулгайч улс төрчид тэнэгтээд лус савдаг уурлуулаад
  • Иргэн 2021-08-11 01:06:06
    Яана даа эх дэлхий минь