''Д.Ганхуяг арслангийн шавь болсноор амжилт маань өссөн''

Дэлгэр зун монгол нутагт наадамтайгаа хамт айлчлан ирдэг. Энэ зуны хувьд цар тахлын улмаас үндэсний их баяр цэнгэл наадам нэг жилээр хойшилсон шийдвэр долдугаар сард гарсан. Үндэсний бөхийн холбооны саналын дагуу намрын эхэн сард бөхийн барилдаан зохион байгуулахаар боллоо. Зүлэг ногоон дэвжээнд чуулах хүчит эрсээ санагалзсан монголчуудын сэтгэлийг дэвтээх энэ барилдаан дөхсөнтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат  “Алдар” спорт хороо, АПУ хувьцаат компанийн бөх Б.Цэдэнсодномыг энэ удаагийн “Дугаарын зочин” булангийнхаа зочноор урилаа. Түргэн шуурхай, уран гоёмсог барилдаанаараа үзэгч түмнээ баясгасан залуу начинтай “Тоорил хааны хүрээ” амралтын газарт саатаж ярилцсан юм.

-Долдугаар сарын эхээр наадам хойшлох шийдвэр гарсан. Та хаана бэлтгэл сургуулилтаа хийж байсан бэ?

-Төв аймгийн нутаг “Цагаан нуга” амралтын баазад зургадугаар сарын 13-наас бэлтгэлээ хийж байсан.Бэлтгэл жигдэрсэн байхад наадмаа цуцлахад их харамсалтай байсан. Нэгэнт наадам болохгүйгээс хойш хөдөө явсан. Энэ хугацаанд бэлтгэл хийгээгүй. Гэхдээ хур бэлтгэл сайн байгаа учраас хэд хоног амраад хөлс гаргаад барилдаан болбол сайхан барилдана гэж бодож байна.

-Удахгүй улс, аймгийн цолтой бөхчүүд барилдах сураг гарсан. Энэ талаар юм мэдэв үү?

-Одоогоор Монголын үндэсний бөхийн холбооноос албан ёсны мэдээллийг өгөөгүй байна.

-Наадам дөхөхөөр сэтгэл зүйд өөрчлөлт ордог уу?

-Миний хувьд их догдлоод байдаггүй. Бусад үед ямар байдаг тэрэн шигээ л барилдах өдрөө хүлээгээд бэлтгэлдээ анхаараад аль болох тайван байж элдэв юм бодохгүйг хичээдэг. 2018 оны баяр наадмаар анх улсын наадамд зодоглосон. Тэр наадмын өмнөх шөнө нойр хүрэхгүй гэгэлзэж хоносон. Харин начин болсон жилээ тайван байж амардаг хугацаандаа амарч сэтгэл тогтуун байсан. Ерөнхийдөө сэтгэл зүйд өөрчлөлт ордоггүй гэхэд болно.

-Начин болсон наадмаар дөрвийн даваанд Б.Батмөнх заантай таарсан. Өмнө нь давж үзээгүй байсан гэсэн. Давж үзээгүй хүнтэйгээ зүлэг ногоон дэвжээн дээр таарахад юу бодогдож байв?

-Мэдээж олон унасан хүн унахгүйг л бодно. Хэрэв олон давсан бол давахаа боддог гэдэг. Өөрийнхөө барилдааныг гаргаад сайхан барилдъя гэж бодож байсан. Өмнө нь тахимдуулаад унаж байсан болохоор түрүүлээд сугадаад авъя гэж төлөвлөж гарсан. Тэгээд өрсөж сугадаад мэхээ даалгаж давсан.

-Начин болоод туг тойрч явахдаа өөрөөрөө бахархах сэтгэл төрж байв уу?

-Дараагийн даваагаа л бодож байсан. Ер нь дээшээ барилдахыг зорьж байсан учраас зургаагийн даваа л бодогддог юм билээ.

-17 настай сумын начин болсон гэж сонссон. Өсвөр насны хүүхэд сумынхаа том цолтой бөхчүүдтэй барилдаж цол авна гэдэг их л том сэтгэл зүйтэй байж дээ?

-Багаасаа нутгийн бөхчүүдээ харж өссөн. Тэдэн шиг сумын заан болохыг мөрөөддөг байлаа. Нутгийн олны бахархал, хүүхдүүд бидний үлгэр дууриал болсон сайхан ах нарыг даваад начин болохдоо их баярласан. Тэр үед айж сандарсан зүйл байгаагүй. Би 16-тайгаасаа барилдаж эхэлсэн. Овооны наадам, танхимын барилдаанд заримыг нь даваад үзчихсэн байсан учраас сайхан барилдсан. Би барилдахдаа хүнээс айж бэргэх нь бага байдаг.

-Тэр наадамд өөрөө зодоглоод бас хусуур зүүж хурд сорих гэж хурдан морь хөтөлж ирсэн гэсэн. Хурдан морь хэдээр давхисан бэ?

-13 дээр ирсэн.

-Одоо хурдан морь сонирхдог уу. Ирээдүйд морь хурдлуулах бодол бий юу?

-16, 17 настай өсвөр насны хүүхэд юм бүхнийг л туршиж үздэг. Өөрөө барилдаад, морь ч уядаг байсан. Өөрийгөө зовоож амжилтад хүрэх гэж байж адуу зовоогоод дэмий гэж боддог. Ирээдүйд яахаа мэдэхгүй байна. Одоохондоо сайн барилдахаа л бодож байна даа.

-Сумын зааны барилдаанд хэр амжилт үзүүлсэн бэ?

-Сумын зааны барилдаан гэдэг бол адилхан цолтой ид өсөж яваа залуучууд барилддагаараа онцлог. Түрүүлж, үзүүрлэж, шөвгөрч, байгаа залуучууд бүгд л дээшээ том цолонд хүрч барилддаг. Миний хувьд нэг удаа л шөвгөрсөн хэд хэдэн удаа дөрөв давж байсан.

-Та ямар их сургуульд сурч байв?

-Би “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд суралцаж байгаад 2013 онд сургуулиасаа гарсан.

-Сургуулиа орхисон шалтгаан тань бөхтэй холбоотой юу?

-Тийм ээ. Их сургуульд сурахын хажуугаар бэлтгэл сургуулилт хийдэг байсан. Манай сургууль хэдий спортын сургууль ч танхимын хичээл их орно. Өдөрт нэг удаа бэлтгэл хийх боломжтой, зарим өдөр нь хийж чаддаггүй. Тиймээс сургуулиасаа гарах шийдвэр гаргасан. Тэгээд “Их Монголын хүчтэн” дэвжээнд Д.Ганхуяг арслангийн шавь болж бэлтгэлээ илүү хийснээр амжилт маань ч өссөн.

-Та анх чөлөөт бөхөөр хичээллэж байсан гэсэн. Ямар амжилт үзүүлж байв?

-2010 оноос Өвөрхангай аймгийн Хархорин сумын чөлөөт бөхийн спортын мастер Л.Мөнхжаргал багшийн шавь болсноор чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Өсвөр үе, залуучуудын улсын аваргаас хүрэл медадь авч байлаа.

-Олимпийн наадмын үеэр үндэсний бөхийн улсын алдар цолтой бөхчүүдийг их спортоор хичээллэвэл өндөр амжилт гаргана гэж үзэгчид бодож байх шиг байна. Та үндэсний болон чөлөөт бөхийн ялгааг хэлээд өгөөч?

-Би 2013 онд Д.Ганхуяг багштайгаа бэлтгэл хийж эхэлснээс хойш чөлөөт бөхөөс хөндийрч тэмцээнд оролцоогүй. Чөлөөт бөх барьцгүй, барилдааны хурд техник шаарддаг цаганд баригдаж барилддаг учраас өөрийгөө илүү дайчлах шаардлагатай болсон. Миний хувьд багаасаа үндэсний бөхийн том цолонд хүрэхийг мөрөөддөг байсан учраас үндэсний бөхөө дагнаад бэлтгэлээ хийгээд явсан. Бусад бөх ч ялгаагүй байх. Чөлөөт бөхөөр барилдаж байгаа залуус амжилт гаргахыг мөрөөддөг. Аль спортоор өрсөлдөх вэ гэдэг нь тухайн хүний  физиологийн онцлог, барилдааны арга барилаас шалтгаалдаг. Хамгийн гол нь өөрийн хүсэл мөрөөдлөөс шалтгаална. Хүн юуг хүснэ түүнийгээ л хийнэ шүү дээ.

-Урилга хүлээн авч ярилцсан таньд баярлалаа. Улсын том цолонд хүрч үзэгч түмнээ олон жил баясгахыг ерөөе?

-Баярлалаа. Үндэсний бөхийн нэр хүнд сэвтэж байгаа энэ үед бөхчүүдээс ярилцлага авч, бөхийн тухай нэвтрүүлэг хийж байгаа сэтгүүлчдэд их баярладаг. Сэтгүүлчид үндэсний бөхийг нийгэмд зөвөөр сурталчилан таниулж байна. Миний хувьд тэдний саналыг хүлээн авч ярилцах нь нийгэмдээ хийж байгаа эерэг зүйл гэж боддог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дэмбэрэлням

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.