Нийслэлийн прокурор асан Ш.Нямдоржийг яагаад баривчилсан бэ?

Хоёр жилийн өмнө хууль хяналтын байгууллагуудын удирдах түвшинд айхтар “өөрчлөлт” явагдсан. Түүнд тухайн үеийн Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай өртөж ажлаа өгсөн. Уг нь ажил мэргэжилдээ чадалтай хүн байсан ч хардлага сэрдлэг ихэсч “хуйгаар нь өөрчлөх давалгаа”-г сөрж дийлээгүй гэдэг юм.

Ингээд Д.Баярмагнай прокурор 2019 оны хавар нь өргөдлөө өгч, оронд нь тэр жилийн намар Нийслэлийн прокурорын газарт прокурор байсан Ш.Нямдорж томилогдож байлаа.

Ш.Нямдорж нь Сонгинохайрхан, Налайх дүүргийн прокурорын газарт ажиллаж байгаад Нийслэлийн прокурорын газарт шилжиж ирээд байжээ. Ш.Нямдорж Нийслэлийн ерөнхий прокуророор жил хагас ажиллаад буув.

Улсын ерөнхий прокурорын тушаалаар Ш.Нямдоржийг 2021 оны гуравдугаар сарын сүүлчээр албан тушаал бууруулсан. Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророор томилсон байв.

Ингэж хагас жил орчим явсны дараа өнгөрсөн даваа гараг /2021.8.2/-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Гэрт нь, хамаарал бүхий этгээдүүдийнх нь орон байранд үзлэг нэгжлэг хийв. Улмаар Ш.Нямдоржийг баривчлах зөвшөөрлийг прокурор өгснөөр АТГ-ынхан цагдан хорьжээ.

Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдоржийг ямар учраас яагаад шалгаж, баривчилсан бэ?

Ямартай ч Ш.Нямдоржийг баривчлах үеэр туслахынх нь гэрээс онц их хэмжээний бэлэн мөнгө хураагдсан. Ш.Нямдоржийн жолооч, туслах нь Замын-Үүдийн авлигын асуудалд холбоотой гэж байна.

Эх сурвалжуудын мэдээллээр Ш.Нямдоржийг холбогдуулан шалгах өөр хэд хэдэн үндэслэл гарч иржээ.

Хамгийн нэгдүгээрт, Ш.Нямдоржийг “Ариг” банк дээр болсон хууль бус үйл ажиллагаатай холбоотой гэх мэдээлэл байна. Энэ асуудалд холбоотой гэгддэг өмгөөлөгч Б.Баасанцогтыг өмнөх долоо хоногт хоёр ч зүйл ангиар яллагдагчаар татсан. Прокурор Ш.Нямдорж нь өмгөөлөгч Б.Баасанцогттой холбогддог. Тэрбээр өмгөөлөгч Б.Баасанцогтоос 2019 оны зургадугаар сарын 20-нд 500 мянга, мөн оны наймдугаар сарын 12-нд 110 мянган төгрөг, нийт 610 мянган төгрөгийг дансаараа шилжүүлж авсан байдаг. Өөр бусад нотлогдоогүй мэдээлэл нэлээд бий.

Үүнээс гадна Нийслэлийн прокурорын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөхөд хүргэсэн гэгддэг ХНХ-ын сайд асан, АН-ын С.Эрдэнийн асуудал яригдаж байна. С.Эрдэнэ 2021 оны гуравдугаар сард ноцтой мэдэгдэл хийсэн. Тэгэхдээ “...2021 оны гуравдугаар сарын 1-нд З.Энхболд над руу ярьсан. Хоёрдугаар сарын 24-ний өдрөөр огноолоод Нийслэлийн прокурорт өргөдлөө өг гэсэн. Би өгсөн. Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж гэдэг нөхрийн туслах нь миний өргөдлийг хүлээж авсан. Бичиг хэргээр аваагүй. 19:30 цагийн үед Х.Баттулгын шадар туслах н.Түвшинжаргал залгаж, бичиг өгье гэсэн. Тэр нь Нийслэлийн прокурорын газрын прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй, надад үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол байсан” гэж байв.

Түүнчлэн Ш.Нямдорж УИХ-ын гишүүн Сү.Батболдын асуудалтай нэр холбогддог. Сү.Батболдтой холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сингапур улсын шүүхэд болоход Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж гэрчийн мэдүүлэгт “...Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 20.4 дугаар заалтуудын дагуу Нийслэлийн прокурорын газар нь төр, нийтийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж буй бол төрийн байгууллагын хүсэлтгүйгээр маргаан үүсгэх эрхтэй” гэсэн тайлбар өгсөн нь тус улсын Дээд шүүхийн шүүгчийн дүгнэлтэд байдаг. Энэ талаарх мэдээлэл нийтэд нээлттэй цацагдсан.

Ш.Нямдоржийг Нийслэлийн ерөнхий прокурорын албан тушаалаас чөлөөлөхийн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн нүүрс тээврийн C зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.долларын авлига өгсөн хэргийн талаарх дуулиан бас дэгдсэн. Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр “...А.Адъяасүрэнг 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу нийт 265 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлд заасан тогтоолыг танилцуулаагүй учир НПГ-ын Хяналтын прокурор Д.Пүрэвдагвын 2020 оны тавдугаар сарын19-ний эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ” гэжээ.

Ер нь прокурор Ш.Нямдоржтой холбоотой ийм авлига, албан тушаалын хэргүүдээс гадна нэр бүхий улстөрчдийн захиалга, даалгавраар гэмт хэргийн хувь заяаг шийддэг байсан гэх томоохон асуудал бас яригдаж эхэллээ.

Сүүлийн хоёр жилд хууль шүүхийн “шинэ хонгил” гэгдээд байгаа, түүнд хамаардаг гэх нөхдүүдээс өмгөөлөгч Б.Баасанцогт, Нийслэлийн ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг ийн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татав.

Эх сурвалжуудын мэдээллээр, үүнд нэр холбогддог Нийслэлийн прокурорын орлогч асан Ц.Насанбат, иргэн Г.Өлзийбүрэн, нэр бүхий шүүгч нарын асуудал удахгүй хөндөгдөх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2021-08-06 13:26:09
    сагсай гэж пялдага новш
  • ХУУЛЬЧ  2021-08-05 06:05:52
    ПРОКУРОР МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН /15,2-,,/,МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЭХ ОРНООСОО ХӨӨХ,ӨӨР УЛСАД ШИЛЖҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОСНЫГ ЗӨРЧИЖ ГАДААДЫНХАНД ПЯЛДАГ,,,
  • Оноч 2021-08-05 02:28:27
    500мянгын авилга?
  • Зочин 2021-08-05 01:35:28
    Бузаруудыг Цэвэрлэх хэрэгтэй.