Б.Энхтайван: Цэндээ Оросын тамирчныг ялна, харин ялалтаа луйвардуулчих вий гэж айж байсан

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын багш, Баянгол спорт хорооны боксын  дасгалжуулагч, ОУХМ Б.Энхтайваныг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.

-“Токио-2020” олимпийн наадмын  боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-д  шөвгийн наймд үлдсэн, таны шавь  Э.Цэндбаатар, ОХУ-ын тамирчин Алберт Батыргазиевийг ялсан ч шүүгчид ялалтыг эсрэг талд өгчихсөн. Монголын Олимпийн хорооны удирдлагууд эсэргүүцэл бичсэнээр  шүүгчид  нь сахилгын хариуцлага тооцсон ч, ялалтыг Оросын талд үлдээжээ. Та үүнд ямар дүгнэлт хийж байна?

-Оросын тамирчинтай учраа таарсныг хараад би бодож байсан. Цэндээ бол Оросын тамирчныг ялна, харин ялалтаа луйвардуулчих вий гэж айж байсан. Гэтэл яг тийм зүйл боллоо. 2016 онд Риогийн олимпод бас ийм зүйл тохиолдсон. 56 кг-ийн жинд өрсөлдсөн Ирландын боксчныг луйвардаж, Оросын тамирчин гарч ирсэн. Сая Цэндээ маань эхний  хоёр үе хожсон шүү дээ. Гуравдугаар раундад битүү хамгаалаад, эсвэл зайнаас тоглох ёстой байсан. Тулж очиж зодолдох хэрэггүй. Яг энэ дээр  бол  авч явсан дасгалжуулагчдын алдаа гарсан.

-“Алдар”-ын багш,  гавьяат дасгалжуулагч А.Гантулга бол олон жил   боксчин бэлдэж ирсэн,  өрсөлдөгчдийг нь   хэн ямар вэ, яаж тоглодог вэ гээд маш   сайн судалгаатай байдаг. Тийж  байтал  яагаад Э.Цэндбаатарыг орхиод  Монгол руу ирсэн  юм бол?   

-Хоёр дахь тоглолтынх нь орой А.Гантулга дасгалжуулагчийг Б.Чинзоригийн хамт буцаачихсан юм билээ. Оронд нь дарга нар зөрөөд очсон,  Монголын боксын холбооны ерөнхийлөгч Т.Мөнхбаяр, Д.Отгондалайгийн хамт явсан. Бодоход, хоёр хүний зардлаар дөрвөн хүн явж байгаа юм уу, хаашаа юм. Багшгүй тамирчин үлдэнэ гэдгийг би ойлгохгүй байгаа. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрийн хувьд  сүүлийн 20 жил Монголын боксоос  хол байсан хүн. Ирээд хоёр, гурван сар л болж байгаа. Боксын шигшээ багтай ажиллаад ч удаагүй. А.Гантулгын хувьд Монголын боксоос холдоогүй хүн шүү дээ, ёстой хэн ямар, яаж тоглодог вэ гээд тамирчныхаа онцлогийг сайн мэднэ. Дасгалжуулагчийн асуудалд Монголын боксын холбоо алдаа гаргасан. Үүнийг бүгд  харлаа, гуравдугаар раундад ямар алдаа гарав, яаж ажиллах ёстой байв гэдгийг А.Гантулга мэднэ. Олон тэмцээн, уралдаанд очиж байсан, олон аварга төрүүлсэн  хүн шүү дээ.

 Сүүлийн үед хэдэн залуус Монголын боксын холбоог авчихлаа. Залуу хүн авч байгаа нь болж байна. Гэхдээ ахмадуудаа сонсохоо байчихаж. Гэтэл Монголын бокс яаж хөгжив, Б.Олзод багшийн залгамж  халааг Ардын багш Д.Банди гэдэг хүн авч энэ спортыг хөгжүүлэхдээ боксын спортын олон талаас харж судалж, зөвхөн  тамирчин бэлдээд зогсохгүй дасгалжуулагч нарыг ч бэлддэг дасгалжуулагч  байлаа.  Гэтэл одоо Монголын боксын шигшээ багт боксын спортод ид хүчээ сорьж байгаа тамирчдынхаа  хэнийг нь ч танихгүй, мэдэхгүй залуучуудыг оруулаад ирсэн. Энд туршлага гэж байх ёстой. Өнөөдөр “Олон жилийн туршлага, залуу нас хоёр үзнэ”  гэж бөхчүүд  ярьж байна шүү дээ.

- Э.Цэндбаатарын сүүлийн тулааны сэдэв рүү эргээд  оръё. Шүүлт маш эргэлзээтэй байсан. Манай тамирчныг  “тоолсон” нь ямар учиртай вэ?

-Тоолуулахаар цохилт аваагүй байхад тоолж байгаа нь “но”-той. Харж байгаа хүмүүст үзэмж алдуулах гэсэн муу арга хэрэглэв үү   гэж бодогдсон. Оросын тамирчин бол маш муу ажиллагаатай байсан. Би бичлэгийг нь олон  дахин үзсэн, сая ч хараад л сууж байна. 60 кг-аас жин хассан юм билээ, гэхдээ л тоглолтын хувьд маш муу байсан, сэргэлтийн хувьд ч тэр. Дээр нь манайхан нэг зүйлийг буруу ойлгоод байх шиг байна. Олимпийн боксын тэмцээнүүдийг  Олон улсын олимпийн хороо зохион байгуулж байгаа. Тэгсэн ч гэсэн тэнд боксын л шүүгчид байгаа. Боксын шүүгч яаж шүүхээ өөрсдөө мэдэж байгаа. Олимпийн хороо зохион байгуулахаар бокс маргаангүй болно гэсэн юм байхгүй.

- Монголын боксчдоос 1997 оны ДАШТ-нд  Т.Үйтүмэн, 2007 оны  ДАШТ-нд  Э.Бадар-Ууган, 2015 оны  ДАШТ-нд Г.Ган-Эрдэнэ нар ялалтаа луйвардуулсан гашуун туршлага бий. Энэ удаа Токиогийн  олимпод Монголын боксын холбооны ерөнхийлөгч нь өөрийн биеэр очоод   ялалт байгуулсан боксчныхоо  ялалтыг нь  баталгаажуулж чадахгүй ирж байгаа нь тун харамсалтай байна?

-Зөвхөн энэ ч биш 1988 онд Цэрэндоржийн Амаржаргал рингэн дээр  ялалтаа авсан ч   маргааш нь ялалтыг нь буцаачихсан тохиолдол гарсан. Тэр бол олимпод гарсан маш том луйвар. Түүнээс хойш ч зөндөө. Яг олимп дээр гэдгийг л онцолж хэллээ. Оросын тамирчидтай учраа таарахаар  ийм асуудал гардаг. Манай боксчдын  амжилтаа луйвардуулсан бүх тохиолдол Оросын тамирчинтай  учраа таарахад гарсан байдаг. 1997 онд   Т.Үйтүмэн ОХУ-ын тамирчинтай тоглоод ялсан атал ялалтаа  луйвардуулчихсан. 2005 онд Э.Бадар-Ууган Оросын тамирчинтай, 2015 онд  Г.Ган-Эрдэнэ мөн ОХУ-ын тамирчинтай  таараад ийм юм болсон.

-Ийм юм болох вий гэдгийг та өмнө нь сануулж байв уу?

-Үгүй. Харин манай нутгийн Х.Болорчулуун гишүүн  асуухад нь хэлж байсан. “Бэлтгэл хэр вэ,  шавь чинь ямар байна” гэхэд нь “Ер нь бол манай тамирчин хожихын хувьд хожно. Гэхдээ эвгүй, Оросын тамирчин учраа таарвал ялалтыг нь луйвардчих тал бий гэж айж байна” гэсэн. Оросууд манайхныг луйвардаад бүр сурчихсан.

-Ардын багш Д.Банди агсан амьд сэрүүндээ “Тамирчдын анхны суурийг тавьсан багш нарыг томоохон тэмцээнүүд, олимпод хамт явуулах нь зөв” гэж хэлж байлаа. Гэтэл өнөөдөр яагаад таныг шавьтай чинь хамт явуулсангүй вэ. Та бол Э.Цэндбаатарыг 10 настай байхаас нь бэлдсэн шүү дээ? 

-Дэлхийн жишгийг харсан ч тийм л байгаа. Гадаадын улс орнууд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн наадмуудад  тамирчдаа үндсэн багш нарынх нь хамт явуулдаг. Өнөөдөр Узбек хэдэн багш, дасгалжуулагчтай очиж байна вэ, Казахстаны тамирчид хэдэн багштай явж байна вэ. Тамирчныхаа багш нарыг нь аваад очиж байна шүү дээ. Д.Банди багш тэр үгийг хэлээд зогсохгүй   2016 оны Рио-гийн олимпод Д.Отгондалайтай хамт  Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа багшийг нь  явуулснаар  хүрэл медальтай ирсэн  шүү дээ. Д.Отгондалай тэрийг мэдсээр байж сая маш хөгийн зан гаргасан. Би хэлсэн юм  шүү дээ, Д.Отгондалайд “Ах нь явъя, яаж ийгээд явъя. Зардал мөнгөө өөрөө олоод ч гэсэн шавьтайгаа хамт явъя” гэхэд “Тийм юм байхгүй, явах хүний тоог квотоор тогтоочихсон” гэсэн. Зөвхөн Монголд л оролцох хүний тоо өгч, квот тогтооно гэж байхгүй шүү дээ. Бусад улс орныг харахад нэг тамирчин  3-4 багтай явж байна, ийм л байгаа байхгүй юу. Э.Цэндбаатар ямар вэ, яах вэ гэдгийг тэр хүүхдийг анх гаргаж ирсэн багш л мэднэ шүү дээ.

- Д.Отгондалай танд  хүндэтгэлгүй хандаад зогсохгүй, өөрөө боксчин хүн байж  хариуцлагатай цаг үед тийм  мэдрэмжгүй хандана гэдэг харамсалтай санагдаж байна?

-Яг энэ асуудлыг  би Д.Отгондалайд тавьсан. Өөдөөс хэл амаар доромжилж байна лээ. Намайг явуулаагүй атал яагаад тэнд оролцож байсан А.Гантулга дасгалжуулагчийг буцаачихав гэдгийг би их гайхаж байна.

-Тэгэхээр Монголын боксын холбоо мөнгөгүй болчихсон  уу, хаашаа юм. Хоёр хүний зардлаар дөрвөн хүн ирж, очиж “туулайчлахдаа” тулж хоосорсон гэж үү. Засгийн газар тамирчдын төсөв зардлыг 100 хувь шийдсэн гэсэн шүү дээ?

-Уг нь сая Т.Мөнхбаяр захирал Монголын боксын холбооны ерөнхийлөгч болохдоо бараг 400-500 саяыг холбоонд өгсөн гэсэн юм  яригдсан. Гэтэл байгаа байдал ийм л байна. Өчигдөр Ази тивийн  хошой аварга  Х.Алтанхуяг багш  над руу яриад  “Харамсалтай юм болж байна” гээд  уйлж байна лээ, би ч уйллаа. Тийм ялалт авчихаад ялалтаа алдана гэдэг харамсалтай шүү дээ.

-Ялчихаад ялалтаа луйвардуулчихсан тамирчинд бүр ч хүнд цохилт болсон байх. Та шавьтайгаа холбогдсон уу?

-Би өөртэй нь ер  холбогдоогүй. Явахад нь утаснаас хол байгаарай гэж хэлсэн. Яагаад гэвэл монголчуудын бичиж байгаа зүйлүүдийг хараад хүүхэд стресст ордог. Харин би А.Гантулга багш руу бол  мессэж бичиж, холбоотой  байсан. А.Гантулга багш  тэнд байхгүй  Монгол руу ирсэн болохоор өөр хэнтэй ярих вэ, холбоо тасарсан.

-Э.Цэндбаатарын хувьд  бүр багаасаа л рингэнд гарахдаа  хэнтэй яаж тоглохоо өөрөө шийдчихдэг, мэдрэмжтэй боксчин. Гэхдээ л  дэргэдээ дасгалжуулагчтай байх бол маш том давуу тал байх байсан. Монголын боксын холбоо энэ алдаандаа хариуцлага хүлээх болов уу ?

-Цэндээгийн хувьд багаасаа хэнтэй яаж тоглохоо мэдэрдэг давуу талтай. 57, 60 кг-д тоглоход өөрөө бол  нуруугаар тийм ч өндөр биш. Тэгсэн хэрнээ тэр хүүхдийн сэтгэл зүрх асар өндөр. “Би чадна, хожно” гээд тоглодог.

-Сая Токиогийн олимпийн анхны тулаанд яагаад сулхан тоглов, гэхдээ хожсон л доо?

-Эхний тулаанд ямар ч тамирчин тулгамддаг. Жиндээ орох, дасан зохицоход хэцүү. Мэдээж 60 кг-д тоглож байсан хүн жин хасаад ороход эхний өдөр тэрэндээ дасах гэж хэдэн цаг тиймхэн байсан байх. Гэхдээ тоглолтын агуулгаас харахад Цэндээ илүү байсан. Кенийн боксчин бол олон ажиллагаатай, бээлийний дотроор ч хамаагүй цохиод байсан. Боксын спорт бол  оновчтой цохилтыг л  тооцдог.

-Таны хувьд тэмцээний дараа  Э.Цэндбаатар “амар” гэдэггүй. Ямар ч тэмцээнд ялсан маргааш нь шууд бэлтгэлд нь оруулдаг байсныг мэдэх юм. Одоо ирээд шигшээ багийнхан мэдээж сэргэлтийн бэлтгэлд гарах байх.  Ойрын үед оролцох томоохон  тэмцээн байгаа  юу?

-Олимпоос хойш ирэх  аравдугаар сард  юм уу, арваннэгдүгээр сарын үед Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербид болно. Гэхдээ жин бол 60 кг-д байгаа. 57 бол олимпийн жин шүү дээ.

-60 кг бол Монголын боксчдын хувьд “Алтан жин” гэж яригддаг биз дээ?

-Монголын үе үеийн боксчид 60 кг-д  медаль алдаж байгаагүй болохоор тэгж нэрлэдэг. Цэндээгийн хувьд 60 кг-д Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга болсон.

-Та боксын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар хэсэг хугацаанд ажилласан. Токио-2020-д эмэгтэй боксчин  М.Мягмаржаргал оролцсон. Манай улс тамирчиндаа муу анхаарсан санагдсан? 

-Энд бас л алдаа гарсан. Тэр нь юу вэ гэвэл, шигшээ багийн дасгалжуулагч болсон багш нар өөрийнхөө шавь нарыг авч М.Мягмаржаргалыг хасчихсан байсан юм билээ. Цар тахлаас шалтгаалж олимпийн эрх авах тэмцээнүүд цуцлагдаж, 2019 оноос эхлэн тоглосон тэмцээний   рейтингээр нь шалгаруулж эрх олгоход М.Мягмаржаргал эрх авсан. Тэгэхээр буцаагаад шигшээд оруулсан. Уг нь шигшээ багтаа эртнээс бэлдсэн бол тэр хүүхэд   сэтгэл санаа, бэлтгэлжилт өөр байх байсан.

-Боксын өсвөрийн багш нар  тамирчдын суурийг сайн тавьж өгч бэлтгэж байна. Үүн дээр шигшээ баг, Монголын боксын холбоо ажиллавал илүү үр дүн гарна. Гэвч харамсалтай байна, ийм байвал урамгүй биз дээ.  Та энэ талаар юу хэлэх бол?

-Монголын боксын холбоо, шигшээ баг хүүхэдтэй огт ажиллаж үзээгүй залуучуудыг дасгалжуулагч гэж оруулж ирж байна. Би гэхэд 20 жил  тамирчин бэлдэж байж энэ хүрч байна. Гэтэл 2-3 жил байтугай  огт энэ чиглэлээр ажиллаж байгаагүй хүн шигшээ багийн багш болчихоод “Миний шавь” гэж ярихаар ямар ч утга алга. Би амьд сэрүүн телевиз хараад сууж байхад Монголын боксын холбооны  зарим түшмэл   “Цэндбаатарын багш бол  О.Батхүү” гээд ярьж  байна лээ. Би сая Япон явахаас нь өмнө бүтэн сар хамт байсан. Би шавиа ямар тамирчин болохыг хүүхэд байхаас нь мэднэ. Хүүхдийнхээ  хэлсэн ярьсанд итгэнэ, бусад хүмүүс бүгд жин дээр нь яриад тэг, ингэ гэж тушааж, шаардаад “Чи хэл, бид хэлье” гээд  байсан. Олон хүн тушааж шаардах хэцүү, дээр нь яг түүгээр нь   болчихгүй шүү дээ.  Тэгэхэд нь би  нэг зүйлийг хэлсэн “Мэдээж наад хүүхэд чинь очоод  жиндээ орно. Ороод л рингэнд гарна шүү дээ” гэж. Би шавь нартаа олон юм хэлдэггүй, тэгэх ч дургүй. Жин хасч байгаа хүүхдийг стресстүүлэх хэрэггүй шүү дээ. Тийм болохоор би явахад нь “Утсаа битгий нээгээрэй” гээд явуулсан. Цэндээтэй биш А.Гантулгатай харилцаж байсан нь ийм  л учиртай.

Дахиад хэлэхэд, Монголын боксын холбоонд  залуус гарч ирсэн нь сайн. Тэд өөрсдөө гарч ирээд зогсохгүй Шигшээ багийн багш, дасгалжуулагчаар залуусыг татан оруулж байна. Гэхдээ нэг зүйл дутагдаж байгаа нь ахмадуудынхаа үгийг сонсохоо байчихлаа. Бид залуу хүмүүс чадна, мэднэ гэж байгаа байх. Тэгж байгаад алдаж байна. Туршлага гэдэг зүйл хаана ч хэрэгтэй. Монголын боксынхон хоорондоо асуудлаа ярьдаггүй нь бас алдаа юм. Тэгээд Боксын холбооны хэдэн хүн хоорондоо яриад шийдчихдэг. Ахмадын зөвлөл, тамирчдын зөвлөл гэж байдаг ч, тэд мэдэхгүй байна. Өнөөдөр Монголын боксдод дутагдаж байгаа зүйл бол дасгалжуулагчдын зөвлөл гэж алга. Түүнийг нарийн бичиг  нь шийддэг буруу тогтолцоотой болсон. Жишээ нь нарийн бичиг нь мэдээд М.Мягмаржаргалыг Азийн аваргад тоглуулаагүй байгаа юм. Тэр хүүхдийг ядаж Азийн аваргад нэг удаа тоглуулчихгүй яасан юм бэ, тийм биз дээ. Тэгсэн бол арай өөр байсан. Тэрийг нарийн бичиг биш дасгалжуулагчид мэдэж шийддэг байх   ёстой. Тэгэхгүй бол цаашаа явахгүй, тамирчид өсөхгүй. Иймд Монголын боксын холбоо дасгалжуулагчдын зөвлөл байгуулж, дасгалжуулагч багш асуудлаа шийддэг  болох ёстой. Ингэж байж  бид цаашаа явна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2021-08-13 08:49:10
    боксын холбоо анхаараачээ
  • Yo 2021-08-05 20:19:12
    Яалтчгүй дасгалжуулагчийн тактикийн алдаа байсан. 3-р үед төгсгөл маш муу хийсэн. Луйвардуулсан гээд гомдоллоод яахав.
  • irgen 2021-08-04 08:45:36
    Ene huuhdiin humuujild anhaarmaar yum daa
  • Эрэндоо 2021-08-04 02:39:55
    Чөлөөтийнхөн талцаж хуваагддаг, гэдсэндээ хөлөө хийлцдэгээрээ алдартай. Боксынхон бас тийм юм байна.