ХАА-н салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны долдугаар сарын 28-нд боллоо.

Хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах талаар дараах арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Улсын хэмжээнд 2021-2022 онд өвөлжих болон малын тоог малын төрөл, сүргийн зохистой харьцаанд тохируулан аймаг, нийслэл, сум, дүүргээр нэгтгэн дүн шинжилгээ хийж, эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог тодорхойлж, экспортлох хуваарь, төлөвлөгөө гарган хүнсний болон хөнгөн үйлдвэрүүдтэй хамтарч ажиллах;

Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мах бэлтгэж, 10.0 мянган тонноос багагүй хэмжээний нөөц бүрдүүлэх;

Аймаг дундын отрын бүс нутгийн ашиглалтын хуваарь гаргах, нөхцөл үйлчилгээг сайжруулах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, угаалга, тарилга, туулгалтад хамруулах, тууврын замд цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар анхаарч, халдвар тархахаас сэргийлэхэд хяналт тавьж ажиллах;

Өвөл, хаврын улирлын малын тэжээлийн хэрэгцээ, хангамжийг харгалзан дотоодод бэлтгэсэн өвс, тэжээл хивэгний экспортыг түр хязгаарлах эсэх, хязгаарлалт тогтоосон тохиолдолд нөхцөл байдлыг харгалзан зогсоох арга хэмжээ авах;

Их цас, хүчтэй салхи, цасан шуурга, хүйтрэлт зэрэг цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн богино болон дунд хугацааны урьдчилсан мэдээ, намар, өвлийн сарын болон улирлын цаг агаарын урьдчилсан төлөвөөр тогтмол хангах, өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг тооцож, үр дүнд тулгуурлан эрсдэлийг бууруулах төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангах ажиллах;

Ургац тээвэрлэх зам, гүүрийн эвдрэл гэмтлийг шалган тогтоож, завсарын ажлыг шуурхайлах, зам даваа хаагдаж, цасан гулгаа үүсэхээс өмнө техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангаж, замын арчлалт, засварын ажлуудыг дуусгах зохион байгуулалтын арга хэмжээ авах;

Малчин өрхийн жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0-5 насны хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөө гаргах, коронавируст халдварын цар тахлын үед хадлан тэжээл бэлтгэл, ургац хураалтын ажилд оролцож байгаа аж ахуйн нэгж, иргэдэд урьдчилсан сэргийлэх дэглэмийг мөрдүүлэн ажиллах;  

Ургац хураалт, хадлан тэжээл болон мал, мах бэлтгэлийн үед төв зам дагуу хяналтын постуудыг тогтмол ажиллуулах, дамжуулан явуулах хяналт шалгалтыг шуурхай түргэн зохион байгуулж, хүндрэл чирэгдэл учруулахгүй байх;

Хур тунадас харьцангуй багатайн улмаас бэлчээрийн ургамлын ургалт удааширсан, мал бэлчээрлэх нөхцөл хүндэрсэн аймаг, орон нутагт гангийн эрсдэлийн шаардлагатай тохиолдолд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын үнэлгээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, холбогдох арга хэмжээг шат дараалан авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.