Аваргуудын алдрыг залгамжлах Э.Цэндбаатар

Токио-2020  зуны олимпийн  XXXII их наадамд Монголоос гурван боксчин оролцохоор зорьсны нэг нь  Дэлхийн аваргын  хүрэл медальт, “Рио-2016” олимпийн V байрын шагналт, Ази тивийн хошой аварга, Азийн XVIII  наадмын аварга , Монгол Улсын  гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар юм. Олон улсын  спортын тоймч, шинжээч, мэргэжилтнүүдийн урьдчилсан таамаг,  судалгаанд тэрээр жилийн өмнөөс  “Токиогоос  медаль авах боксчин”  хэмээн  нэр дурдагдаж ирэв. Харин монголчууд  түүнээс   олимпийн наадмын аварга болохыг хүсч, хүлээж байна. Эр зоригийн энэ спортын босгоор анх алхахдаа  тэр яг ийм мөрөөдөл тээн орж иржээ.  2008 оны Бээжингийн олимпийн дараа “Э.Бадар-Ууган шиг олимпийн аварга, П.Сэрдамба шиг олимпийн мөнгөн медальт боксчин болно”  хэмээн  олон хүүхэд Спортын төв ордны  боксын секцэд орсны нэг  нь  байлаа.  Тэр  бас Дэлхийн аварга П.Сэрдамбын төгссөн Дэнжийн мянгын 57 дугаар сургуулийн сурагч байв. 

Олимп, дэлхийн аварга боксчдын алдрыгн үргэлжлүүлэх  мөрөөдөлтэй түүнийг энэ  спортын босгоор алхан ороход  тосч авч  анхны “А” заасан багш нь  Баянгол спорт хорооны дасгалжуулагч, ОУХМ  Б.Энхтайван юм.  Тухайн үед Спортын төв ордны зааланд өдөртөө 100 гаруй хүүхэд  гурван ээлжээр боксын спортоор хичээллэдэг. Тэр дунд хичээлээ тараад цүнхтэй номоо үүрэн гүйж ирдэг 12-хон  настай жаахан хүү  хөдөлгөөний эвсэл сайтайн дээр багшийн заасан техникийг алдалгүй  сураад зогсохгүй  өөрийн арга барилд   тааруулж донжийг нь олох гэж хичээнэ. Бэлтгэл тарсан ч  боксын зааланд  цохилтоо давтаад  үлдэнэ.  Тууштай, тэвчээртэй, дайчин  зан чанараар  Э.Цэндбаатар  тун удалгүй бусдаас  ялгарсан гэдэг.

Бокс, эрэгтэйчүүдийн 57 кг

Төрсөн он: 1996.10.16

Амжилт:

♦ ДАШТ-ий хүрэл медальт

♦ “Жакарта - 2018”Азийн наадмын аварга

♦ Азийн АШТ-ий аварга

♦ “Рио-2016” олимпийн наадмын V байрын шагналт

♦ Улсын дөрвөн удаагийн аварга

♦ Боксын рингэнд 288 тулаан хийж, 271 ялалт байгуулсан

Тэрээр хүүхэд байхдаа  “аварга болно” гэж ярьдаг, тэр эрчээрээ бэлтгэл сургуулилтаа  хийдэг,  оролцсон тэмцээн болгоноосоо  аваргын алтан медалийг хүртдэг  байв.  Тухайн үед өсвөрийн  ширэн бээлийтнүүдийн дунд тэмцээн, уралдаан олон зохиогддог байсан юм. Харин  анхны Олон улсын тэмцээн гэвэл  Саха улсын Якутск  хотноо 2012 онд зохион байгуулагдсан Азийн хүүхдийн наадам байсан юм. Энэ наадамд  Монголоос долоон  хүүхэд оролцож, Э.Цэндбаатар  мөнгөн медаль, хоёр  хүүхэд хүрэл медаль авчирч  байлаа.

Түүний  үеийхнээсээ ялгарсан хамгийн том сорилт  бол   2013 онд  17-хон насандаа   насанд хүрэгчдийн Улсын аваргын тэмцээнд  аваргалсан явдал. Түүний дараа жил буюу 2014 онд  насанд хүрэгчдийн тэмцээнд 19 наснаас оролцуулахаар зохицуулалт хийсэн   тул  өнжиж, 2015, 1016 онд дараалан УАШТ-нд түрүүлж байв. Б.Энхтайван багш  нь ч гэсэн энэ  үеэс шавиа цаашаа  улам   хол явах тамирчин гэж дүгнэсэн гэдэг.  Түүгээр зогсохгүй амжилтаа бататгахад нь илүүтэй анхаарах болжээ. Тэгвэл өнөөдөр Э.Цэндбаатар  Улсын аварга шалгаруулах  тэмцээнд удаа дараа аваргалж,  Дэлхийн аваргын хүрэл медалийг  Ази тивийн хошой аварга,  Азийн XVIII   наадмын аваргын алтан медальтай ихэрлүүлж,  Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх  эрхэм алдрын эзэн болсон.  Улмаар олимп, тив,  дэлхийн  аварга болох хүсэлд  хөтлөгдсөн нэгэн  үеийнхэн,  өөрийн болоод монголчуудынхаа  мөрөөдлийг тээн  Токио-2020-ийн рингийг зориод байна.

Э.Цэндбаатарын хувьд  энэ удаагийнх анхны  олимп биш юм. Тэр  олимпийн  дэвжээнд гараад үзчихсэн. Дөнгөж 19  насандаа  Рио-2016” олимпийн  наадмын 56 кг-ын жинд   аваргуудтай гар зөрүүлж, шагналт   V байрт орно гэдэг  тийм ч  бага  амжилт   биш билээ.  2019 онд 2021 оны хувьд  Монголын  боксын  үндэсний шигшээ баг   Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван  алт, таван  хүрэл медаль хүртэж Монголын боксын түүхэн дээд амжилтыг тогтоогоод ирсэн. Ийм л оргил амжилтын буухиаг үргэлжлүүлэхээр гурван боксчин Токиод очоод байна. Монголын ширэн бээлийтнүүд “Мюнхен - 1972” олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд өрсөлдөж  нэг  алт, хоёр  мөнгө, дөрвөн  хүрэл медаль хүртсэн амжилтыг  Эрдэнэбатын Цэндбаатар үргэлжүүлнэ гэдэгт монголчууд итгэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.Үл-Олдох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-07-22 06:43:19
    Хотын гудамжаар шалдан гүйдэг гар байна ш д. Тэр үедээ хар тамхи татсан байсан гэж яригдаж байсан да.