Умард, өрнөдийг холбосон төмөр зам ашиглалтад орлоо
30 жилийн турш үргэлжилсэн иргэний дайны уршгаар үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон Шри Ланка улсын өмнөд болон умардыг холбосон төмөр зам 24 жилийн дараа дахин ашиглалтад оржээ. Шри Ланка улсад салан тусгаарлахыг зорьсон цөөнхийн тамилчуудын зэвсэгт бүлэглэл болон Засгийн газрын армийн хооронд барагцаагаар 30 жилийн турш үргэлжилсэн дотоодын тэмцэл одоогоос таван жилийн өмнө дууссан билээ.
 
Энэхүү хүйтэн дайны улмаас олон хот суурин балгас болж хувирсан бөгөөд дайны дараа Энэтхэг, Япон зэрэг орнууд тусламжийн гараа сунгаж, дэмжлэг үзүүлснээр сэргээн босголтын ажил өрнөх болсон юм.
 
Шри Ланка улсын Засгийн газрын мэдээлснээр төмөр замын сэргээн босголтын ажил дуусч, тус улсын хамгийн том хот Коломбо болон хойд хэсгийн  мужийн нийслэл Жафнаг холбох 400 км төмөр зам бүрэн ашиглалтад орсон байна. Ийн 24 жилийн дараа ашиглалтад орсон хурдны галт тэргээр Ерөнхийлөгч Махинда Раджапаксе тэргүүтэй олон зочид төлөөлөгчид зорчиж, Шафнагийн өртөөнд хүрсэн аж. Хойд мужийн иргэд тэднийг халуун дотноор хүлээн авчээ. Иргэний дайнаас өмнө хурдны галт тэрэг хойд хэсгийн нутагт олноор амьдрах тамилчууд болон өмнөд хэсгийн олонхийн синхалачуудын эв нэгдэлд чухал үүрэг гүйцэтгэдэг байсан бөгөөд цаашлаад үндэстэн хоорондын эв нэгдлийн бэлгэдэл болж байсан аж. Ахин ашиглалтад орсон хурдны галт тэргээр зорчсон Ерөнхийлөгч Махинда Раджапаксе орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдэд хандан “Ард иргэдээ дахин нэгтгэх боломж бүрдлээ” хэмээн дүгнэн хэлсэн бөгөөд сэргээн босголтын ажлыг улам хурдасгах бодолтой байгаагаа ч илэрхийлжээ.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine