Сэлэнгэчүүд хийгээд ардын хувьсгал
Норовын ПҮРЭВДАГВА
МЗЭ-ийн нэрэмжит шагналт  орчуулагч, зохиолч, профессор
 

Түрүүч нь 
М.Намсрай Засгийн газрын нэрийн өмнөөс энэ хэлэлцээрт гол зохион байгуулагчаар орсон байдаг. Богд хаант Монгол Улс хоёр гүрний далд тохироонд 1915 оны зургадугаар сард аргагүйдэн сөхөрч тусгаар биш, автономит улс болсон. Дахиад л Сэлэнгийн хүн ардын нүдэн дээр шинэ Монголын хувь заяаны асуудал хэлэлцэгдсэн хэрэг.   

Монгол Улсын тусгаар тогтнолыг тойрсон явдал үүгээр дуусаагүй. Тун удалгүй Сюй Шү Жаны удирдсан олон мянган гамин цэрэг 1918 оны наймдугаар сараас Нийслэл Хүрээнд орж ирэн 1919 онд Богд хаант Монгол улс өөртөө ч засах эрхгүй болохыг зарлаж, 1920 оны нэгдүгээр сард Монголын цэргийн зэвсгийг хураасан. Богд хааныг гэрийн хорионд бусад эрх баригчид түүний дотор Эрдэнэ ванг шоронд хорьсон. Бас энэ үед Орос оронд дэгдсэн иргэний дайнд ялагдан амь зулбан орж ирсэн цагаан цэрэг Монгол орноор сүлэлдэх болсоноор цаг төрийн байдал бүр ч цөвүүн болсон. Барон Унгерн хэмээх сүйхээтэй эр тархай бутархай байсан орос цэргүүдийг нэгтгэн зохион байгуулж, гамин цэргээс Их хүрээг чөлөөлж, Богд эзнийг хаан ширээнд залж, Богд хааны лүндэнгээр монгол эрчүүдээр цэрэг армиа сэлбэж эхэлсэн. Үнэхээр ч монгол түмнийг аврах нэгэн үү хэмээн итгэж байтал элдэв самуун явдал Нийслэл Хүрээнээс холдох тусам их гарах болжээ. Үүний нэг жишээ бол бароны цэрэгт татагдан явж байсан Ерөөгийн Ж.Гэрэл, Бэх, Ж.Доржхүү, О.Дорж, Ж.Гомбо, З.Дамдин, А.Даваа, З.Дангаа, Л.Лэгцэг, Д.Содном нарын 11 хүн итгэл алдран, Эрдэнэ вангийн хүрээ хавьд явж байхдаа оргох гэж оролдон баригдаж, Сэлэнгэ мөрөн рүү хүлээтэй шидэгдэн амиа алдсан тухай яриа тарсан явдал яах аргагүй мөн. Энэ үеийн тухай нутгийн уугуул иргэд болох багш, намын ахмад ажилтан Чүлтэмийн Цэгмид, Зүүнбүрэн хошууны анхны дарга нарын нэг Шархүүгийн Цэдэндамба, партизан Дагвын Даваа, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн (шүүхийн гэж нэрд гарсан) Донойн Ханд, Зандарын Дагва, МАХН-ын ахмад гишүүн Цэдэнгийн Жамц, Галсангийн Лувсандорж, Жаалхүүгийн Дэмбэрэл, Аюушийн Дашзэгвэ, Данзангийн Дамдин, Хажидын Дугарсүрэн, баруун хамжаа нутгийн өвгөн Батхүү нар хожим “өөрсдийн мэдэх, үзэж харсан зүйлийг нэгтгэн... үлдээв” гэж гарчигласан бичвэр Сэлэнгэ аймгийн архивт байгааг Н.Норов, Г.Ядамсүрэн нар “Шаамар ХХ зуунд” номд ишлэн оруулснаас үзвэл “Эрдэнэ ван Намсрайн хошууны тамгын газрын дэргэд орчин тойрныхоо ард иргэдийг бурангуй этгээдээс хамгаалах зорилгоор буу, зэвсэгтэй далаад эрсийг байнга байрлуулан өдөр, шөнө... манаа, ... морьт харуул гаргаж, энэ хүмүүсийн морьд, хоол хүнс, орон гэрийг хошуу тамгын газраас гаргаж байсан” гэж дурссан байна. Энэ мэт явдлыг Эрдэнэ ван Намсрайн хошууныхан сургаар сонсож биш нүдээрээ харж, арьсаараа мэдэрч байсан болохоор ёстой л өнөө хувьсгалын тохироо гэдэг нь бүрдэж, санаа сэтгэлээр шуудраад байсан юм. Нийслэл Хүрээнд байгуулагдсан МАН-ын төлөөлөгчид ЗОУ-аас тусламж эрэн “хулсан ташуур” барин явж байсан зам ч Эрдэнэ вангийн хошуу, одоогийнхоор Сэлэнгэ аймаг. Санаж сэдэж эхэлсэн туурга тусгаар амьдралын төлөөх тэмцлийн эхлэл, явцыг сургаар биш, шууд оролцож эхэлсэн нутгийнхан. Хожим МАН-ын I их хурал гэх болсон Монголын хувьсгалчдын түүхт Зөвлөлгөөнд оролцсон 26 хүний долоо нь Эрдэнэ ван Намсрайн хошууныхан буюу одоогийн Шаамар, Зүүнбүрэнгийнхэн байдаг нь ч үүний нотолгоо.

Монголын хувьсгалчид 1920 оны 12, 1921 оны нэгдүгээр сард хийсэн зөвлөлгөөнөөс Хиагт орчмын ард олны санаа бодлыг судлах, Эрдэнэ ван Намсрай, Сумъяа бээсийн хошууд, Хиагт орчмын харуулуудаас цэрэг элсүүлэх шийдвэр гаргаж байсан тухай “Монгол цэргийн түүхийн товчоо” (УБ, 1996)-нд онцлон тэмдэглэсэн байна. Энэ бол дээр хэлсэний нэг нотолгоо төдийгүй нутаг орны хүн ардын нийгмийн сэтгэл зүйг, мөн ЗОУ-аас авах тусламжийн зэвсэг хэрэгслэлийг авах арга замаа ч тал бүрээс нь тооцож байсныг илтгэх баримт мөн байх.

Цэрэг элсүүлэх ажлыг Богд хаант Монгол Улсын үед баатар цолоор шагнуулж, монгол түмний дунд нэр алдар нь түгээд байсан Д.Сүхбаатарт хариуцуулсан байдаг. Биечлэн явж нутаг орондоо нэр хүндтэй хүмүүстэй уулзахаас цэрэг элсүүлэх ажлаа эхэлсэн байдаг. Тухайлбал Эрдэнэ ван Намсрайн хошуунд гүн Билэгсайхан; Хяраан харуулд занги Дамдинсүрэн; Хүдэр, Уялга харуулд Цэдэнбалжир, Хасбаатар, Содномдаш; Хиагтад Б.Пунцаг, Далай; Сумъяа бээсийн хошуунд Сумъяа нар гэсэн үг бөгөөд гуравдугаар сарын эх гэхэд ЗОУ-аас авах тусламжийн зэр зэвсэгээ татан авч улмаар Орхон-Сэлэнгийн бэлчирийн баруун хойхно орших Эрээн, Алтан аралд түр байрлан сургууль хийж байснаа Сэлэнгэ мөрний зүүн эрэгт орших Баянхан уулын нэг салбар болох Ханын хөндий гэх газар нэгдэн бөөгнөрч гуравдугаар сарын 10-нд дөрвөн хороо, анги бүхий зохион байгуулалтад орж, МАН-ын гэж байснаа Ардын журамт цэрэг хэмээн өөрсдийгөө нэрлээд Хиагт буюу өнөөгийн Алтанбулагт байрлаж байсан гамин цэргийг дайлаар мордсон байдаг.

3. Ардын журамт цэрэг хийгээд манай нутгийнхан       

Дээр өгүүлсэн Ч.Цэгмид нарын дурсамжид “төв шударга, аливаад ултай ханддаг Н.Билэгсайханы үгийг сонссон нутгийн ардууд чадал чансаатай нь цэрэгт мордож, чадал мөхөс нь адуу морь алив тустай бүхнээ сунгах болсон” гээд цааш нь “1921 оны эхээр Орхоны Шар тохойд гамингийн хэсэг дээрэмчдийг бүслэн хашиж тулалдан бут цохисны дараа өдөр юмдаг, Охиндийн арын Мойлт, тэр үед нутгийнхан Насан-Очирын Бараан арал гэдэг газар өвөлжиж байсан гурван өрхийн нэг Билигийн Насан-Очирын гэрт Чагдагийн Базарсад, улаанхүү Базарсад нарын хамт Сүхбаатар ирээд байсан бөгөөд цугласан олонд хандан хэлж байсан үгийг ногоон Цэвээний Хорлоо гэх 87-той хөгшин 1968 онд ярьсаныг оруулжээ. Тэрээр: “Танай нутаг түмэн ардыг түйвээн дээрэмдэж, тарчилган зовоож, алан хядагч хар гамингуудын хөлд гишгэгдсэн гол газрын нэг болоод байна. Ялангуяа Хиагт бол олон мянган гамин, олон зуун хятад наймаачид үүрлэн бүгсэн газар болжээ. Хятадын дээрэмчин цэргийн анги хэсгийн далдаас тагнан мэдээлэгчдийн орогнодог нүхэн гэр Орхон голын баруун эргийн дагуу Цацын нуга, Бүүрэг толгой, Шар тохой, Нарсан сүүл, Элст манхан, Мураажавын өвөлжөө, Нарстын тохой, Далангийн тавилан, Үүдэн бургас, Хустын булан гээд бүх газраар оготны нүх шиг үргэлжилж байна. Хоттой хонь малаа дээрэмдүүлсэн Даржаа бандь, Амаржихын Балдорж, Дугарын Бандь; орон гэрээ шатаалгасан хар Чойжил, урианхай Түмэн, Нянягийн Зандан, их хөлт Чүлтэм, бүдүүн Сад, оготор Борынхон зэрэг айл овоохойд хоргодож байгааг та нар мэдэж байгаа. Ариун биеэ бузарлуулан доромжлуулсан өндөр Хорлоо, Даваагийн Бадам, Түмэнгийн Цэнджав, Төрмөнхийн Цэндээхүү, Дүлээний Дэжидмаа, Дансрангийн Долгоржав нар бол та нарын төрөл садан, охид хүүхдүүд. ...тэр дайсны нэг хэсэг болох 100-аад гамин цэрэг та бүхний бэлдсэн өвсийг дээрэмдэн ачиж байсантай бид байлдан ялж нижгээдийг барьж ирлээ” гээд толгой дохиход партизан цэргүүд голын өмнөх эрэг дээр нэгийг буудаж хороогоод бусдыг үхэр тэрэгний арлаас уян буутай цэргүүд туугаад авч явж байсан. Харин Сүхбаатар жанжин хошуу цэргийн өмнөх тоон дээр 30-аад хүнийг нэмэн бүртгээд Зэгвийн Балдан, Базархайн Чимид, залан Пунцаг нарыг хэсгийн даргаар томилж, энэ удаа ирээгүй хориод хүний нэрс гарган Амаржахын Балдорж, Цэвээний Лувсанзэгвэ, Цэрэн-Очирын Цэмбэл, Доржийн Дэндэв, (шарлуу), Пунцагийн Мижиддорж, хочлоон Загд, хормой Лувсан, Хужир нугын хар Дансран, лам Дансран нарыг нэмж элсүүлэхийг хоёр Базарсадад даалгаж байсан” гэж ярьжээ. Энэ хөгшин бол хойноос Сэлэнгийн мөсөн дээгүүр морин чаргаар оруулж ирсэн зэр зэвсэгийг идэшнийх нь амбаарт хадгалж байсан, тухайн уулзалт болж байсан гэрийн эзэн Б.Насан-Очирын гэргий. Ер нь нутгийн хүн ард чадах чадахаараа л тэмцэж байсан олон жишээ ам дамжин яригддаг. Лав л миний сонсож байснаар хойно өгүүлэх намын анхны их хуралд суусан хүмүүс дотор нэр нь гарах Юүрэндамбын эхнэр, өндөр Гомбожавын Долгор гуай хэсэг гамин цэргийг ирэхэд аятайхан аашилж, их гал түлэн хооллож, архи өгч согтоон буу зэвсэгийг нь хурааж, морь чарганд ачаад өөр нэгэн эмэгтэйн хамт Сүхбаатарын цэрэгт хүргэж өгсөн тухай яриа. Манайх Долгор гуайнхтай олон жил айл аймаг явсан. Амгалан гэдэг ганц охинтой, элдэв огцом алхам хийгээд баймгүй бүрэг дорой гэмээр хүн байсан санагддаг. Аминд тулсан ахуй орчин л хүнийг энэ байтугайг нь хийлгэдэг гэдгийн жишээ яах аргагүй мөн байх. Бас хачирхалтай ч гэмээр нэг зүйл бол 1950-иад оны сүүл, 1960-аад оны эхээр 1921 оны ардын хувьсгалын үйл хэрэгт оролцсон хүмүүсийн нэрсийг бүртгэж, партизанд өргөмжилнө, цалин тэтгэвэр олгоно гэж байхад би би; би тэнд тэгж байлдаж, ингэж баатарлаж байлаа гэх хүн ховор, харин ч “надад хийсэн юм үгүй”, “би гэрийн хүн” гэж хойш сууж байсан нь цөөнгүй байсан. Манай нутгийнхан нэг л ийм хойшоо суумтгай улс. 

4. Монголын хувьсгалчдын түүхт зөвлөгөөн буюу МАН-ын I Их хурал

Одоо миний өмнө “Монголын хувьсгалчдын түүхт зөвлөлгөөн” 1921 оны III сарын 1-3, боловсруулан бичиж эмхэтгэсэн Г.Дашням, З.Лонжид, УБ, 2001 он, хоёр дахь хэвлэл гэсэн товхимол байна. “Монгол Улс ШУА-ийн түүхийн хүрээлэн, Үндэсний төв архив” гэж малгайлаад “1921 оны гуравдугаар сарын 1-3-нд Хиагт хотноо хуралдсан түүхт зөвлөлгөөний 80 жилийн ойд зориулав” гэснээс харахад хувь судлаачдын хэвлүүлсэн зүйл биш санагдана.

Гурван өдөр шөнө дамнан хуралдсан “хувьсгалчдын зөвлөлгөөн”-ий хуучин монгол бичиг, орос хэлээр хөтөлсөн дэлгэрэнгүй протокол, мөн түүнчлэн орос хэл дээрх тэмдэглэлийг орчуулсан хувилбар зэргийг архивт хадгалагдаж буй эхээр нь зураглаж, өөрсдийн хийсэн дүгнэлтээс энэ бүтээл бүрдэх ажээ. Энэ товхимлыг дэлгэн харахад л нүдэнд тусах зарим нэг зүйлийг уншигч Таны сонорт хүргэе.

Оросын Дээд Шивээ буюу Троицкосавск өнөөгийн Хиагт хотод 1921 оны гуравдугаар сарын 1-3-нд болсон монгол хэл дээр хурал, орос хэл дээр совещание гэсэн хувьсгалчдын зөвлөгөөний бичиг. Эхний өдөр хурлын тэмдэглэлд бичсэнээр МАН-ын төлөөлөгчид ба хэдэн хошууны төлөөлөгч нар, Олон улсын хоорондох Эв хамтын олон намуудын Алс дорнод дахь хорооноос томилон ирүүлсэн хүмүүсийн хамт арван долоон хүмүүн нар хуралдаж, хурлын даргад Данзан, бичээчид Дамбадорж, Дашцэвэг нарыг сонгон томилж, хуралдсан хүмүүсийн нэрсийг жагсаав гэжээ. Харин орос тэмдэглэлд таслах эрхтэй 17 хүн гэж онцолсон байх ажээ. Хоёр дахь өдрийн хурлыг 19 хүний бүрэлдэхүүнтэй нээжээ. Энэ өдрийн орос тэмдэглэлд “женщ. Бадмажап гэж нэмснээр 20 хүн хуралдаж.

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.