Иргэдийн анхаарал, санамсаргүй байдлаас усанд эндэх, осолдох тохиолдол их байна

Баяр, амралтын өдрүүд болох гэж байгаатай холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн байгууллага, Цаг уур, орчны шинжилгээний газраас хамтран мэдээлэл хийлээ.

Мэдээллийг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн гадаргын ус судлалын хэлтсийн инженер С.Саранцацралт нар өгсөн юм.

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Сүүлийн 10 жилд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 2091 хүн амь насаа алдсан бөгөөд үүний 53.7 хувийг үер, усны ослын шалтгаан эзэлж байна. Үерийн улмаас 52, усны ослын улмаас 1070 хүн нас барсан. Түүнчлэн усны ослын тохиолдлын 77 хувийг аялал зугаалгаар явж байгаад амь насаа алдсан тохиолдол эзэлж байна. Тухайлбал, 2020 оны наадмын өдрүүдэд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын дуудлагын  34 хувийг усны осол эзэлж, 17 хүн амь насаа алдсан бол он гарсаар өнөөдрийн байдлаар 7 аймгийн 15 сум, нийслэлийн 3 дүүрэгт 23 удаагийн усны ослын тохиолдлоор 37 иргэн амь насаа алдсаны 8 нь хүүхэд байгаа” хэмээн онцоллоо.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга “Онцгой байдлын байгууллагатай хамтран жил бүр гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн ажилладаг. Иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн усанд эндэх, осолдох тохиолдол их байна. “Усны ослоор эндсэн хүүхдүүдийн хувьд дийлэнх нь орон нутагт, эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж амь насаа алдсан” гэсэн юм.

Харин Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн гадаргын ус судлалын хэлтсийн инженер С.Саранцацралт “7, 8 дугаар сард баруун болон төвийн аймгуудын нутаг, ялангуяа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар буюу иргэдийн амралт зугаалгаар хамгийн их зорчдог нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох, дулааны улиралд богино хугацаанд, бага хэмжээний газар нутгийг хамран ажиглагддаг дуу цахилгаантай, ус ихтэй, ширүүн аадар бороо орох төлөвтэй байна.  Мөн 7 дугаар сарын эхний 10 хоногийн байдлаар Ерөө, Онон, Орхон, Онги гол үерийн аюултай түвшинг 5-15 см давж эргээ хальсан, урд Тамир, хойд Тамир, Хөгшин Орхон, Байдраг, Шаргалжуут, Таац, Онги, Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Шарын гол, Халх гол, Хэрлэн голууд үерийн түвшинг 10-80 см даван үерлэж байна. Цаашид орох хур тунадасны эрчимшил, хэмжээнээс хамаарч гол, усны түвшин нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрэх учир гол, усны ойролцоо амарч зугаалхадаа сонор сэрэмжтэй байж, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.