Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа
2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав. Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн гэв. Тус Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ, хуралдаан даргалагчаас анхны хэлэлцүүлгийн үеэр гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу хэлэлцэн, зарчмын зөрүүтэй 7 саналаар санал хураалт явуулан шийдвэрлэжээ.

    Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Дараа нь хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 49 гишүүн дэмжснээр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд өршөөл үзүүлэх шийдвэр гаргах онцгой бүрэн эрх зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдана хэмээн заасан байдаг. Улсын Их Хурал 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд нийт зургаан удаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан байна.

Энэ удаагийн баталсан хууль нь долоо дахь удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэж байв. 1991 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар нийт ялтны 27 хувь суллагдаж, 10 хувь нь эдлээгүй үлдсэн ялаасаа хасуулсан бол 1996 онд 3.3 хувийг суллаж, 0.4 хувь нь ялаа багасгуулжээ. 2000 онд 14.6 хувь нь суллагдаж, 13 хувь нь ялаасаа хасуулсан бол 2006 онд 30.8 хувь нь суллагдаж, 19.5 хувь нь ялын хугацааны хөнгөлөлт эдэлсэн байна. 2009 онд 31.9 хувь нь суллагдаж 10.8 хувь нь эдлээгүй үлдсэн ялаасаа хасуулж байсан, 2015 онд нийт ялтны 54.9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд тус тус хамрагдаж байсан тоон мэдээг Улсын Их Хурлын дарга дурдав.

Энэ удаагийн хуулиар 3.6 хувь нь суллагдаж, 8.9 хувийнх нь хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, 4.5 хувийнх нь хорих ялаас хоёр жилийг хасахаар төсөлд тусгасан байсан ба зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураасны эцэст эдгээр тоо нэмэгдэж байгаа аж.

    Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж байгаа нь хүнэлэг, энэрэнгүй байх Үндсэн хуулийн зарчмыг баримталж байгаагийн илрэл гэв. Энэ бол энэрэнгүй ёсны хууль зүйн зарчим аж. Төр иргэндээ гэмт хэрэг үйлдсэний төлөө хуулийн дагуу ял шийтгэл оноодог, бас уучлан өршөөдөг ёсыг хэрэгжүүлсэн болохыг Г.Занданшатар дарга тэмдэглэн хэлсэн. Хорих ялаас суллагдсан болон өршөөлд хамрагдсан нийт иргэд төрийн өршөөлийг дааж, хуулиа дээдэлж, хуулийн дор амьдрах үүрэгтэй гэдгийг сануулсан.

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас гаргасан КОВИД-19 цар тахлын үед төр засгийн зүгээс иргэний эрх чөлөөг хасах, цагдан хорих явдлыг аль болох багасгах, хорих байгууллагуудад хоригдож байгаа хоригдлуудын тоог бууруулах, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон өндөр настан, суурь өвчтэй хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өршөөн уучлах уриалга гаргасан бөгөөд энэхүү уриалгыг манай улс хэрэгжүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан гэв.

    Хорих анги, байгууллагуудад олон хүн байх нь КОВИД-19 цар тахал тархах нөхцөл болж, эрхээ хасуулсан ч гэлээ иргэн хүн амь насаа алдах эрсдэл үүсэж байгааг мөн харгалзсан байна. ХЭҮК-оос цар тахлын үед хорих ял эдэлж байгаа 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, хөхүүл хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өсвөр насны хүмүүсийг үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, ял эдэлсэн хугацаа, хүмүүжил зэргийг харгалзан өршөөл үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх саналыг Улсын Их Хурал, Засгийн газарт гаргасан байна. Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жил гээд түүхэн тэгш ой тохиож байгааг харгалзан энэхүү Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж байгааг онцоллоо.

    Нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Европын холбооны өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулаагүйг мэдээллээ. Түүнчлэн хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг болон нийгмийн анхаарлыг татаж байгаа олон зарим төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуулиас хассан байна. Үүнтэй зэрэгцүүлэн Улсын Их Хурлаас дагалдан гарах тогтоолын төслийг батлана гэдгийг танилцуулсан.

    Төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав. Тус Байнгын хороо Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах солих санал дэмжигдсэнтэй холбоотойгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлсэн байна. Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүд зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргажээ. Эл саналыг гишүүдийн олонх дэмжсэн байна.

    Б.Энх-Амгалан гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Байнгын хорооны дэмжсэн горимын саналаар санал хураалт явуулсан. Гишүүдийн олонх дэмжсэн тул Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад 49 гишүүн дэмжснээр баталсан юм.

    Дараа нь “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Энх-Амгалан гишүүн нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т заасны дагуу анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

    Энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Байнгын хорооны дэмжсэн, төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах саналаар санал хураалт явуулав. Уг саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 63.4 хувь нь дэмжсэн тул Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн 75 хувь нь дэмжснээр “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоол батлагдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-07-09 05:22:41
    Олон дахин өршөөлд хамрагдаж сулагдаж байгаа бол тэгж болохгүйгээ хүнд ял нь хэд хэдэн өршөөлд хамрагдаж болх талтай Төрийн хайр халамжийг хүндэтгэж амьдрах нь ...
  • Бат 2021-07-03 04:26:39
    За эрхмүүд минь сургамж авч төрийн хишиг дааж амьдар Өршөөлд хамрагдаад буцан орж байгаа эрмүүдийг дахин өршөөлд хамрагдахгүй баймаараа