Б.Энх-Амгалан: Хүүхдийн вакцинд тусгайлан хориглосон заалт байхгүй

Манай улс өчигдрөөс эхлэн 12-15 насныхныг вакцинжуулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор болон бусад цаг үеийн асуудлаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тархвар судлаач эмч Б.Энх-Амгалантай ярилцлаа.

 

-ТТАХНЭ энгийн иргэдэд үйлчлэх болсон. Ер нь цар тахлын нөхцөл байдалд хэрхэн ажиллаж, ямар арга хэмжээ авч байна вэ?

-Манай эмнэлэг Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа  байгууллага гэдэг утгаараа  21 аймагт өргөн цар хүрээтэйгээр иргэдэд үйлчилж байна. Өмнөх жилүүдэд зөвхөн цэрэг цагдаа гээд хүчний байгууллагын алба хаагчдаас гадна тэдний ар гэрийнхэн үйлчлүүлдэг байсан. Мөн эмнэлэг Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа эмнэлэг болсноосоо хойш хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлэх болсон. 2017 оноос эхлэн бид Чингэлтэй дүүргийн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээ, өнгөрсөн оноос хүн ам болон тусламж үйлчилгээний цар хүрээгээ тэлж Чингэлтэй дүүргийн иргэдэд тодорхой хэмжээний тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн. 

Цар тахалтай холбоотойгоор Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн ковидын хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг авч эхэлж байна. Эрчимт эмчилгээний зургаан ор, энгийн 120 ортой тусламж үйлчилгээ эхэлсэн хэдий ч одоогийн байдлаар ор 160 болж нэмэгдсэн. Улсын хэмжээнд өвчлөл ихэссэнтэй холбоотой ачаалал ихсэж байгаа.

-Цар тахалтай холбоотойгоор хүнд, хүндэвтэр болон жирэмсэн эхчүүдэд хэрхэн үйлчилж байгаа вэ?

-Халдварт өртсөн арваас дээш насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байгаа. Хэрэв  аав, ээж нь өвдсөн тохиолдолд хүүхдийг нь аль болох хамт хэвтүүлэх, гэр бүлээр нь эмчлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Жирэмсэн эхчүүдийн хувьд тав хүртэлх сартайг хүлээж авч эмчилж байгаа. Одоогоор 40-өөд жирэмсэн эхэд  тусламж үзүүлсэн.

-Вакцин хийлгэсэн хүмүүс эсрэг биетийн шинжилгээнд ач холбогдол өгч байна. Дархлаа тогтох нь вакцинаасаа хамаарч байна уу, хүнээсээ хамаарч байгаа юу?

-Манай эмнэлэг өвчлөлийн дараа дархлаа тогтсон эсэх шинжилгээ хийж байгаа. Гэхдээ хэдэн хүнээс ямар үр дүн гарсан эсэх нь эцсийн байдлаар хараахан гараагүй байна. Монгол Улсын хэмжээнд вакцины дараа дархлаа тогтолтыг үнэлж дүгнэсэн судалгаа одоогоор хийгээгүй байна. 

-Ковидын халдвар авсан иргэд цахим ертөнцөд “эмчилгээ” бичиж түгээж байна. Үүнээс улбаатайгаар иргэд дур мэдэн эм бэлдмэл авч хэрэглэх тохиолдол даамжирлаа. Ковид туссанаа мэдээд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Эм бол хоол хүнс биш. Ковидын халдвар авсан л бол зайлшгүй эмнэлгийн байгууллагад хандаж, зөвлөгөө авах ёстой. Ялангуяа манай монголчууд дур мэдэн зөвлөгөө өгөх дуртай. Мэргэжлийн эмчийн зөвлөгөөг сонсохоос илүү хэн нэгэн мэргэжлийн бус хүний үгийг илүү дагаад байна. Иргэдийн энэ хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдэл өвчин улам хүндрэх шалтгаан болж байна. Тухайн хүний биеийн онцлог, байдал, хүнд хөнгөн зэргээс шалтгаалж хэд хоног ямар тунгаар уух вэ зэргээр эмчилгээ өөр байдаг. Дур мэдэн эм хэрэглэж байгаа нь эргээд эмийн хордлого, гаж нөлөө үүсэхийг үгүйсгэхгүй. Өөрийгөө ковидын халдвар авсан гэж мэдсэн, шинж тэмдэг илэрсэн л бол дүүрэг, өрх, харьяа эмнэлэгтээ хамгийн түрүүнд хандах ёстой.

Вакцины төрлөөс хамаарч дархлаа тогтох байдал дунджаар 90 хувь гэж үзэж байгаа. Тэгэхээр үлдсэн 10 хувьд нь халдвар авч болзошгүй гэсэн үг. 

-Манай улс хүүхдүүдээ дархлаажуулж эхэллээ. Эргэлзсэн, болгоомжилсон эцэг эхчүүд ч цөөнгүй байна. Хүүхдэд вакцин хийхэд ямар нэг сөрөг гаж нөлөө илэрч болох уу?

-Аливаа вакцинд эсрэг заалт гэж байдаг. Хамгийн гол эсрэг заалт бол тухайн вакцины орц найрлаганд орсон биологийн бэлдмэлд харшилтай хүнд хийж болохгүй. Ямар ч төрлийн вакцинд урвал гэж бий. Хүүхэд, том хүн ялгаагүй вакцин хийлгэсэн л бол ямар нэг байдлаар урвал үзүүлнэ. Дархлааны систем өдөөгдөж, дархлаа тогтож л байгаа бол тодорхой хэмжээний хариу урвал үзүүлэх ёстой. Одоогоор хүүхдэд хийхийг хориглосон талаар тусгайлан анхааруулсан эсрэг заалт байхгүй.

-Вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн хэрнээ нас барсан тохиолдол гарсан. Мөн архаг хууч өвчингүй гэж ойлгож болохоор найман настай болон 20 настай залуус бас нас барлаа. Үүний учир шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Вакцин хийлгэсний дараа вирусын халдвар авбал арай хөнгөн тусна. Яг одоогоор бол 20 гаруй насны болон найман настай хүүхэд яагаад  нас барсан нарийн учрыг мэдэхгүй байна. Архаг суурь өвчин зэрэг олон суурь хүчин зүйлээс шалтгаална.  Уг өвчнийг дэлхий бүрэн судалж дуусаагүй, судлагдаад явж байгаа.

Аливаа халдварт өвчнөөс сэргийлэх ганц зүйл бол вакцин. Вакцины төрлөөс хамаарч дархлаа тогтох байдал дунджаар 90 хувь гэж үзээд байгаа. Тэгэхээр үлдсэн 10 хувьд нь халдвар авч болзошгүй гэсэн үг. Тухайлбал, 100 хүнд вакцин хийлээ гэхэд 80-д нь дархлаа тогтоод үлдсэн 20 нь өвдөнө гэсэн үг. Үүнийг хүмүүс буруу ойлгоод вакцин огт үр нөлөөгүй байна гэсэн сөрөг ойлголт яваад байгаа. Вакцины чанараас үл шалтгаалан дархлаа маш сайн тогтдог хүн байхад огт дархлаа тогтдоггүй хүн гэж байдаг.

-Халдварын тархалт буурахгүй бол ирэх оноос вакцины гуравдугаар тунг хийх талаар улс орнууд мэдээлж эхэллээ. Вакцины гуравдугаар тунг хийлгэх шаардлага байгаа юу?

-Вакцины үйлчлэх хугацаа ойролцоогоор нэг жил байдаг. Тэгэхээр өвчлөл буурахгүй бол ирэх жил вакцины гуравдугаар тунг хийнэ гэж бодож байна. Тэгж байж энэ цар тахлаас өөрсдийгөө сэргийлнэ.

-Эмнэлгийн хүрэлцээгүйгээс болоод түр эмнэлэг байгуулж, ор дэлгэж байна.  Танай эмнэлгээс эмч ажилчид  дайчилж байгаа юу?

-Дайчлах санал ирсэн боловч манай эмнэлэг өөрөө маш ачаалалтай, эмч ажилчид маань өвдөж байгаа учраас боловсон хүчний хомсдолд орох эрсдэл үүснэ. Манай эмч нар улаан бүс рүү 14  хоногийн зайтай баг болж ордог. Ингэхдээ 14 хоног нойргүй шахам өдөртөө хоёроос гурван цагийн нойртой л ажилладаг. Мэдээж улаан бүсэд ажилласан учир гарч ирээд тусгаарлалтанд орно. Ийм учраас эмч ажилчдаа дайчлах боломж байхгүй. Харин эмнэлэг дотроо ор нэмэх, нэмж өвчтөн авах зэрэг ажлууд хийж байна.

-Бас нэг хурцаар тавигдаж байгаа асуудал бол эрүүл мэндийн салбарынхны цалин. Ачаалалтай ажиллахын хэрээр цалингийн нэмэгдэл олгож байгаа юу?

-Нэг эмчид ойролцоогоор 60  өвчтөн ноогдож байна. Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн хүрээнд улаан бүс рүү орж ажилласан эмч нарын цалинг хоёр дахин нэмэгдүүлж байгаа. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
А.Номинбилэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-06-29 03:23:21
    үнэн юм яриарай да дараа н ийм бна тэгсэн гээд гөрдөөд байва,Томчуудаа баахан туршилтанд оруулсан хүүхдийг битгий оролдоорой өөрөө бодит туршалт хийгээд хийгээр...