Манай улс ундны усны цацрагийн асуудалд анхаарал хандуулах цаг нь болсон

Физик-математикийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор, гавьяат багш Х.Цоохүүтэй ярилцлаа.

-Та сүүлийн жилүүдэд манай орны ундны усны ураны судалгааг удирдаж ажилласан хүн. Бидний ууж байгаа усанд уран хэр их байна вэ?

-Улаанбаатарчуудын хувьд энэ талд санаа зовох зүйл байхгүй. Харин зарим аймгийн төв, зарим сумдын гүний усанд уран их байна.

- Уран ер нь хүний биед ямар хор хөнөөл учруулдаг вэ?

-Уран организмд хоёр замаар хортой нөлөө үзүүлнэ. Нэгд, хүнд элемент учраас химийн хоруу чанартай. Хоёрт, цацраг идэвхтэй учраас цацрагийн хордлого үүсгэнэ. Цацрагийн хор нь урт хугацааны үйлчилгээтэй. Уран хүн амьтны бөөр, яс, тархи, элгэнд очиж хуримтлагддаг бөгөөд хүнд элемент учраас тэндээ үлдэж исэлдэлтийн процессыг түргэсгэж организмын хэвийн ажиллагааг өөрчилдөг. Нөгөө талаас ураны задралаас үүссэн их энергитэй бөөм хүний биед нэвчиж ДНХ, эд эсийг гэмтээх зэргээр удамшлын санд сөргөөр нөлөөлж хорт хавдарт хүргэдэг нь тогтоогджээ.

-Олон зуун жил урантай ус уусан монголчууд зүгээр л амьдраад яваад байгаа юм биш үү?

-Би тэгэж бодохгүй байна. Хүн амын дунд ураны хордлого байхгүй гэдгийг яаж нотлох юм. Ямар ч судалгаа байхгүй байгаа шүү дээ. Хоёрт, өнгөрсөн зуу зуун, мянган жилийн түүхэндээ монгол хүн гол горхи, цас мөс гэх мэт гадаргын усаар ундаалж ирсэн. Ийм усанд уран бараг байдаггүй. Ямар усанд байдаг вэ гэвэл гүний усанд байдаг. Сүүлийн үед л хот суурин байгуулах, уул уурхай, мал аж ахуй, газар тариалан хөгжүүлэхтэй холбогдож олон тооны өрөмдмөл худаг  гаргасан. Тэгэхлээр гүний ус хэрэглэдэг болоод хөдөө орон нутагт 50 жил ч болоогүй байна. Энэ харьцангуй богино хугацаанд хордлого илт мэдэгдэхгүй байж болно. Яваандаа аюул нь мэдрэгдэнэ. 

-Та ярилцлагын эхэнд аймгийн төвүүдийн усанд уран их байдаг гэж хэллээ. Ямар аймгуудад их байгаа юм бэ? Үүнийгээ жаахан тодруулж хэлж өгнө үү?

-Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотын нийтийн сүлжээний зарим усанд ураны агууламж стандартаар тогтоосноос 6-7 дахин их байна. Герман улс нярай болон нялх хүүхдийн хоол хүнс бэлтгэхэд хэрэглэж буй усан дахь ураны агууламжид маш болгоомжтой ханддаг. Түүнтэй харьцуулах юм бол Баруун-Урт хотын нярай хүүхэд 100 дахин их агууламжтай ус ууж байна гэсэн үг.  Энэ бол харангын дохио дэлдэж байгаа хэрэг шүү. Яг ийм их ураны агууламжтай усыг Дорноговь аймгийн төв Сайншанд хотын оршин суугчид бас ууж байна. Мөн л нийтийн түгээврийн усанд нь байгаа уран шүү дээ. Ийм олон арван мянган хүн ам суурьшсан газрын ус уран ихтэй байна гэдэг бол аюулын хувьд илүү байх болно. Бидний үнэлгээгээр 10 мянган хүн ам тутмаас жилд 2 хүн ураны хордлогоор нас барах тооцоо гарсан байгаа.  

-Хэцүү сонсогдож байна шүү. Танай баг зөв үр дүн гаргасан гэдэгтээ хэр итгэлтэй байгаа вэ?  Ер нь ямар баг хамт олон ажилласан бэ?

-МУИС-ийн Хүрээлэн буй орчны судалгааны лаборатори, Цөмийн энергийн комисс, Геологийн төв лаборатори, Мэргэжлийн хяналтын газрын Цацрагийн лаборатори зэрэг байгууллагатай хамтарч ажилласан. МУИС-ийн профессор О.Болормаа төслийн дэд удирдагчаар ажилласан. Мөн доктор Н.Тэгшбаяр өөрийн талаас баг бүрдүүлж оролцсон. Физикчид, химичдийн хамтарсан багийн 10-аад жилийн хөдөлмөрийн үр дүн юмаа. Бидний гаргасан үр дүнд хөндлөнгийн хяналт, давхар шалгалт хийх  зайлшгүй шаардлагатай. Нарийвчилж судлах асуудлууд байгаа гэдгийг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ ямар ч байсан манай баг анх дуугарч чадсан, бидний гаргасан үр дүн тэгтлээ өөрчлөгдөхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. 

-Сумдаас хаанахын ус уран ихтэй байна. Нэрлэж болох уу?

-Бололгүй дээ. Тэртээ тэргүй бид энэ бүхнийг дэлгэрэнгүй бичээд номоо 2020 онд гаргасан, нийтийн хүртээл болоод явж байгаа. Ер нь бол манай улсын стандартаар тогтоосон хэмжээнээс ураны их агууламжтай худаг 83 суманд байгаа. Хамгийн ихээс нь дурдвал Дорноговь аймгийн Алтанширээ, Хөвсгөл, Сайншанд сумууд,  Дорнот аймгийн Баянтүмэн, Хэрлэн, Төв аймгийн Угтаалцайдам, Жаргалант, Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Эрдэнэ-цагаан, Баруун-Урт, Мөнххаан сумууд, Завхан аймгийн Шилүүстэй, Тэс, Булган аймгийн Дашинчилэн, Баянхонгорын Баян-Өндөр, Хэнтий аймгийн Галшар, Ховд аймгийн Дуут, Увс аймгийн Баруун-Туруун,  Дундговь аймгийн Өндөршил гээд олон сумыг нэрлэж болно. Эдгээр сумын төвүүдийн гүний худагт ураны агууламж манай улсын стандартаас 3-10 дахин их байгаа юм. Ингээд бодохоор манай улс ундны усныхаа цацрагийн асуудалд анхаарал хандуулах цаг нь болсон. Хүмүүс наад зах нь ямар ус ууж байгаа талаараа мэдээлэл шаардах эрхтэй байх ёстой.

-Усыг уранаас нь цэвэршүүлэх арга байдаг уу. Хүмүүс цацрагийн хувьд ямар ус ууж байгаагаа яаж мэдэж болох вэ ?

-Хэд хэдэн арга бий. Гэхдээ үнэ өртөг ихтэй  технологиор цэвэршүүлдэг юм. Ууж байгаа усаа  цацрагийн аюултай эсэхийг мэдэх нь хүний эрхийн асуудал. Бас эрүүл мэндийн боловсролтой ч холбоотой. Шинэ худаг гаргах болгонд эрдсийн болоод бактерийн шинжилгээ хийж албажуулж өгдөг биз дээ. Энэ шинжилгээнд ураны агууламжийн мэдээллийг давхар хамруулж байх ёстой болж байна.

-Танай баг усны ураныг нь тодорхойлохоос  гадна бусад олон судалгаа хийсэн гэж сонссон. Энэ талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Усны физик-химийн бүрэн үзүүлэлтийг гаргаж чадсан. Хаанахын ус иод, фтор багатай, хаанахынх нь хортой элемент хар тугалга, мышяк, селени агуулж байгааг хэлж болно. Бас газрын доорх усны ураны судалгаагаар ураны геологичдийн ном зохиолд огт тэмдэглэгдэж байгаагүй ураны илэрц, биет хаана байж болохыг таамагласан. Орчин үеийн машин сургалтын арга хэрэглэж усны физик- хими, ионы үзүүлэлтээр ураны агуулгыг үнэлэх арга боловсрууллаа. Энэ нь усны ураныг тодорхойлох үнэ өртөг ихтэй аргыг илүү үр дүнтэй, эдийн засгийн үр ашигтай хэрэгжүүлэх замыг нээж өгч байгаа юм. 

-Таны энэ сүүлд хэлсэн чинь тус тусад нь авч ярилцах том асуудлууд байна. Энэ удаа ярилцлагаа үүгээр өндөрлөе. Урилга хүлээн авч ярилцлага өгсөнд их баярлалаа.

- Баярлалаа, танай сонины хамт олонд ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Тэлмэнтуяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.