
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг өнөөдөр 17 цаг 30 минутад Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр шууд дамжуулан, нийт 2 цаг 30 минутын хугацаатайгаар нэг хөтлөгч хөтлөн явуулахаар болсон. Гэвч өнөөдөр МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг явуулах боломжгүй болсон гэж мэдээлэв.
Б.Бүрэнбаатар: МҮОНРТ үндсэн чиг үүргийнхээ дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг шууд дамжуулсаар ирсэн. Энэ удаагийн мэтгэлцээнийг шууд дамжуулах бэлтгэл ажлыг хангаж, тайзны тухайд гурван нэр дэвшигчийг илэрхийлэх өнгөнөөс татгалзаж дундын өнгийг сонгож, МҮОНРТ-ийн нэгдүгээр сувгаар болон mnbworld сувгаар англи орчуулгатайгаар шууд дамжуулаар бэлтгээд байсан. Мэтгэлцээнийг
- Монгол Улсын үндэсний аюулгүй байдал,
- Батлан хамгаалах,
- Гадаад бодлого,
- Шүүх засаглал,
- Эдийн засаг болон нийгмийн харилцаа гэсэн үндсэн чиглэлд явуулахаар төлөвлөсөн байсан.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй нам, эвслүүд мэтгэлцээнийг хэрхэн явуулах талаар удаа дараа санал солилцож, мэтгэлцүүлэх гурван хувилбар яригдсан. Улсын хоёрдугаар төв эмнэлэг рүү мэтгэлцээнийг тус эмнэлгээс шууд дамжуулах боломж байгаа эсэх асуудлаар албан бичиг явуулсан. Тус эмнэлгээс КОВИД 19-ийн үед улаан бүс рүү гадны хүн нэвтрүүлэх боломжгүй, халдвартай иргэнийг гаргахгүй гэсэн хариу ирсэн. Ингээд шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болж байна” гэлээ.
Оллоо.мн