Согтууруулах ундаатай нөхөрлөсөн өсвөр үеийнхэн
Монгол Улсад 2013 оны байдлаар согтууруулах ундаа зарж борлуулж, үйлчилдэг 9703 цэг ажиллаж байна. Үүнээс зөвхөн нийслэлд гэхэд нэг дэлгүүрт 397 хүн, нэг бааранд 939 хүн ногдож байгаа. Энэ олон архины дэлгүүр, бааранд орох эсэх нь нас биед хүрсэн, өөрийгөө авч явах ухамсар чадвартай хүмүүсийн сонголтын асуудал. Харин юм бүхнийг сонирхон шохоорхох өсвөр насныхны хувьд уруу татах том сэдэл юм. Тэдэнд найз нөхөдтэйгөө уулзах, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс учраас тав алхаад тааралдах кафе, паб, бааранд орох нь жирийн үзэгдэл болжээ.

Бид өнгөрсөн баасан гаригийн үдэш хотын хэд хэдэн баар, караокед орж сонирхсон юм. Нийслэлийн томоохонд тооцогдох диско бааранд 22 цагийн үед ширээнүүд бүгд эзэнтэй болсон байв. Энд үйлчлүүлж буй хүмүүсийн 80 хувь нь эмэгтэйчүүд, тэр дундаа 20 хүртэлх насных болов уу гэмээр охид голдуу байх юм. Тэд ямар нэг уулзалт, хүлээн авалтанд ирж байгаа мэт гоёж, зарим нь хэтэрхий задгай хувцаслажээ. Найз нөхдөөрөө, хамт олноороо хааяа доргиж, бүжиглэх сайхан байдаг. Харин энд бөөнөөр, доргиж яваа хүмүүс тун цөөхөн. Хөх, бөгсөө “бараг” гаргасан мак, юбка, биеэ барьсан даашинзтай охид ямар нэгэн шалгаруулалтад орж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Бүжгийн талбайд биесээ илж таалан, янз бүрээр бүжих тэднийг залуучууд яг л адуу мал шилж, сонгож байгаа мэт харж сууна. Ерөөс бааранд уух гэж, бас бүжиглэх гэж бус хэн нэгэнд харагдах, сонгогдох гэж ордог болсон юм шиг санагдах ажээ.

Хэт их будаж, задгай хувцасласан ч насаар бага болов уу гэмээр хэсэг охин захын ширээнд ундаа, пиво тавин сууцгааж байв. Тэднийг үдэш оройн цагаар ийм дүр төрхтэй гарч явахыг эцэг, эх нь юу бодож зөвшөөрдөг юм бол гэж гайхмаар. Тэдэнтэй ярилцахаар очиход нэлээд цааргалсан ч ярилцахыг зөвшөөрлөө.

*Сурагчдын 9.3 хувь (443) сүүлийн нэг сард согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн. Дэлгүүр, мухлагаас (233, 52.6%) худалдан авч хэрэглэжээ.
-Та нар хэдэн настай вэ. Сурдаг уу?

-16-17 настай, дунд сургуулийн ахлах ангид сурдаг.

-21 наснаас дээш хүмүүс бааранд үйлчлүүлнэ гэдэг журам байдгийг мэдэх үү?

-Мэднэ, гэхдээ та хар л даа. Энд 25-аас дээш насны хүн бараг байхгүй байгаа биз дээ.

-Та нарыг оруулахдаа иргэний үнэмлэхийг чинь үздэггүй юм уу?

-Үздэггүй ээ. Нас асуувал мэдээж үнэнээр нь хариулахгүй шүү дээ.

-Энд байгааг чинь гэрийнхэн нь мэдэж байгаа юу?   

-Мэдэхгүй ээ. Манай найзын төрсөн өдөр болж байгаа юм. Аав ээжийг унтсан хойно нь орох учир гайгүй.

*Согтууруулах ундаа хэрэглэж байсан сурагчдын 18.7 хувь (95%CI 13.8-24.8) нь найз нараасаа авсан байв.


-Хэдэн насандаа анх согтууруулах ундаа уусан бэ?

-14, 15 гээд янз бүр. Нэг найз маань огт ууж үзээгүй. Бидэнтэй хамт ундаа уугаад л сууж байна.

-Ер нь танай ангийнхан, найз нөхдийн дотор согтууруулах ундаа хэрэглэж үзсэн хүүхэд хэр олон байна. Хаана голдуу уудаг вэ?

-Ихэнх нь ууж үзсэн байх. Цөөн хэд нь л огт амсаж үзээгүй. Тэмдэглэлт баяр, төрсөн өдөр дээр шар айраг, дарс ууж байсан. Дэлгүүрээс аваад нэгнийдээ уух ч тохиолдол бий. Заримдаа караокед ордог. Тэнд ч уудаг юм. Ер нь дэлгүүрээс худалдаж авах, караоке бааранд орох зэргээр хүсвэл уух боломж зөндөө. Угаасаа хотоор дүүрэн баар байхад. Бидэнд хамтдаа байх чөлөөт цагаа гоё өнгөрүүлэх газар байдаггүй. Тийм байж өдөр бүр шахуу л баар, буудал баригдаж байгаа нь нууц биш биз дээ. 

-Согтууруулах ундаа эрүүл мэндэд мууг мэдэх үү?

-Мэднэ, гэхдээ бид хэтрүүлэн уудаггүй болохоор гайгүй биз. Хүүхэд бүр л сонирхоод ууж үздэг. Огт амсч үзээгүй гэхээр бусад нь шоолдог. Хааяа  шар айраг юм уу, дарс уучихдаг.
 

*Согтууруулах ундаа хэрэглэдэг сурагчдын 58.0% нь өөрийнхөө эсвэл найзынхаа гэрт согтууруулах ундааг хэрэглэсэн гэв.

*Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр архи, согтууруулах ундааны сурталчилгааг сурагчдын 42.6 хувь харсан байна.


Бидний яриа дууссаныг илтгэн охид бүжгийн талбай руу гарав. Үнэндээ бидний ирээдүй хойч үе, тэр дундаа ээж болох охид багаасаа согтууруулах ундаа хэрэглэж, хүлээн зөвшөөрч байгаа нь аймшигтай. Хэдхэн баримт дурдая.

2013 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн судалгаагаар 12-18 насны сурагчдын дунд 26,5 хувь нь согтууруулах төрлийн ундааг ууж үзсэн гэж хариулжээ. Харин эрэгтэй сурагчдын 68,4 хувь нь согтууруулах төрлийн ундааг ууж үзсэн гэсэн бол хотын сурагчдын 45,1 хувь хөдөөгийн сурагчдын 40,5 хувь нь 14 түүнээс доош насандаа согтууруулах ундаа хэрэглэж үзсэн байна.

Нийт сурагчдын 8.9 хувь сүүлийн сард нэг ба түүнээс олон хоногоор согтууруулах төрлийн ундааг “НЭГ УУЛТ” хэмжээгээр хэрэглэсэн гэжээ. Сурагчдын суралцдаг анги дээшлэхэд согтууруулах төрлийн ундааг сүүлийн нэг сард хэрэглэсэн хувь өсч байжээ. Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 11.8 хувь нь согтууруулах төрлийн ундааг согтотлоо хэрэглэж үзсэн гэсэн нь өсвөр насныхан архины хэрэглээнд анхаарах цаг болсныг харуулна. 
Зууны мэдээ
Х.Монголхатан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-10-14 03:23:32
    Ийм явдал байгаа нь худал биш, шөнө орой хашгичаад зодолдоод яваа нь эрүүл бус хойч үе бэлтгэгдэж байна.Эцэг эх, багш сургууль хүмүүжлийн тал дээр анхаарахаа больсон шүү дээ. Согтсон, архидаж байгааг нь ил тод харуулж байх хэрэгтэй.Чөлөөт цаг өнгөрөөх газаргүй гэдгийг хүлээн авч болохгүй, олон боломж бий шүү.
    112.72.13.86
    Мэдэгдсэн Хариулах
  • hudalch  2014-10-14 02:25:50
    yaga yamar uchirtai iim har taliin het neg taliig harsan hetruulegtei medee tavidag yum bol. ? yaga yaah gej? uuriinhuu bardsaniigaa ajil hiisen bolgoj baigaa yum bolov uu?
    112.72.13.124
    Мэдэгдсэн Хариулах
  • битгий хуц 2014-10-14 02:15:13
    захиалгат бичлэг байна ийм насны хүүхдүүд ингэж ярина гэж юу байхав дээ худлаа
    202.126.89.168
    Мэдэгдсэн Хариулах