Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтов
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.05.27) хуралдаан 14 цаг 13 минутад 11 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан нарын нийслэлээс сонгогдсон гишүүд санаачлан боловсруулж, энэ сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Нийслэл Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 48 орчим хувь нь амьдарч, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 125 мянган аж ахуйн нэгжийн 75 хувь нь төвлөрч ажилладаг. Түүнчлэн нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 24 их наяд 683 тэрбум төгрөгт хүрсэн нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 66.7 орчим хувьтай тэнцэж байгаа аж. Хэдийгээр Улаанбаатар хот нь 1.6 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болоод байгаа ч хүн амын төвлөрөлтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ, хүртээмж хангалтгүй, авто замын ачаалал хэтэрсэн. Айл өрх, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаан, дулааны тогтвортой эх үүсвэрээр хангах, замын түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

Тиймээс Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгож хөгжүүлэх асуудлыг Улсын Их Хурлын Байнгын хорооны түвшинд авч үзэх шаардлагатайг харгалзан уг тогтоолын төслийг боловсруулсан байна. Нийслэлээс энэ удаагийн Улсын Их Хуралд нийт 23 гишүүн сонгогдсон бөгөөд тэдэнтэй Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт нарын гишүүд нэгдэж, нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хамтран зүтгэхээр санаа нэгджээ.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гарсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил санал хураалтын техник зарим үед гацаж саатах тохиолдол гарч байгаа учраас санал хураалтыг гар өргөж явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул  Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, төслийг эцэслэн батлуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.