Сонгуулийн сурталчилгааны эргэн тойронд

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа орон даяар үргэлжилж байна.  МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх өнгөрөгч өдрүүдэд Хэнтий, Сүхбаатар, Баян-Өлгий аймагт болон Баянзүрх, Хан-Уул дүүрэгт ажиллаж иргэд сонгогчидтой уулзжээ.  АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ Хэнтий, Дорнод аймагт ажиллаж байна.  Харин ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат  Хөвсгөл аймгаас сонгуулийн сурталчилгаагаа эхэлсэн бол Баянхонгор, Говь-Алтай,  Ховд аймагт ажиллаад байна.  Нэр дэвшигчдийн уулзалтаас онцлон хүргэж байна.

МӨРИЙН ХӨТӨЛБӨРТӨӨ ЗАЛУУСЫГ ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИУДАД СУРАЛЦУУЛАХААР ТУСГАЖЭЭ

МАН-аас  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Баянзүрх дүүргийн иргэд сонгогчидтой уулзаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тэрбээр “Улсынхаа эдийн засгийг хөл дээр нь босгоход 4-12 жил шаардлагатай байна. Эрчим хүчийг дотооддоо, шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэдэг болох нь чухал байна. Нефтийн үйлдвэр 2024 онд ашиглалтад орно. Хүнсний аюулгүй байдал чухал. Хүнсээ өөрсдөө үйлдвэрлэж, экспортлох хэрэгтэй байна. Боловсруулах үйлдвэрүүдээ барьж, ашиглалтад оруулах хэрэгтэй.

Миний сонгуулийн уриа  “Баялагтаа эзэн Монгол”. Өнгөрсөн хугацаанд бид тэмцлийнхээ үр дүнд олон тусгай зөвшөөрлийг улсдаа буцааж авсан” гэлээ.  Энэ үеэр иргэн Н.Мөнгөнбагана “У.Хүрэлсүх нэр дэвшигчийн “Шударга ёс-Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрт хороо бүрээс нэг шилдэг сурагчийг дэлхийн шилдэг сургуульд суралцуулах боломжийг олгоно гэсэн нь анхаарал татаж байна. Залууст боломж олгож байгаа юм чинь залуус бид өөрсдөө хичээх л хэрэгтэй” гэж онцоллоо.

С.ЭРДЭНЭ ХЭНТИЙ, ДОРНОДОД АЖИЛЛАЛАА

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ Хэнтий, Дорнод аймгийн иргэд сонгогчидтой уулзаж “Хувь хүний эрхийг дээдэлсэн Ардчилсан Монгол” мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Уулзалтад хүрэлцэн ирсэн Хэнтий аймгийн иргэд сонгогчид Ардчилсан ерөнхийлөгчтэй болох сонголт хийхээ илэрхийлээд хөдөө орон нутагт эдийн засгийн нээлттэй бодлого баримталж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг бүх төрлийн татвараас чөлөөлөх санаачлагыг ихэд сайшааж буйгаа хэлж байсан юм.  Мөн энэ үеэр Хэнтий аймгийн залуу малчин Т.Намхайдорж нэр дэвшигч С.Эрдэнэд ялалт амжилтыг бэлгэдэн Цагаан унагатай гүү бэлэглэжээ.

ХОВД АЙМГИЙН СОНГОГЧИДТОЙ УУЛЗЛАА

Нэр дэвшигч Д.Энхбат өчигдөр Говь-Алтай,  Ховд аймгуудын иргэд сонгогчидтой уулзжээ.  Аймгийн иргэд  гурван хүүтэй зээлийн асуудал, төрийн данхар бүтэц, дарангуйлал, хууль тогтоомж шийдвэрүүдийн ялгавартай үйлчлэлийн талаар нэр дэвшигчээс байр суурийг нь сонслоо.  Тэрбээр энэ тухай “Зарим иргэд бухимдаж байна. Монголд өнөөдөр системийн хямрал нүүрлэсэн. Энэ хямрал тодорхой нэг үйл явц, нэг хоёр хувь хүнээс гэх мэт зүйлээс хамаардаггүй. Энэхүү хямралыг аргалж, өнгөлөн далдалж болдоггүй, зөвхөн том реформ, шинэчлэл хийж давдаг. Хэрвээ шинэчлэл хийхгүй бол систем нурах аюултай. Нийгэм дотроосоо тогтворгүй болж, эдийн засгийн өсөлт гацаж, улс орон, иргэд ядуурна” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Сайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • шинэ еөкөө сонгоё 2021-05-31 07:41:27
    Ерөнхийлөгчийн сонгуульдаа идэвхитэй оролцоорой www.eok21.com