Дээд шүүхийн шийдвэрээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллав

Өнгөрсөн баасан гаригт С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ,  Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргах шийдвэрийг Дээд шүүхээс гаргалаа.  Улмаар тэднийг хорих 401 дүгээр ангиас сулласан юм.   Олны анхаарал татсан тус үйл явдалтай холбоотой тоймыг хүргэж байна.

2021.05.14 09.00 цаг

Дээд шүүхийн хуралдаан эхлэв

Улсын дээд шүүхээс  Т.Чимгээ,  Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдогчид хоёр жилийн хорих ял оноосон билээ. Үүнийг дараа  Улсын Ерөнхий прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах дүгнэлт бичиж, Дээд шүүхэд хүргүүлсэн байна. Тэгвэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэрхэх асуудлаар Дээд шүүх хаалттай хуралдаж, эхэлсэн юм.

2021.05.14 10.00 цаг

Шүүгчээс татгалзсан ч хүлээж авсангүй

Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон хохирогчийн талын С.Оюуны өмгөөлөгч нар шүүгч Б.Цогтоос татгалзах хүсэлт гаргасан юм. Гэвч шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй.  Шүүгч Б.Цогт "Би өмнө нь ч хэлсэн, одоо ч хэлсэн өргөсөн тангарагтаа үнэнч явна. Энэ хэрэг, маргаан Дээд шүүхэд ирсэн цагаасаа хуваарилах нь компьютер программаар хуваарилагддаг учраас хэн нэгэн нь би өөрөө хүсээд сайн дураараа хийсэн зүйл байхгүй.  Надад энэ хэргийг үнэн зөв шийдэх гэсэн хүсэл байгаа болохоос ямар нэг байдлаар хууль буруу ашиглах зүйл байхгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулийн дагуу шийдвэр гаргана" гэсэн тайлбарыг өгсөн юм. Ингээд шүүгчид зөвлөлдөж, Б.Цогт шүүгчийг шүүх хуралдаанаас гаргах үндэслэл байхгүй учраас хүсэлтийг хүчингүй болгон шүүх хуралдаан хаалттай  үргэлжлүүлэв.

2021.05.14 11.30 цаг

Шүүх шийдвэрээ танилцуулав

Шүүх хуралдаанаас шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн гуравдугаар шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцааж шийдвэрлэв. Хэргийг прокурорт очтол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэж, Ц.Амгаланбаатар нь өөр хэрэгт хорих ял шийтгүүлсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байгааг дурдлаа.

2021.05.14 14.30 цаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллаж байх үеэр нь Улсын Дээд шүүхийн шийдвэртэй холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улсын Дээд шүүхийн шийдвэрийн талаар би мэдээлэл авлаа.  Монгол Улсад цаашид хүнийг эрүүдэн шүүдэггүй, хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэн ч ял завшдаггүй байгаасай. Шүүхийн алдаа завхрал, шүүх, хууль хяналтынхны зүгээс улстөрчид, уул уурхайнхантай хэт хэлхэлдсэн өнгөрсөн арав орчим жилийн ялзралын дээд цэг нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудлаар шийдэгдэж, ёроолдоо унаж байна уу даа гэж харж байна. “Үүнээс цаашхи шүүх, прокурор, тагнуул, цагдаагийн байгууллагынхан ийм зүйл битгий хийгээсэй. Б.Хурц, Б.Баасанцогт нар шиг хүмүүс дахиж битгий төрөөсэй” гэлээ.

2021.05.14 18.00 цаг

401 дүгээр ангиас суллав

ШШГЕГ-ын харъяа 401 дүгээр хаалттай хорих ангиас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргалаа. Энэ үеэр Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат “Зүгээр явж байсан хоёр хүнийг зургаан жил хорьсон нь Монголын эмгэнэл. Энэ хэргийн материал удахгүй ил болох болов уу.  Энэ хүмүүс одоо нийгэмшихэд хугацаа хэрэгтэй. Хэдий дүүг маань батлан даалтад гаргасан ч манай гэр бүлд энэ үйл явдал хар толбо болон үлдэнэ. Бид маш их гомдолтой байна. Тэд энэ хэргийг үйлдээгүй нь ил боллоо” гэв.

2021.05.14

Б.Энхбаяр: Захиалагчид баригдаагүй байгаа шүү дээ

Энэ үйл явдалтай холбоотойгоор олон хүн байр сууриа илэрхийлсний нэг нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр.  Тэрээр “С.Зоригийн амь насыг, мөн нэг гэр бүлийн гишүүдийг галдан шатааж бүрэлгэсэн гэмт хэрэг үйлдэж, гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Чимгээ, Содномдаржаа нарын ял шийтгэсэн хэргийг дахин мөрдөн байцаалт хийлгэхээр болжээ.  Шүүх тэднийг “алуурчид” биш гэж хэлсэнгүй. Дахиж “0”-с нь эхэлж хууль зөрчилгүй шалга гэв.  Алуурчин байсан ч хэнийг ч эрүүдэн шүүж болохгүйг нотлов. Хууль, хүний үндсэн эрхийг зөрчиж хэнд ч болов эрүү шүүлт тулгаж болохгүйг хууль чангаар хэлэв. Батлан даалтад байх хугацаанд тэдний амь нас, халдашгүй байдалд онцгой анхаарах ёстойг дахин сануулья. Захиалагчид баригдаагүй байгаа шүү дээ” гэжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.Сайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.